“БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА”

Илтгэгч:  МБОИЗ-ийн Тэргүүн, БОНХСайдын

Зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэн 

Монгол улсын эрхэм Ерөнхийлөгчөө, Байгаль орчин ногоон хөгжлийн эрхэм Сайдаа, УИХ, Засгийн газрын эрхэм гишүүдээ.

Ариун дагшин эх нутаг, байгаль орчноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй, үйлс  зорилго нэгтэй эрхэм анд нараа, хатагтай  ноёдоо. Та бүхний  энэ  өглөөний  амар амгаланг эрье.

Энэхүү Үндэсний  IV чуулганыг зохион байгуулах нөр их ажилд бүхий л талын дэмжлэг туслалцаа  үзүүлсэн БОНХЯ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн эрүүл мэндийн газар, АНУ-ийн Азийн сангийн Монгол дахь салбар Влю скай Эжиа, M-си-эс кока-кола компаниуд  мэдээллийн дэмжигч  хэвлэл мэдээллийн бүх байгууллагууддаа МБОИЗ, болон чуулганд оролцохоор эх орны  өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийнхөө өмнөөс  гүн  талархал илэрхийлье.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаа  бол Монгол улсын Байгаль хамгаалалын түүхэнд иргэний  нийгмийн хувьд нэн сонирхолтой, нилээдгүй  сорилт дагуулсан цаг үе байлаа. - Шинэчлэлийн хэмээх засгийн газар БОНХЯ-ыг Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогын хувьд   зангидаж салбар дундын зохицуулалт хийх үүрэг хариуцлагатай ерөнхий чиг үүргийн яам болгосон үе байлаа. 

- НҮБ-ын Ерөнхий ассамблейн Рио+20 дээд хэмжээний уулзалтаас гарсан “Бидний  хүсч  буй  ирээдүй” бодлогын баримт бичигт заасан салбар дундын гол чиглэлүүдээр Монгол улсын ногоон   хөгжлийн стратеги үндэсний “ Соёл ба өв”-өөр баяжсан “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”  УИХ-аар батлагдсан үе байлаа.

- НҮБ-ын Байгаль орчны  хөтөлбөрөөс 2013 оныг Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэх зочин орноор Монгол улсыг сонгон “Ногоон  эдийн засгийн төлөөхи түншлэлийн эхний  долоон загвар орны нэгээр Монгол улс сонгогдсон үе байлаа.

- Монгол улсын гол мөрөн хариуцах эзэнтэй болж  сав газрын 29 захиргаа  байгуулагдаж  сав газрын үйл ажиллагааг дэмжих, хяналт тавих нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий  иргэдийн оролцоог хангасан зөвлөлүүдийг эхнээс  нь байгуулж эхэлсэн үе байлаа.

- Хүний  эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрүүгийн эрх зүйн тогтолцооны  шинэтгэл эрчимтэй  өрнөж,  хууль сахиулах байгуулагуудын эрх зүйн байдал энэхүү шинэтгэлийн үзэл санаанд нийцэж  хуульчлагдан процессын хуулийн төслүүд боловсрогдож  эхэлсэн үе байлаа.

- Иргэний  нийгэм болон хүний эрхийн байгуулагуудын хамтын ажиллагааны  үр дүнд иргэд, олон нийтийн хүний  эрхийн ойлголт, мэдлэг нэмэгдсэн төрийн байгууллага, төрийн албан хаагчдын байгаль орчинтой  холбоотой хүний  эрхийн мэдрэмж  дээшилсэн хандлагад нь өөрчлөлт гарсан цаг үе байв.

- Том  төрөөс  ухаалаг төрлүү шилжих талаар Ерөнхийлөгчийн санал санаачлага  өрнөсөн. Тэр санал санаачлагууд дээрээс  төрийн зарим  чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэхээр дарга нар төрийн бус  байгууллага байгуулдагийг зогсоое, иргэд, иргэний нийгэмдээ чадвартай, ёс  зүйтэй, бүтээлч  санаачлагатай  болоход дэмжлэг үзүүлье. Зөвшөөрөл лиценз олгох эрхийг мэргэжлийн чадавхижсан холбоодод өгье гэсэн саналууд гарсан үе байлаа.

