БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ардын Засгийн Газар, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хөгжлийн комисс, олон улсын наран цэцгийн нийгэмлэг, БНХАУ-ын хүнсний аж үйлдвэрийн нийгэмлэг, БНХАУ-ын амуу будаа хүнсний тосны нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “Дэлхийн Наран Цэцгийн салбарын хөгжлийн форум, Олон улсын наранцэцгийн Соёл жуулчлалын Наадам” 2018 оны 8-р сарын 8 -18 ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Баяннуур хотод зохион байгуулагдаж байна.

2018 оны 8-р сарын 8-ны өдрийн баяр наадмын нээлтийн ёслолд Монголын талаас ХХАҮЯ-ны ТНБдарга Д.Энхбат тэргүүтэй яамны төлөөлөл, БОАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Г.Оюунгэрэл, ТББ-ын төлөөлөл болж МХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш болон зарим орон нутгийн төлөөлөл, Монголын ХХАА-ын ассоциацийн удирдлагууд, МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Ч.Хонгорзул нар оролцлоо.

Наадмын хөтөлбөрт наран цэцгийн салбарын хөгжлийн олон улсын форум, Бортохойн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний семинар, үзэсгэлэн худалдаа  зэрэг үйл ажиллагаанд гадаадын 12 орноос төлөөлөгчид оролцож байна.

ӨМӨЗО-ны Баяннуур хот нь үржил шимтэй хөрс, нэн таатай цаг агаар, ашигт малтмалаараа БНХАУ-даа алдартай төдигүй, органик бүтээгдэхүүн нь өндөр зэрэглэлтэйгээр худалдаалагддаг байна.

Баяннуур орчим хятадын хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангалтын бүтцийн өөрчилж хөгжүүлэх, бүс нутгийн бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож, олон улсын наран цэцгийн салбарын солилцоог эрчимжүүлэх, Бортохойн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх, улс орныг хамарсан өндөр зэрэглэлийн, ногоон, органик ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулан гаргаж, суурин газрыг бүтээн байгуулахаар зорьж байна.

Наранцэцэгийн наадмын нээлтийн дараа монголын төлөөлөгчдийг Баяннуур хотын бүтээн байгуулалт, хөгжлийг харуулсан хэд хэдэн газрын үйл ажиллагаатай танилцууллаа. Тухайлбал: Ү Юань Шены Бортохой цахим худалдааны парк, ХАА-ын интеграци хөгжлийн жишиг үзүүлэх бүс, Хятадын хамгийн аз жаргалтай тосгоноор өргөмжлөгдсөн наран энергийн тосгон, хүнсний бүтээгдэхүүн, ноолуурын үйлдвэр, Хао Тун орчин үеийн тариалан, аялал жуулчлалын парктай танилцлаа.

Монголын төлөөлөгчид Бортохойн аж ахуйн туршлагатай танилцах явцад Баяннуур хотын удирдлага хүлээн авч уулзан, цаашид хоёр орны болон бүс нутгийн хэмжээнд ХАА, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Эдгээр саналуудыг тусган хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.