Ноён уулын асуудал “ногоон терроризм” уу?

0
1299

  “Ноён уулын эргэн тойронд” нэртэй нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Иргэний танхимаас хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан явуулж, Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, иргэний нийгмийн төлөөлөл, ШУА, Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Сентерра гоулд Монголиа ХХК-ийн удирдлагууд  оролцсон юм. Таван талын төлөөлөл оролцож байгааг хурал даргалагч танилцуулсан бөгөөд хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өрнөсөн юм.

Сүүлийн сарын турш өдөр бүр шахам хөндөгдөж яригдаж буй Ноён уулын асуудлыг олон нийтэд ил тод мэдээлэх, талууд ойлголцолд хүрэх бодит байдлыг үнэн зөвөөр сонсоход энэ удаагийн хэлэлцүүлэг чиглэсэн гэж хэлж болохоор байлаа. Хэлэлцүүлгийн эхэнд Ноён уулын Сүжигтийн аманд Сентерра гоулд Монголиа ХХК-ийн лиценз бүхий Гацууртын ордын талаарх танилцуулгыг хийсэн юм. Талуудын байр суурийг сийрүүлэн хүргэе.

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:

-Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн мандал суманд байдаг. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Сентерра гоулд Монголиа ХХК нь Бороогийн алтны ордыг ашиглаж, баяжуулах үйлдьэрлэл явуулдаг юм. Хамгийн сүүлд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл  /ТЭЗҮ/-ээр Гацууртын ордоос 50 тонн алт олборлож, Бороогийн үйлдвэртээ баяжуулахаар тусгасан. Түүх сөхвөл Гацууртын ордын алтны шороон ордыг 1991 онд илрүүлсэн байдаг. 1998 оноос Кастадиа майнинг компани үндсэн ордыг нээсэн байдаг. Үндсэн орд шороон ордын гүнд байрлаж байгаа. Анхны ТЭЗҮ-г 2005 онд хийж байсан бол 2007 онд  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл/ЭБМЗ/ хүлээн авч, 2008 онд баталсан. Хамгийн сүүлийн ТЭЗҮ-д тусгаснаар тус ордод 17,1 сая тонн хүдэр, 50 тонн алттай гэж тогтоосон. Энэ төслийг хэрэгжүүлснээр гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж,  659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. Татвар хураамжаас гадна 352,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахюм. Улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц үр ашигтай орд тул стратегийн орд газарт хамруулах саналыг Уул уурхайн яам, Засгийн газраас гаргаж, өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас баталсан.  Гацууртын ордын 20 хувийг Засгийн газар эзэмшихээр санал оруулсан ч УИХ-аас буцаасан.

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид:

– Өнөөдөр Монголын төр Ноён уулаа ухах хүртлээ ядуурсан хэрэг үү гэвэл үгүй юмаа. Төрийн эрхэнд гарсан хүмүүс Монголын газар шороог худалдаж, идэж ууж, их өвөг дээдсийнхээ алтан шарилыг хөндөх дээрээ тулж байгаад харамсаж байна. Эцэг өвгөдийн маань сүнс гомдож байна, миний сэтгэл өвдөж байна. /уйлав/ Ноён уулын булш бунханаас олдсон зүйл Эрмитажийн музейд хадгалагдаж байхад нутагтаа байгаа бунханыг нь бид хөндөж байгаа нь харамсалтай.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү:

-Манай Мандал сум 27 мянган хүн амтай. Хотын дайтай том сум гэж хэлж болно. Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрхзүйн азтуудад орон нтугийн байр суурийг орхигдуулснас болоод , Сентерра гоулд Монголиа ХХК-ийнхан бидэнтэй огт уулзаагүй. Иргэдэд ч тайлбар таниулга хийгээгүй. Үүнээс болж үл ойлголцол үүсч байхыг үгүйсгэхгүй. Компанийн удирдлагууддтай биечилж уулзахаар Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг харж байж шийднэ гэж хэлдэг.

Бороо гоулд ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Оргодол:

-Гацуурт төслийн  олборлох талбай нь Ноён уулаас 4,6 км, Хүннүгийн булш бунханаас 7,5 км-ийн зайд оршиж байгаа. Археологийн судалгааг хоёр удаа үе шаттайгаар хийхэд Гацууртын ордын ашиглах талбайд эртний булш бунхан тогтоогдоогүй. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхийн тулд манай компани нийтдээ 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.  Жилд 1750 сая тонн хүдэр боловсруулна. Эл орд жилийн турш, өдөр шөнөгүй ажиллана.

Сентерра гоулд Монголиа ХХК-ийн захирал Д. Сандаг:

-Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад усмдын дарга нар үүнийг мэднэ. Ц.Эрдэнэхүү дарга ч үүнийг батлах байх. Гагцхүү Гацууртын ордыг тухайлан ярилцаагүй өнөөг хүрсэн нь учиртай. Уг төслийг нөөц 2007 онд, ТЭЗҮ 2008 онд батлагдаад явж байтал, 2009 онд “Урт нэрт” хууль гараад төслийн ажил зогссон. Гацууртын орд ойн сав газарт оршиж буй учир төслөө 2012 он хүртэл зогсоосон. Урт нэрт хуульд хамрагдах нь тодорхой болсон учир төслөө сурталчлаад байж болохгүй байсан. Нөгөөтэйгүүр ТЭЗҮ, нөөцийг дахин боловсруулах шаардлагатай болсон. Ингээд 2014 оны эцсээр ТЭЗҮ батлагдаж, 2015 оны эхээр Гацууртын орыдн стратегийн ордод хамруулсан шийдвэр гарлаа шүү дээ. Одоо л дөнгөж бүх зйүл тодорхой болж байгаа гэсэн үг. Тиймээс энэ бүх шийдвэр төр засгийн төвшинд гарсны дараа төслөө хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэрийн ашиг олох, түүнээс хэдийг нь орон нутагт зориулах вэ гэдгээ танилцуулна. Ийм л учиртай өнөөдрийг хүртэл хүлээгдсэн хэрэг.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Батчимэг:

-Бороо гоулд компани нь 2002-2013 оны хооронд нийт 11 төрлийн татварт 263 тэрбум 490,5 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс  аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 150 тэрбум 420 сая төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт  73 тэрбум 773,8 сая төгрөг төлсөн. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц төлбөрт  2626,4 сая төгрөг, алтны албан татварт 5376,5 сая төгрөгийн татвар төлжээ. Дээр нь ус ашигласны, газрын төлбөр, авто тээврийн албан татвар, буу, үл хөдлөх хөрөнгийн татвар гэхчилэн 10 гаруй нэр төрлийн татвар төлсөн байдаг. Тус компани 91 тэрбум 165,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж, НӨАТ-аар 51 тэрбус 242 сая төгрөгийг буцаан суутгасан байна.

ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очир:

-Ноён уул Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумыг дамнан оршдог том нуруу юм. Хүннүгийн үеийн түүхэн дурсгалт газар нь Ноён уулын Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван аманд оршдог. Анх 1912 онд эл дурсгалт газрыг илрүүлсэн байдаг. 1924-1925 онд алдарт судлаач, аялагч Козлов тэргүүтэй хүмүүс судалсан байдаг. 50-60 оны үед үндэсний судлаачид, 2006-2012 онд Монгол Оросын судлаачдын хамтарсан баг Хүннүгийн үеийн булш бунхан дурсгалыг нарийвчлан судалсан. Дээр дурдсан гурван аманд нийтдээ 230 булш бунхан дурсгал бий. Хүннүгээс гадна хүрэл зэвсгийн үеийн дурсгалыг нэмэхээр нийтдээ 374 дурсгал Ноён уулын бүсэд бий.

2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн дурсгалт газрын хилийн бүсийг тогтоож, Засгийн газар баталгаажуулсан. 2014 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.  Археологичид булш бунханыг тодруулахын тулд малтлага хийж илрүүлсэн. Огт хөндөхгүйгээр археологийн дурсгалыг илрүүлэх аргагүй.  Гацууртын ордын хувьд хамгийн ойрхон дурсгал нь Сүжигтийн амны дурсгал байгаа. Сүжигтийн амны тэрхүү дурсгалт газар Сентерра гоулдын талбайгаас 5,8 км-т оршдог. Харин олборлолтын цэг хүртэл 11 км.

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин:

-2005 оны арванхоёрдугаар сард Мандал сумын ИТХ-аас Ноён уулын 31 мянган га талбайг тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ шийдвэрийг хөндөх, өөрчлөх эрх Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэнд чбайхгүй. Гэтэл тэр үеэс хойш хичнээн их хууль бус ажиллагаа явуулсныг дээрх хүмүүс хэллээ.  2009 онд авсан фото зургийг 2014 онд авсан зурагтай нь авчирлаа. Энэ хугацаанд ямар олон мод огтолсон нь зургаас харагдана. Урт нэрт хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоосон гээд байгаа ч мод бутыг нь огтолсон нь зурагнаас харагдаж байгаа. Нөгөөтэйгүүр олборлолтоос сульфиттай чулуулаг гаргахаар байгаа. Олборлолтын явцад борооны усаар дамжин сульфит гэх хорт бодис Гацууртын гол руу орох магадлалтай. Цаашлаад Хараа, Ерөөгөөр дамжин Байгаль нуурт хүрэх юм бол Ноён уулын олборлолт “ногоон терроризм” болох магадлалтай. Тиймээс олборлолтыг болих хэрэгтэй.

Талууд ийн санал бодлоо илэрхийлэв. Иргэний танхимд хүрэлцэн ирсэн зочдын зүгээс ч Ноён уулын асуудлыг өөр өөрийн өнцгөөс тайлбарлахыг оролдов. МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав энэ асуудлыг өмчийн тухай хууль, тэр дундаа нийтийн өмчийн тухай хуульгүйгээс ийм байдалд хүрсэн гэсэн бол Иргэдийн Алъянс төвийн тэргүүн Ж.Занаа төрийн байгууллага хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой, Үндсэн хуулиа зөрчиж байгаатай холбон тайлбарлалаа.

Ямартай ч нээлттэй хэлэлцүүлэг асуудлыг тал талаас нь харж, маргалдагч талуудын аль алиных нь санаа бодлыг сонсох гэсэн зорилгодоо хүрэв бололтой. Хэлэлцүүлэгт Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн оролцсон болохоор ээдрээтэй асуултын хариуг илүү нарийвчлан гаргаж ирэх биз ээ. Босоо хөх Монгол байгууллага болон байгаль орчны иргэний зөвлөлийн зүгээс хөндөн тавьсан сульфитын аюул болон мөнх цэвдэгт нөлөөлж, түүнээс болж гол мөрөн ширгэх аюултай эсэхийг нарийвчлан судлахаа Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга амласан. Гацууртын ордын ашиглаж буй талбайн доор газрын гүнд  түүхийн дурсгал байж болзошгүй гэсэн таамаглалыг хариуг ч өгнө гэдгээ дэд сайд хэлсэн.

Д.ЦЭЭПИЛ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here