2018 ОНЫ ШИЛДЭГ САЙН ДУРЫН ҮЙЛСТЭНЭЭР МБОИЗ-ИЙН ГИШҮҮДЭЭС ТОДОРЛОО

0
643

Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ (СДБС)-ээс “Оны шилдэг сайн дурын үйлс шалгаруулах” ёслолыг 11-дэх жилдээ зохион байгуулж нийт сайн дурынхан, сайн дурын байгууллагууддаа талархлаа илэрхийлж, тэдний нийгэмд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцолдог уламжлалтай. “2018 оны шилдэг сайн дурын үйлс шалгаруулах ёслол”-ын үйл ажиллагаа нь Монголын сайн дурын үйл ажиллагааны хөгжилд зохих хувь нэмэр оруулж буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн ажлыг дэмжиж, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх, сурталчилах, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хамт олон, хувь хүмүүст сайн дурын үйл ажиллагааны талаар ойлголт өгөх, цаашид энэ чиглэлд олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эхлэл болдгоороо онцлог юм.

Сайн үйлсийн 2018 оны шилдгүүдээр 2018 оны Шилдэг сайн дурын үйл ажиллагаа номинацид “Бүгдээрээ эрүүл байцгаая” сайн үйлсийн аян /Халуун сэтгэл in Japan ТББ /, 2018 оны Шилдэг сайн дурын байгууллагаар  Монголын улаан загалмай нийгэмлэг, 2018 оны Шилдэг сайн дурын ажилтанаар С.Баярсайхан /Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төв/, 2018 оны Шилдэг сайн дурын зүтгэлтэнээр А.Оюунчимэг / Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан ТББ /, 2018 оны Шилдэг залуу сайн дурын ажилтанаар Б.Мөнхжин /Монголын улаан загалмай нийгэмлэг/, 2018 оны Шилдэг дэмжигч байгууллагаар Дэлхийн зөн ОУБ, Нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагааны хөгжилд оруулж буй хувь нэмэр, сайн үйлсээрээ манлайллаа. 

Ёслолын ажиллагаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас 300 гаруй сайн дурынхан, шилдгүүд хүрэлцэн ирж, 2018 онд сайн дурынхан хийж бүтээсэн зүйлсээ баяртайгаар хуваалцлаа.

Энэ жил “Оны шилдэг сайн дурын үйлс” шалгаруулах ёслолд  нэр дэвшигчдээс байгаль орчны салбарт он удаан жил сэтгэл зүрх, мэдлэг, чадвараа зориулсан хүмүүсийг онцолж ажил үйлсийг нь үнэллээ.

Шилдэг сайн дурын ажилтанаар шалгарсан С.Баярсайхан  болон Шилдэг сайн дурын зүтгэлтэнээр тодорсон А.Оюунчимэг нар нь МБОИЗ-ийн гишүүд бөгөөд ийнхүү байгаль орчноо хамгаалахад оруулсан хувь нэмэр, хөдөлмөрөө үнэлүүлж цаашид улам ихийг хийх итгэлээр урамшлаа.

С.Баярсайхан, А.Оюунчимэг нартаа амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт бүтээлийг хамт олных нь өмнөөс хүсэн ерөөж байна!