БАЙГАЛЬ ОРЧНЫ БАГЦ ХУУЛИЙН ХИЙДЭЛ, ДАВХАРДАЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

0
174

2018 оны 9-р сарын 19-ны өдөр БОАЖЯ-наас байгаль орчны багц хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслийн хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 6 сарын хугацаатай ажиллаж, салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран амжилттай гүйцэтгэсний үр дүнд ажлын хэсгийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Амьтны тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдлийг тогтоож, нэгтгэсэн байсан байна.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон  хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны хуулийн хэлтсээс зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар ажиллаж, хуулийн төслийн ажлын хэсгийн мэргэжилтэнүүд, МБОИЗ-ийн Удирдах Зөвлөл, Ногоон Парламентын тэргүүлэгч гишүүд болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 

 

 

 

 

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт Амьтаны тухай хууль, ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлсийн гадаад худалдааг зохицуулах тухай, байгалийн ургамлын тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, агаарын тухай, агаарын бохирдлын төлбөрийн тухай, химийн хорт болон аюултай бодисын тухай, хувиргасан амьд организмын тухай, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх 11 хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг үдээс өмнө хэлэлцлээ.

Үдээс хойш тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг оролцогчдод танилцуулж, асуулт хариултын хэлбэрээр саналыг авлаа.

Оролцогчдын зүгээс хууль тус бүрт оруулж буй найруулгын болон концепцийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй тодруулга авлаа. Мөн хуулийн ажлын хэсэг байгаль орчны багц хуулиудад нэлээн дэвшилтэт өөрчлөлтүүд оруулах төсөл санаачилж ажилласныг оролцогчдын зүгээс сайшаасан бол БОАЖ-ын сайдын хуулийн зөвлөхийн үзэж байгаагаар салбар дундын уялдааг хангах тал дээр нэмж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

МБОИЗ-ийн хувьд БОАЖЯ-наас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу Удирдах зөвлөл, Ногоон Парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Амьтаны тухай хуулийн төсөлд оруулахаа саналаа 2018 оны 4-р сард бичгээр хүргүүлж байсан.