МБОИЗ-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ

Өдгөөгөөс 10 жилийн тэртээ, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  700 гаруй ТББ-уудын төлөөлөл болсон 311 ТББ-ууд, Үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулж сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийг үүсгэн байгуулж байсан билээ. Улмаар хоёр жил тутамд нэг удаа эрх барих дээд байгууллага болох Үндэсний чуулганаа хуралдуулж байгууллагын хөгжил төлөвшилд үнэлгээ, дүгнэлт өгч дараагийн зорилгоо   тодорхойлон, бүтэц зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, ёс зүй, дүрмээ ариутган чамбайруулж ирсэн түүхтэй.

Байгаль орчны ТББ-уудын Анхдугаар чуулган нь Монголын түүхийн онцлох хуудасны бас нэгэн шинэ эхлэл, иргэний эрх, нийгмийн дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн түүхэн сонголт байлаа. Энэхүү түүхэн цаг дор байгаль орчны ТББ-уудын төлөөлөгчид эвлэлдэн нэгдэж нийтийн эрх ашиг, ирээдүй хойч үеийнхээ эрүүл аюулгүй амьдрах байгаль орчны төлөө чин сэтгэл, бат эрмэлзэл, гүн хүндэтгэлийг эрхэм болгож, чуулгандаа оролцсон. Ирээдүйн тогтвортой ногоон хөгжлийн төлөө зорих зүг, замнах замыг тодорхойлон анхдугаар чуулганаараа эрдэм ухаан, сэтгэл зориг, мэдлэг туршлагаа шингээн анхны дүрмээ батлалцаж, иргэний нийгмийн нэн шинэ түүхийг эхлүүлсэн анхны 311 төлөөлөгчидийн гавьяаг бид ямагт үнэлэн хүндэтгэх учиртай.

2018 он бидний хувьд маш онцлогтой жил болж байна. Та бид 10 жилийн ойгоо өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, МБОИЗ-ийн Үндэсний 6-р чуулганаа хийх цагт дор ирээд байна.

МБОИЗ-ийнхөн бид туулж өнгөрүүлсэн туршлагаа цэгнэн, алдаанаасаа сургамж авч, олсон ололтоо бататгаж, амжилт олсоор ирлээ. Хууль эрх зүйн орчны өөрчлөлт, МБОИЗ-ийн ирээдүйн зорилготой уялдуулан дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах бодит шаардлага гарч байна. Тиймээс дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг “Долоо хэмжиж, нэг огтлох” холч ухаанаар судлан шинжилж, нийт гишүүдийнхээ санаа бодолд тулгуурлан шийдэх болно. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан ажлын хэсэг, Зохион байгуулалтын асуудал хариуцсан ажлын хэсэг, МБОИЗ 10 жил баримтат кино, түүхэн товчоо хариуцсан ажлын хэсэг, Соёл урлаг, спорт, ёслолын арга хэмжээний асуудал хариуцсан ажлын хэсэг, Мэдээлэл сурталчилгаа, хариуцсан ажлын хэсэг тус тус хамтран зохион байгуулж ажиллана.

Бахархах түүхтэй, омогших бүтээлтэй, бүтээх хүсэл эрмэлзэлтэй, МБОИЗ-ийн эрхэм гишүүн Танд ажлын амжилт түвшин жаргалыг ерөөе.

10 жилийн түүхт ойгоо угтсан бүтээлч ногоон ажлуудаараа түүчээлэхийг хүсье.

 

МБОИЗ-ийн Тэргүүн Б.ЭРДЭНЭ