ИРГЭДИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨ ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ БИЙ

 

Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн барилга баригдаж, үйл ажиллагаагаа хоёр жилийн өмнөөс эхэлсэн билээ. БОНХ-ийн Сайд С.Оюун тус хамт олонд 2 жилийн ойн мэнд хүргэж, ажлын амжилт хүссэн мэндчилгээ явуулжээ. Тэрхүү мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Байгаль хамгаалах асуудлаар үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, хүрээлэн буй орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хамт олны үндсэн үүрэг билээ.

            Энэхүү үүргийнхээ дагуу “Иргэн бүр экологич” уриан дор хүүхэд, залуучууд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг өөрийн байрандаа,аяллын,хөдөө орон нутагт гэсэн 3 чиглэлээр явуулж зөвхөн 2014 оны эхний 9 сард 27,000 хүнийг оролцуулжээ. Аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хамтран ажиллах, сургалт зохион байгуулах санал, урилга хүргүүлэн Төв, Архангай, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газартай хамтран   “Хог хаягдал”, “Усны бохирдол”, “Ногоон орчин, ногоон хөгжил”, “Байгальд ээлтэй хүүхэд”, “Экологийн ул мөр” сэдвүүдээр нийт 10380 хүнд сургалт явуулсан байна.

            Төр, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд “Байгаль орчны голомт үндэсний төв” ТББ-тай хамтран 21 аймаг, 6 дүүргийн   Ногоон хөгжлийн төлөөлөгч бэлтгэх сургалтанд нийт 600 хүн,Хүүхдийн асрамжийн СОС ТББ-тай хамтран “Байгальд ээлтэй хүүхэд” сэдвээр 120 хүүхэд, АНУ-ын Азийн сан олон улсын байгууллагын “Загвар хороо” төслийн хүрээнд хог хаягдал ахуй амьдралд яаж сөргөөр нөлөөлдөг талаар 240 сурагчдын дунд сургалт тус тус зохион байгууллаа.

            Тус төвийн байранд байгаль хамгаалах чиглэлээр байгуулсан танин мэдэхүйн музей ажиллаж, гэрэл зургийн янз бүрийн үзэсгэлэн тогтмол гарч, сурагч, оюутнууд, олон нийт байнга ирж үздэг болсон нь нь сайшаалтай. Тухайлбал, Нийслэлийн 24 дүгээр сургуулийн сурагчдын дунд “Байгаль дэлхий, эх нутгаа хайрлая” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж шалгарсан шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах “Хүрээлэн” төслийн фото зургийн үзэсгэлэн, МУИС-ийн Байгалийн аялал жуулчлалын тэнхимийн багш Цоморлиг болон түүний шавь нарын хамтран хийсэн “Хог хаягдалын эко шийдэл” зэрэг үзэсгэлэнг тус төвөөр үйлчлүүлсэн 12749 хүн үзэж сонирхжээ.         

Ажлын ийм сайн жишээг ихэнхи аймагт байдаг Байгаль орчны мэдээллийн төвүүд өөрийн үйл ажиллагаандаа хэвшүүлбэл олон зуун мянган хүнд байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр танин мэдэхүйн мэдээлэл өгч, олон нийтийн хандлагад эерэгээр нөлөөлж чадах билээ. Ирэх 2015 онд тус төвийн хамт олон Байгаль орчны мэдээллийн төвүүд болон байгаль орчны сургалт, сурталчилгааны чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, “Иргэн бүр экологич” уриагаа илүү тэлж, иргэд, олон нийт, тэр дундаа хүүхэд багачууд, оюутан залуустай илүү ойр дөт ажиллах боломж, хүсэл эрмэлзэл бий гэдэгт итгэж байна.