- Ухаалаг төр ч  иргэний  нийгэм ч  гурван цагийн хэлхээнд байх ёстой. Энэ нь өнгөрснөөсөө сайныг авдаг. Өнөөгийнхөө  шаардлагыг хангадаг, ирээдүйгээ харсан байх ёстой гэж  уриалсан цаг  үе байлаа. Монголын төрд иргэдийн итгэл алдарч  буйг Ерөнхийлөгч онцлоод төр хариуцлагагүй хяналтгүй, хэлсэндээ хүрдэггүй гаргасан шийдвэр нь харилцан уялдаагүй тогтвортой бус байгаа гэдгийг  шулуухан хэлсэн үе байлаа. 

- Энэ  өөрчлөлтийг Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө цохилох зүрх, зориг ухаан бүхий  иргэдийнхээ  оролцоогүйгээр хийх боломжгүй гэдгийг Монгол улсын Ерөнхийлөгч цохон  тэмдэглэсэн үе байлаа.

- МУ-ын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ээлжит чуулганд Уур амьсгалын асуудлаархи төр засгийн тэргүүн нарын өндөр дээд хэмжээний  чуулга уулзалт ярилцлагыг удирдан хөтөлсөн жилүүд байлаа.

- НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр БОНХ-ийн Сайд С.Оюун сонгогдож Монгол байгаль хамгаалал  дэлхийд данстай  болсон он жилүүд байлаа.

Энэ  бүх үйл явдлуудын амжилт ололтод Байгаль орчны Иргэний нийгмийн оролцоо их байсныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй байхаа.  Харин байгаль орчны иргэний  нийгмийн хувьд ямар он  жилүүд байв гэдгийг энэ индэр дээрээс хэлэхийг хүсэж  байна.

 - Монгол орны усны эх ойн сангийн 40 орчим хувийг 5 жил хамгаалалтад авч 1782 ус гол ойн сан 50-60 жилээр сүйрэх байсныг аварсан Урт нэртэй хуулиа боомилуулж, та бидний дундаас төрөн гарсан Голдманы  шагналт Ц.Мөнхбаярынхаа эрх чөлөөг хасуулсан он жилүүд байлаа.

Энэ  хуультай  холбоотой кадастрын шинэ зураглал, журам аргачлалыг шинэчлэн тогтоож хэрэгжүүлэх ажилд  иргэд, иргэний нийгмийн оролцоог хассан хандлага нь  Аархусын конвенцед нэгдэх амлалтаа  Засгийн газар хойш тавьсны  илрэл байлаа.  МУ-ын Мянганы  хөгжлийн зорилтод тусгагдсан Ус голын эхийг хамгаалалтад авах амлалтаасаа  буцсан үйлдэл байлаа.

- Хариуцлагагүй  уул урхайн хөлд уугуул иргэдийн эрх урьд өмнөх жилүүдээс илүү ихээр өртөх бололцоог олгосон шийдвэрүүдийг Монгол улсын Засгийн газраас гаргасан он жилүүд байлаа.

- Түгээмэл тархацтай  ашигт малтмалыг олборлох зөвшөөрлийг орон нутагт олгохоор байгаль орчинд аюул дагуулсан эрх шилжүүлсэн.

- Нутгийн малчдын бэлчээр ашиглах, ундны  цэвэр усаар хангагдах эрхүүд, уул уурхайг дагасан авто зам, төмөр замын трассад, худаг ус, өвөлжөө хаваржаа олон мянган га бэлчээр олон арван биологийн төрөл зүйл өртсөн, нүүдлийн зам нь тасарсан, үржлийн тархац  нутаг нь хумигдсан он жилүүд байлаа.

- Энд Монгол орны  өмнөд бүсийн уул  уурхайн том төслүүдийн  авто зам, төмөр замууд, зэрлэг  амьтны  нүүдлийн гарцуудын талаар ярьж байна. Бүр тодруулбал 100 сая  долларын өртөг бүхий 20 орчим гарц  хийх ёстойг ярьж байнаа.

