Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын захирагч С.Амарсайхан “Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хамтаар гэр хорооллын дунд, гудамж талбайд цугларсан хур хогийг зөөж, цэвэрлэх үүрэг өглөө.
Тэрбээр “Албан тушаалтнууд шат шатандаа хариуцлагатай ажилламаар байна. Дүүргүүдэд явж ажиллахад гудамж талбай хогондоо дарагдсан, энд тэнд хур хогийн цэг үүссэн байдалтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлаа гудамж талбайгаараа явж ажлаа хийх хэрэгтэй. Тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан, эсвэл хавар намрын их цэвэрлэгээ хийх байдлаар хог цэвэрлэгээний асуудалд ханддаг биш, өдөр бүр амьдарч буй газар орчмоо цэвэрлэж хэвших ёстой. Дүүргийн дарга нар цэвэрлэгээ, ТҮК-ийн компаниудын ажлыг шахаж, хяналтаа тавьж ажилла. 2020 оныг стандарттай жил болгон зарласан ч хогондоо дарагдсан байна. Хогоо цэвэрлэж чадахгүй байж бид стандарт ярих боломжгүй. Тиймээс өнөөдрөөс эхэлж Захирагчийн ажлын алба, дүүрэг хороодын Засаг дарга нар, ТҮК-ын удирдлагуудтай хамтарч төвийн зургаан дүүргээр явж ажилла. Цэвэрлэгээний компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажилла” хэмээн үүрэг өгөв.
Мөн Туул гол дагуух барилгажаагүй газрын судалгааг гаргаж, Улаанбаатар ногоон парк байгуулах чиглэлээр зураг төсөл гаргах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх чиглэлийг ЗАА, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дарга нарт өглөө. Ногоон парк байгуулах ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх аж.
Түүнчлэн Улаанбаатар хотын “Эдийн засгийн форум-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, “Сургуулийн автобус”-ны өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах, Налайхын авто зам дагуух тэмдэг тэмдэглээг шинэчлэх, хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, холбогпох арга хэмжээг авч ажиллах, хашаа хайсыг засварлаж янзлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мэдээллийн эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс