ӨӨРИЙГӨӨ АЮУЛТАЙ БАЙДАЛД ОРОХООС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
“Оюу толгой” ХХК-ны Гэнэтийн ослын үед хариу үзүүлэх багаас дараах зөвлөмжийг өгч байна!!! Ой хээрийн түймэрт сайн дураараа явж буй иргэдэд өгөх зөвлөмж. Юуны өмнө эх орныхоо төлөө иргэний үүргээ биелүүлж сайн дураараа ой хээрийн түймэрт явж буй иргэдэд дахин дахин талархал илэрхийлэе. Та бүхэнд зөвөлгөө болгох үүднээс дараах зүйлсийг анхааруулж хэлье. Хүлээн авна уу. Ой хээрийн түймэрт явахад хувийн бэлтгэл хангах нь хамгийн түрүүнд чухал юм.
Хувийн бэлтгэлд:
• Хамгийн түрүүнд биедээ тохирсон хөдөө хээр өмсөж болох ханцуйтай болон түрийтэй битүү хувцас өмсөх хэрэгтэй.
• Хөлдөө таарсан, чийг татдаггүй урт болон хагас түрийтэй гуталтай байх
• Борооноос хамгаалах цув
• Наршихаас хамгаалсан нарны малгай
• Аранз • Мишок буюу аяны хөнжил
• 3-5 н хүн хамт явж байгаа бол дундаа нэг жижиг аяны тогоо, хоолны халбага авах хэрэгтэй
• Түймэр унтраах багаж буюу жижиг хүрз, троосон шүүр, савар, сайн чанартай хийгдсэн гөвүүр буюу цохиур, 10-20 литрийн усны сав гэх мэт хувийн багаж хэрэгтэй болно. Аранзны хэрэгсэл.
• Хоол, цай идэж уух аяга / төмөр байвал сайн /
• Хувийн усны жижиг сав
• Эмийн сан
• Хуурай хүнс. / Гурлин боов, талх, бэлэн гоймон, шар цагаан будаа, арвайн гурил, хийцтэй цай, борц, хуурай цай, давс гэх мэт ойр зуурын хүнсний зүйлс. / дор хаяж 3 хоногийн хоол хүнстэй байх хэрэгтэй. /
• Гар чийдэн / зай /
• Лаа, шүдэнз
• Сольж өмсөх оймс, дотуур хувцас гэх мэт
• Борооны жижиг эвхддэг шүхэр
• Зузаан давуун бээлий / сольж өмсөх нөөц бээлий /
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ ОЧООД ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
• Ой хээрийн түймэрт хүрэлцэн очсон бол тухайн түймрийг унтраахаар удирдан ажиллаж буй Онцгой байдлын ерөнхий газрын ахлах ажилтантай холбогдож хичнээн хүн ирсэн талаараа мэдэгдэж бүртгүүлэн заавар зөвөлгөө аван ахлаж томилуулсан мэргэжлийн хүний удирдлаган дор баг болон хуваагдаж аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавин ажиллана.
• Онцгой байдлаас томилож өгсөн мэргэжлийн хүний заавар зөвөлгөөг даган өөрийн болон хамт ажилаж буй хүний аюулгүй байдлыг сайтар хангаж сонор сэрэмжтэй ажиллах.
ӨӨРИЙГӨӨ АЮУЛТАЙ БАЙДАЛД ОРОХООС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
• Онцгой байдлын мэргэжлийн хүний заавар зөвөлгөөг ягштал биелүүлэх
• Дур мэдэн шийдвэр гаргахгүй байх
• Ганцаараа ажиллахгүй байх
• Сонор сэрэмж алдахгүй анхааралтай байх / орчин тойрны газрын баримжаа, салхины чиг, цаг агаар гэх мэт /
• Ахлаж буй хүнийхээ шийдврийг сайтар сонсох
• Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
• Согтууруулах ундааны зүйлс хэрэглэхгүй байх
• Хамт ажиллаж буй хүмүүстээ анхаарал хандуулах
• Унтаж амрахдаа бие биенээ сайн хянах, ээлжийн харуул гаргах
• Ийш тийшээ ирж очиж байгаагаа ахлаж буй хүндээ болон хажуудаа байгаа хүндээ мэдэгдэж байх. / Бие засах, усанд явах, тамхилах гэх мэт /
Ой хээрийн түймрээс буцах буюу дууссаны дараа хэрхэн буцах вэ?
• Ой хээрийн түймэрээс хувийн шалтгаанаар буух гэж байгаа бол заавал Онцгой байдлын мэргэжлийн хүнээс зөвшөөрөл авч нэрээ бүртгүүлээд явах ёстой.