- Засгийн газар үндэстэн дамнасан корпарациуд, олон улсын банк санхүүгийн хамтарсан шахалтанд буун өгч уул уурхайн том  төслүүдэд зориулсан гүний болон гадаргын усаа  шавхах, ус  татах далан байгуулах, хил дамнасан экосистемд сөрөг нөлөөтэй төслүүдийг хэрэгжүүлэхээр зүтгэж  түүнийг нь Дэлхийн банк хөхүүлэн дэмжиж байгаа үе байлаа. Энэ асуудлаар 2014 онд Катарын Доха  хотноо хуралдсан Олон улсын байгаль хамгаалах холбооны  Дэлхийн өв сангийн хорооны 38-р хурлын зөвлөмжийг хэрэгжүүлэхээс Монгол улс татгалзсан явдал  гэж МБОИЗ үзэж  байна.

Уламжлалаар эзэмшиж ирсэн нүүдэлчдийн үр сад, малчдын бэлчээрийн эрхийн зохицуулалтыг хуулиар хүлээн зөвшөөрөөгүй.  Нийтийн хэрэгцээнд авах, ашигт малтмал олборлохдоо  саналыг нь авдаггүй. Баг, сумын удирдлагын түвшинд нь лобби, авилга хэрэгжүүлэх  замаар санал авдаг явдал нийтлэг байна.  Үндсэний  хууль тогтоомжид нүүдэлч  малчдын өвөг дээдсээс  өвлөн авч  эзэмшиж байгаа бэлчээр хадлангийн талбай, усны  нөөц  ашиглах эрхийг хамгаалдаггүй тэдний өвөлжөө  хаваржаа  худаг усыг  голомтын өмч  гэж  хүлээн зөвшөөрөхгүй  байгаа нь нутгийн уугуул иргэдэд зориулсан цөөнхийн хамгаалалт, эрх зүйн орчинг нэн даруй бий  болгохыг шаардаж байна. Монгол улс  2006 оноос  ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд ОҮИТБС-ын шаардлагад Монгол улс  нийцдэг гэдэг мөн Олон улсын хорооны даргын нэрэмжит шагнал авч гадаад дотоод сурталчилгааг хийдэг ч  үнэн хэрэгтээ тайлангаар гарсан нь зөрүү нь олон нийтэд итгэл төрүүлэхүйц  биш нөгөө  талаар зөрүүний  ул мөрөөр хариуцлага тооцдоггүй нь уул уурхайн  салбарын авилга, хээл хахуулийг хаацайлдаг, олон нийтийн тархийг угаах арга хэрэгсэл болон хувирах хандлагатай  байгаа нь харамсалтай.

ОҮИТБС  цаашид энэ  байдлаар явбал МБОИЗ тэнд байгаа  гишүүд төлөөллөө татах  хүртэл шийдвэр гаргаж  болох юм. ОҮИТБС-ын тайлангаас  үзэхэд төр засгийн шийдвэр гаргах дээд байгууллагууд түүний  дотор Ерөнхийлөгчийн тамгын газар МХЕГ, уул уурхайн компаниудаас “Хандив” авсан байгаа нь Байгаль орчны  ёс зүй, үлгэр дууриалал  хаана  явааг олон нийтэд хэлээд өгч  байна. Улс  төрд байгаль орчныг улс  төржүүлдэг, УИХ дээр өргөн барьсан Байгаль орчны хуулийн төслийн саналуудыг улс  төрийн өнцгөөс харж  унагадаг, эсвэл Засаг барьж байгаа улс  төрийн хүчин олонхиороо түрж  байгаль орчинд халдлага   хийх шийдвэр  гаргадаг явдал гарсаар байгааг дараахи шийдвэрүүдээс  харж болно.

 2013 онд Шинэчлэлийн хэмээх Засгийн газраас бүр тодруулбал одоогийн шинэ  Ерөнхий  сайдаар хэдхэн өдрийн өмнө  сонгогдсон эрхэмийн зүгээс Говийн Их Дархан газраас Талын Мэлтэс, Хатан суудал орчмын газрыг Улсын тусгай  хамгаалалтаас  гаргах санал, Урт нэртэй  хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-аар батлагдаагүй байхад ОХУ-ын Ерөнхийлөгч  айлчлахаас  өмнөхөн Баянхонгор аймгийн Орог нуурын ганц цутгал болох Түйн голын урсац  бүрэлдэх эхэл олгогдсон Монгол совцветмет нэгдлийн 3  лицензийг чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол, Нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийн тархац  нутаг болох Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон   бумбын нуруу, Дарьгангын БЦГ-ыг өрөгтгөх зэрэг УИХ-ын тогтоолын төслийг буцаасан шийдвэр. Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөгөөр Дархан Цаазат  Богдхан уулын хязгаарлалтын бүсээс 1584.0 га газрыг Шинэ Яармаг хорооллын зориулалтаар  гаргах УИХ-ын 2013 оны  23-р тогтоол зэрэг байгаль руу дайрсан шийдвэрүүдийг нэрлэж  болно. МАН-ын Мазаалай, АН-ын Аргаль, угалз, Хувьсгалт намын Хэрлэн гол гэж  байхгүйгээс хойш Байгаль орчны  асуудлыг өмчилдөг, ялгавартай  ханддаг асуудалд цэг тавихыг улс  төрчдөд хатуу анхааруулах цаг нь болжээ. Улс төрийн намууд, улс  төрчдөөс, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө иргэний  нийгмийн байгуулагуудтай элдэв санамж  болон  тунхаг бичиг, байгуулдаг байгаль ан амьтанд хайр зарладаг. Уул уурхайг үзэн яддаг, иргэний  нийгмийнхэнээр дамжуулан иргэд сонгогчдод таалагдах жүжиг  олон жил явж байна. Үүний  сонгодог жишээ  бол 2012 оны  сонгуулийн өмнө  АН-тай байгуулсан санамж  бичиг юм.  Өнөөдөр бид энэ  жүжигт оролцон тоглодог  дүрээсээ  татгалзах цаг нэгэнт болжээ.

 Бид алдсан байж болно. Алдаагаа засах суралцах боломж туршлага бидэнд бий.  Одоогийн Засгийн газар энэ  санамж  бичгээр бидэнд Уран олборлох, урт нэртэй хууль, ТХГНутагт өнгөлзөхгүй байх асуудлуудаар  “Молиго” үмхүүлсэн гэж  хэлж  болно.  Одоо бид чуулганы  дараа Эрх баригч  хүчнээс санамж  бичгийнхээ эрх үүргийг  шаардан ажиллах болно.

Өнгөрсөн 20 жилийг эргэн харах юм  бол улс  орон маань мөнгө санхүү, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн хувьд  гадаад талаасаа бүрэн хараат байдалд орчихоод байна.  Тэгвэл сүүлийн жилүүдэд Байгаль орчны  төлөв байдлын хувьд  уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт нэрийн дор зээл тусламжын элдэв тулгасан нөхцлүүд, неолиберал  үзэл суртлын дарамт шахалтуудыг ашиглан гадаадын байгаль хамгаалах зарим  байгууллагуудыг Монголд урьдчилан оруулж төр засагтай  нь найрах, иргэдийнх нь тархийг угаах  хэвлэл мэдээлэлтэй  нийлж  иргэний  хөдөлгөөнийг нь гутаан олон нийтэд  нэр  хүндийг нь зохиомлоор унагах, хүчгүйдүүлэх, хар технилоги хэрэглэсээр  байна.

Тэд Засгийн газрыг худалдан авч хэвлэл мэдээллийн зарим  хэрэгслүүдтэй нь хаалтын гэрээ байгуулан нутгийн иргэдийг нь нүд тайлуулах нэрийн дор хилийн дээс алхуулж, хууль, дүрэм журманд нь хөгжлийг экосистемд нөлөө  багатай төлөвлөхөөс  зайлсхийсэн, байгаль хамгаалалд зарах хөрөнгөө хэмнэсэн зүйл заалтууд оруулж эдийн засгийн алуурчны  башир аргуудаа  хэрэглэж байгааг илчилж  олон нийтэд хүргэх нь та  бидний  хойшлуулшгүй хийх ажлуудын нэг болоод байна.  Манайд олон улсын нэртэй Байгаль хамгааллын олон байгууллагууд орж  ирж  ажиллаж байна.  

Тэдний зарим нь Дүйцүүлэн хамгаалах гэсэн  хөгжиж  буй  орнуудад туршигдсан зальт технилогийг Байгаль орчны багц  хуулинд лоббидон оруулсан. Энэ нь монголоор бол урд хормойгоо авч  хойтохоо нөхөхтэй адил юм.  Ийм байгууллагуудын тоонд  Дэ Нэие консерванси, Оюу толгойн Байгаль орчны  үнэлгээг хийсэн “Flora and FAUNA  интернэшнл”  зэрэг байгуулагуудыг нэрлэж болно. Иймээс МБОИЗ  ирэх оноос  эхлэн Монголын байгаль орчин, хүний  эрүүл мэнд, биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөлөлтэй байж  болох зорилго, үйл ажиллагаатай  ОУ-ын болон  дотоодын хөрөнгө оруулагч  байгууллагуудын жагсаалт гаргаж жил бүр олон улсад болон  олон нийтэд зарладаг болохоор төлөвлөж байна.

Бид өнөөдөр хаана хүрээд байна  вэ?

2008 онд БОАЖЯ-аас санаачлан тус  тусдаа үйл ажиллагаа явуулж байсан Байгаль орчны  төрийн бус  байгууллагуудын нэгдэх санаачлагыг дэмжиж Улсын Анхдугаар зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж Монголын байгаль орчны  иргэний  зөвлөл үүсгэн байгуулагдсанаас  хойш бид нэг дээвэр дор  хамтдаа 6 жилийг үдээд байна. МБОИЗ  ингэж  байгуулагдсан нь  иргэний  нийгмийн хөгжил, төр, төрийн бус  байгууллагуудын харилцаа  шинэ  шатанд гарах эхлэл болж, хамтын ажиллагааны  гэрээний  хэрэгжилтийг хангах, төрийн зарим  чиг үүргийг төрийн бус  байгууллагаар гүйцэтгүүлэх эрхзүйн орчинг сайжруулах, шийдвэр гаргахад болон хэрэгжилтэнд оролцох, нөлөөлөх, хянах, төр засгийн өөрчлөлт  шинэчлэлтэд иргэний  нийгмийн санал санаачлага байр суурийг тусган, иргэд ТББ-уудыг мэдлэгжүүлж мэрэгшүүлж, чадавхижуулах зэрэг олон чиглэлд санаачлагатай  ажиллаж багагүй  амжилт  гаргасныг дурьдахад таатай байна.  6 жил гэдэг бол хүний  насаар сургуулийн босго алхаж орох үе. Түүнтэй  нэгэн адил МБОИЗ өнөөдөр өсөлт хөгжлийнхөө  нэгэн шинэ  шатны  гарааны  зурхайд ирээд байна.

Монголын байгаль орчинд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй энэ   хатуу  ширүүн сорилтыг аль болох хохирол багатай даван туулахад  манлайлах иргэний нийгмийн энэ их хүчийг хэрхэн  өсөн өндийж хөгжиж,  төлөвшиж байна вэ? гэдгийг төр засаг, ард иргэд, олон улсын байгууллагууд, хөрш орнууд, нийгэм  тэр чигээрээ  анхааралтай  ажиглан харж байна.  Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрх, эрх чөлөө, шударга  ёс ардчилал, ногоон хөгжлийн төлөө  тэмцэх ухамсар  туршлага дээшилж, байгаль орчны  олон зуун  төрийн бус  байгууллага иргэд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар идэвхтэй  үйл ажиллагаа  явуулж  байна. Өнөөдөр тэдгээр байгууллагт 15000 орчим хүн  нэгдсэн нь байгаль орчны  салбарын төрийн албанд ажиллагсдын тооноос  даруй  5 дахин олон болсон байна. 

Төрийн бус  байгууллагуудыг үйл ажиллагааных нь чиглэлээр ангилавал бид судалгаа шинжилгээ  иргэний хяналт, зөвлөх үйлчилгээ, сургалт сурталчилгаа,  байгаль хамгааллын гэсэн 5 үндсэн чиглэлээр ажиллаж байна. Байгаль хамгааллын эрх зүйн орчинг  боловсронгуй  болгох сайжруулахад 2008 оноос  бид идэвхтэй оролцож багц  хуулийн хэрэгжилтийг  хангах, сурталчлах,  хөтөлбөр, журмууд хуулиудын нэмэлт өөрчлөлтөд санал өгөх зэрэгт МБОИЗ Сайдын зөвлөлийн гишүүд  ажлын хэсгийн гишүүдээрээ дамжуулан оролцож Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс  ойн талаар баримтлах бодлого, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр “Тусгай  хамгаалалттай  газар нутгийн тухай” хуулийн төсөл, Биологийн төрөл зүйлийг хамгаалах  үндэсний  хөтөлбөр, Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний  хөтөлбөр, Генетик нөөцийн тухай  хуулийн төсөл  зэрэг олон арван эрх зүйн баримт бичгүүдэд  иргэний  нийгмийн саналуудыг  тусган оролцоог  хангаж  ажиллалаа.

 

 МБОИЗ-өөс  төр засгийн байгууллагууд яам агентлагууд, НҮБХХ газар, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Германы  техникийн хамтын ажиллагааны  нийгэмлэг, Азийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүний  эрхийн  үндэсний  комисс, ОҮИТБС, Уул уурхайн үндэсний  ассоциоци  зэрэг байгууллагуудтай  хамтран  ажиллаж  ирсэн уламжлалт харилцаагаа  үргэлжлүүлж байгаль орчны  зөвлөх үйлчилгээ, стратегийн баримт бичиг боловсруулах, ерөнхий  үнэлгээ  хийх, төслүүдийн “Байгаль орчны бодлого, дүгнэлт боловсруулах зэрэг олон  томоохон үйл ажиллагаанд  зарим  төрийн бус  байгууллагууд гол хамтрагч  нь  болж  ажиллалаа.

 Манай  ТББ-ууд хяналт, мониторинг болоод нөлөөлөл, зөрчигдсөн эрх сэргээх өмгөөллийн чиглэлээр амжилттай  ажиллаж  байгалын нөөц  баялагийн ашиглалтанд хяналт тавих,  хууль тогтоомж  хэрэгжилтийг шалгах мэдээлэх  төр засгаас  гаргаж  байгаа  шийдвэрүүдэд мониторинг хийх зэрэг асуудлаар иргэний  хөндлөнгийн  хяналтын үүрэг  гүйцэтгэж  байна.

Тухайлбал “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ын ажлын алба, хууль бус  мод бэлтгэл, ан агнууртай  тэмцэх ажлын хэсгүүд, төрөөс эрдэс  баялагийн салбарт баримтлах  бодлогын олон талт зөвлөл, хүний  эрхийн үндэсний  комисс, төрийн албаны ёс зүйн хороо, агаарын бохирдлыг бууруулах, хэд хэдэн тендерийн хороо зэрэг олон ажлын хэсгүүдэд идэвхтэй  ажиллаж  байна

 Тэдгээрээс  модны  хулгайтай  тэмцэх асуудлаар БОНХЯ холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан  “Тул хамгаалах сан”  “Цолмон шим  мандал”, “Булаг шанд гол мөрний  эхийг  хамгаалах төв”, “Аавын баян хангай” “Баруун зүүн салаа төв” зэрэг ТББ-ын хүчин чармайлтын үр дүнд хулгайн мод бэлтгэлтэй тэмцэх асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч  хэрэгжилтэд оролцоод явж байна. Асуудал ийм түвшинд яригдаж, шийдвэр гаргахад нөлөөлж чадаж  байгаа нь өөрөө  иргэний  нийгмийн амжилт юм.

