“АМЬСГАЛАХ ЭРХ” ТӨСЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

0
261

Европын Холбооны санхүүжилттэй 2018-2019 онд хэрэгжих “Амьсгалах Эрх Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох төслийн хүрээнд олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан сургалт юм.

Уг сургалтаар Монгол Улсын хот, суурин газрын агаарын бохирдлын нөхцөл байдал, агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээллийг хүртээмжтэй болгох, мэдлэг ойлголт өгөх, хяналтын системийг сайжруулан бэхжүүлэхээр зорьж байна.

 

 

 

 

 

Энэхүү сургалтыг “Амьсгалах эрх” төслийн хамтрагч байгууллага Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбооноос 2018 оны 10 дугаар сарын 15-17 ны  өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулан, байгаль орчны төдийгүй хууль эрхзүй, хяналт мониторинг, хүний эрхийн чиглэлээр ажилладаг туршлагатай Иргэний Нийгмийн Байгууллагын 90 гаруй төлөөллийг хамрууллаа.

Оролцогчид уг сургалтаар агаарын бохирдлын тухай суурь ойлголтуудыг олж авч, бохирдол үүсгэгч эх үүсвэрүүд, шалтгаан болон улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо.

 

 

 

 

 

Түүнчлэн оролцогчдын хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаарын бохирдлоос өөрийгөө болон бусдыг хамгаалах арга замуудад суралцан, гадаадын олон улсын туршлагуудтай танилцлаа. Сургалтанд МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ, байгалийн ухааны доктор, судлаач Д.Ичинхорлоо, Агаарын Бохирдлын Үндэсний Хорооны ажлын албаны мэргэжилтэн Л.Гүнбилэг, Удирдлагын академийн багш В.Удвал, АУШУИС-ийн доктор Г.Мандухай гэх мэт агаарын бохирдлын талаар судалгаа хийдэг эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, зөвлөхүүд тодорхой судалгаануудад үндэслэсэн, сүүлийн үеийн туршлага, мэдлэг мэдээллээсээ оролцогчидтой хуваалцлаа.

Тухайлбал Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2011 оноос хойш хийгдсэн судалгаа, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн эмхэтгэлд мэдээллийг нээлттэй болгосноор төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн хүрээнд олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, дадал хандлагыг өөрчлөх, инновацийг нэвтрүүлэх ажлыг илүү хяналттай, зохион байгуулалттай болгож агаар орчны бохирдлыг бууруулах ажлуудын үр дүн, нөлөөлөл, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой гаргах, цаашид хэрэгжүүлэх бодлого боловсруулах, төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх, оновчлох хэрэгцээ байгааг дүгнэжээ.

Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээс гадна агаарын бохирдолтой тэмцэх, урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллага, хувь хүний оролцоо, ухамсар, амьдралын зөв дадал хандлага чухал болохыг сургагч багш нар онцлоод илүү мэргэжлийн талаас нь асуудалд хандахыг зөвлөлөө.

 

 

 

 

 

Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдаж, хэрэгжэээд багагүй хугацаа өнгөрсөн сацуу иргэд, оролцогч талуудын оролцоо, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцоо, хэрэгжилт төдийлөн хангалттай бус байгааг илтгэлүүдээс харж болохоор байна. Иймд  “Амьсгалах эрх” төслийг хэрэгжүүлэх, илүү үр дүнтэй болгох бодит шаардлага байгаа нь сургалтаар харагдлаа.