Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын гол зорилго нь ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ахиц дэвшлийг бүс нутагт таниулахад чиглэгдэж байгаа юм.

Гамшгийн эрсдлийг бууруулах азийн сайд нарын бага хурлын “Гамшгийн аюулыг даван туулах чадварыг дээшлүүлэх, сэргээн босгох үйл ажиллагааг сайжруулах”, “Ус ба гамшгийн эрсдлийн менежмент” болон “Ойн түймрээс үүдэн гарах гамшиг” гэсэн гурван нарийвчилсан сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд боллоо.

 “Ойн түймрээс үүдэн гарах гамшиг” салбар хуралдааныг БОАЖЯ, UN-REDD үндэсний хөтөлбөр, НҮБ-ийн ХХАА-н байгууллага, Дэлхийн гал түймрийн мониторингийн төв (GFMC) хамтран 2018 оны 7-р сарын 4-ны 16:30-19:00 цагийн хооронд Шангрила зочид буудлын Москва танхимд зохион байгууллаа.

“Ойн түймрээс үүдэн гарах гамшиг” салбар хуралдаанд дотоод гадаадын илтгэгчид мэдээлэл хүргэж, оролцогчдын асуултанд хариуллаа.

НҮБ-ийн ХХАА-н байгууллагыг төлөөлж ноён Peter Moore “Бүс нутгийн хэмжээ дэх гал түмрийн эрсдлийн удирдлага” сэдвээр, Дэлхийн гал түймрийн мониторингийн төв (GFMC)-ийн ноён Johann Georg “Азийн орнууд болон дэлхийд гал түмрийн гамшгийн менежментийг боловсруулахад тулгамдаж буй асуудлууд болон хөгжил дэвшил” сэдвээр, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Монгол Улс болон Азиийн орнуудын гал түймрийн үед авч хэрэгжүүлэх бодлого” илтгэл,  UN-REDD үндэсний хөтөлбөрийн Б.Хишигжаргал “UN-REDD үндэсний хөтөлбөрийн гал түймрийн гамшгийн эрсдэл” , Индонези Улсын төлөөлөл “Ширэнгэн ойн гал түймрийн үед тулгамддаг асуудлууд” сэдвүүдийг хөндөж ярилцлаа.

Ази, Номхон далайн бүс нутаг бол дэлхий дээр хамгийн бага ойн сантай бүс нутагт тооцогддог бөгөөд нийт газар нутгийнхаа 26%-д ойн бүрхүүлтэй буюу 740 сая га талбайг хамарч байна. Энэхүү бүс нутагт дэлхийн хүн амын 55% амьдардаг хэдий ч нийт ойн сангийн 18,6% ноогдож байна. Ази Номхон далайн бүс нутаг бол нийгэм-эдийн засгийн хурдацтай  өөрчлөлтөнд өртөж, мод, модон бүтээгдэхүүнийг үйлчилгээний салбарт илүү ашиглах болж, ой модны эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.  Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүн нь бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн түвшинд нөлөөлж, шаардлагатай хөрөнгө оруулалт дутагдалтайгаас  урт удаан хуцаанд тогтвортой хөгжих боломжоор хангагдахгүй байна.  Ойн салбар хөгжихөд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал, дэд бүтэц, зам, газар ашиглалтын зориулалтыг өөрчлөгдөх, хүн ба ан амьтаны зөрчилдөөн нэмэгдэх, мод, модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх зэрэг юм. Улмаар ой модны гал түймрийн тоо нэмэгдэх, хөрсний нуралт, эвдрэл, халдварт өвчин, тахал дэгдэх, үер ус нэмэгдэх,  ган гачиг нүүрлэх, хүчтэй шуурга дэгдэх, хүмүүс олноор шилжилт хөдөлгөөн хийх зэрэг нь  ой мод сийрэгжих болон бусад зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсэхэд нөлөөлж байна. Эдгээр гамшигт байдлууд нэмэгдэж байгаа нь ойн санд шууд нөлөөлөхгүй ч дам байдлаар ой мод үхжих, ургамал ногоон бүрхүүл устах, гадны нөлөөнд нэрвэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Ой модонд учирч буй хамгийн том эрсдэл бол гал түймэр юм. Гал түймрээс үүдэлтэй шууд нөлөөнөөс гадна ойг нөхөн сэргээх, бичил цаг уур үүсэх, хөрсний доройтол, элэгдэл, ургамал биологийн төрөл зүйл устах зэрэг дам нөлөөтэй. Иймд ой мод, байгаль орчиноо ашиглахад гал түймрийн талаарх орон нутгийн иргэд, олон нийтийн уламжлалт ойлголтыг мэдсэнээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицох менежментийг боловсруулах юм.

Дэлхийн ой модны нөөцийн үнэлгээний байгууллага FRA-ын 2010 оны судалгаагаар жил бүр дэлхийн ойн 1% нь гал түймэрт өртөж байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Дэлхийн Гал түймрийн дэглэлтийн мэдээллийн сан GFED дэлхий дээрх гарч буй галт түмрийн голомтууд, тоог сансарын төхөөрөмжөөр хянаж байдаг. Тоног төхөөрөмийн хүрэлцээ муу, газар нутгийн хэмжээ том учраас Ази тивийн  мэдээлэл бүрэн гарахад хүндрэлтэй байдаг. 2015 оны байдлаар нийт 54 сая га газар нутаг хамарсан 670 мянган гал түймрийн голомтыг бүртгэсэн байна.