Азийн Хөгжлийн Банкнаас (АХБ) Иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) чадавхи бэхжүүлэх сургалтыг 2018 оны 8-р сарын 28 болон 29-ний өдрүүд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь оролцогчдын АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй хөгжлийн үйл ажиллагааны хүрээнд АХБ, зөвлөх баг, түнш байгууллагуудтай харилцах чадварыг сайжруулах, туршлагыг өргөжүүлэхэд чиглэсэн. Сургалтанд монголын ИНБ-дын төлөөлөл болсон 50-60 оролцогчид хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтаар оролцогчид  АХБ-ны хөгжлийн дэмжлэг, тусламжийн зорилго, чиглэл, баримтлах бодлого, Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөгжлийн үйл ажиллагааны голлох зорилго, зорилтууд болон тэргүүлэх чиглэлүүдийн талаар мөн нийгмийн хөгжилд Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хувь нэмэр , АХБ-ны бодлого, улс орны хөтөлбөр боловсруулах болон төсөл, хөтөлбөрийн түвшинд Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд , АХБ-ны худалдан авах ажиллагааны зарчим, үйл явц, АХБ-ны үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зарчим болон нэмэлт буюу дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтийг хэрхэн гаргах, АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөр, төслүүдийн мэдээллийн эх сурвалжтай танилцлаа.

 

 

 

 

 

АХБ-наас 2017-2019 онд Монгол Улсын Засгийн Газраас онцгой ач холбогдол өгч буй ногоон хөгжлийг хангах, байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглахад чиглэсэн зээл,буцалтгүй тусламж, техник туслалцааны төслүүдээр дамжуулан байгаль орчны салбарт үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлэхээр ажиллаж байна. АХБ-наас 2019-2021 онд Монголын ХАА, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрүүдэд 24-29% хүртэлх туслалцааг үзүүлэх юм байна. Энэ нь бусад салбаруудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

 

 

 

 

 

Азийн Хөгжлийн Банкнаас (АХБ) Монгол Улстай түншлэх стратегийн өөр нэг гол чиглэл нь улс орны хөгжлийн үйл ажиллагаанд Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэх юм байна. Тус банкнаас 2030 он хүртэл байгууллагын стратегиа боловсруулж батлахдаа ТББ-тай хамтран ажиллах бодлогоо тодорхойлсон. Гол зорилго нь АХБ-наас үзүүлэх үйлчилгээний үр дүн, чанарыг сайжруулахад ИНБ-тай хамтран ажиллахаар боллоо.

АХБ-ны Монгол дахь төлөөлөгчийн газраас  ИНБ-дад зориулсан сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын зүгээс арга хэмжээний үеэр өргөн цар хүрээтэй, хэрэгцээтэй  мэдлэг мэдээллээр хангасан, илүү үр дүнтэй сургалт болсоныг онцоллоо.