ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

0
298

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хуульзүй, Дотоод Хэргийн Яамнаас (ХЗДХЯ) ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН төслийг Иргэний Нийгмийн байгууллагуудын 100 гаруй төлөөллийг оролцуулан хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, ХЗДХЯ-ны  Хууль,  зүйн бодлогын газрын мэргэжилтэн Д.Саруул нар удирдлаа.

 

 

 

 

 

Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор сайн дураар байгуулагдан, нийтлэг эрх ашиг, үнэт зүйлсийн төлөө төр, бизнесийн үйл ажиллагаанаас гадуур үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус зорилго бүхий байгууллагын зохион байгуулалт, түүнд тавигдах шаардлага, бүртгэл, санхүүжилт, эрх, үүргийг тодорхойлсон Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд батлан мөрдүүлсэн.

Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойших 20 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагуудын (цаашид ТББ гэх) үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсан байна.

Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын байгууллагын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасны дагуу төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талбар болох иргэний нийгмийг улс орны хөгжлийн нэг чухал түнш, хамтран оролцогч хэлбэрээр дэмжих шаардлагатай байна.Гэвч Төрийн бус байгууллагын тухай хуульд 1998-2016 оны хооронд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бус харин салбарын бусад хуулиуд шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байна.

 

 

 

 

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр 1998 онд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2018 онд 18000 болж өссөн байна. 2017 оны Статистикийн ерөнхий газрын мэдээлэлд улсын бүртгэлд бүртгүүлсэн ТББ-ын дийлэнх хувь нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд ТББ-ыг дэмжсэн тогтвортой хэрэгжүүлэх санхүүжилтийн орчин бүрдэж чадаагүйн улмаас Монголын иргэний нийгмийн байгууллагууд нь санхүүгийн эх үүсвэрээр дутагдаж ирсэн. 2017 оны байдлаар нийт ТББ-ын 86% нь нийгэмд үйлчилдэг ТББ (цаашид НҮТББ), үлдсэн 14% нь гишүүддээ үйлчилдэг ТББ ( цаашид ГҮТББ) байна. улсын хэмжээнд бүртгэгдсэн

Үүнээс гадна төрийн бус байгууллагатай холбоотой эрх зүйн зохицуулалтын хүрээнд хөндөгдөж байгаа нэг багц асуудал нь ТББ-д үзүүлэх төрийн дэмжлэг бөгөөд гол хэлбэр нь төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх болон тэдгээрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нийтэд тустай буюу онцгой шаардлагатай хэсгийг тодорхой татвар, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах, төрөөс татаас олгох хэлбэрээр дэмжих зохицуулалт юм.

Мөн ТББ-ын хэлбэр, үйл ажиллагааны онцлогт тулгуурласан судалгаа мэдээллийн цогц тогтолцоогүй тул иргэний нийгмийн, тэр дундаа төрийн бус байгууллагын хөгжилд оруулж буй эдийн засгийн болон бусад хувь нэмрийг ойлгох, тодорхойлох, үнэлэх боломжгүй, хангалттай мэдээллийн сан, статистик мэдээллийн тогтолцоо бүрдэхгүй байна. Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль болгон зохицуулалтыг өргөжүүлэн шинэчлэн найруулах үзэл баримтлалыг тодорхойлсон болно.

Хуулийн төсөлтэй ХЗДХЯ-ны албан ёсны цахим хуудаснаас дараах холбоосоор орж танилцан, 2018 оны 10 дугаар сарын 29-ны дотор саналаа хүргүүлнэ үү. http://mojha.gov.mn/images/files/huuliintusul/2018/TBB-huuliin-tusul.pdf