Урьдын байгаль хамгаалах гэсэн хэвшмэл ойлголтоос нэгэнт хальсан Ногоон хөгжлийн төлөөхи бодлого нь байгаль орчны  иргэний  нийгмийн оролцоо дэмжлэгтэйгээр нийгмийн амьдралын бүхий л хүрээнд нийт үндэстний бодлого болж  үр дүнд хүрэх нь тодорхой. Бүхэлд нь авч  үзвэл ногоон хөгжлийн төлөөхи үйл хэрэгт оруулж  буй БО-ны  иргэний  байгууллагуудын хувь нэмэр санаачлагаас аль хэдийн бодит амжилт ажил хэрэг болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ  дашрамд сэтгэл зүтгэлээ энэ салбарт зориулж яваа шилдэгүүдээсээ нэрлэхийг хүсэж байна.

Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын  Тосон бумбын нурууны Цоохор Ирвэсийг нутгийн  иргэдэд түшиглэн  хамгаалж  буй “Ирвэс  хамгаалах сан” ТББ, Хустайн БЦГазар ТББ “Зэрлэг амьтан судлан хамгаалах төв” өөрийн хөрөнгөөр мазаалай  амьдардаг орчинд нь тэжээлийн цех байгуулсан Мама буюу “Мазаалай аврах Монголын алхам” ТББ, Их Нартын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын менежментийг  гэрээгээр гүйцэтгэж буй  Доктор С.Амгаланбаатар  тэргүүнтэй Агнуур судлалын “Аргаль төв” ТББ

  • Уул уурхайн нөлөөлөл, хүний  эрх, уугуул иргэдийн эрхийг хамгаалах төсөл хөтөлбөрүүдийн бйгаль орчны  нөлөөлөлийг хянах, олон нийтэд нээлттэй болгох гомдол гаргах механизмийн чиглэлээр амжилттай ажиллаж  байгаа Д.Сүхгэрэл захиралтай  “Оюу толгойн  хяналт” ТББ
  • Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах, сургалт судалгаа “Уран”-ны  хор аюул, уул уурхайн сөрөг нөлөөллийг олон нийтэд хүргэх чиглэлээр амжилттай  ажиллаж байгаа “Их бага баян шарга” ТББ, Ногоон  байгууламжыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг “Хатан туул голыг хамгаалах иргэдийн бүлгүүдийг дэмжих сан” ТББ, Алтанцацрал захиралтай “Мөнх ногоон амьдрал” ТББ Уугуул иргэдийн зөрчигдсөн эрхийг өмгөөлөх, сэргээх байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэхэд нь туслалцаа  өмгөөлөл үзүүлдэг Уранцоож  захиралтай “Хүний  эрх хөгжил төв” ТББ Туяацэцэг захиралтай “Байгаль орчны  хуульчдын холбоо” Монгол улсын Улаан номын 3 дахь  хэвлэлийг цахим  болон  хэвлэмэл хэлбэрээр бүтээн олон нийтэд хүргэсэн Доктор Шийрэвдамба Тэргүүнтэй  “Хосгүй байгалийг хамгаалах холбоо”    зэрэг бусаддаа үлгэрлэж  төрийн үүргийг түүртэлгүй авч  яваа мэргэшсэн байгууллагууддаа  МБОИЗ болон хувиасаа гүн  талархал илэрхийлж баяр хүргэж  амжилт хүсье.

Одоо МБОИЗ-өөс төрийн бус  байгууллагуудаа чадавхижуулах чиглэлээр хийж, санаж сэдэж байгаа  ажлынхаа  талаар хүргэе.

  • МБОИЗ-ийн  нэг гол үүрэг бол ТББ-уудаа чадавхижуулж мэргэшүүлэх, ёс зүйтэй  болгох, хариуцлагажуулах  нэг үгээр хэлбэл  төр, хувийн хэвшил, иргэдийн итгэл даахуйц  болгох явдал юм. МБОИЗ-ийн  шинэ  удирдлагаас НҮБХХ-ийн  “Засаглалыг бэхжүүлэх нь төсөл”-ийн санхүүгийн дэмжлэг, БОНХЯ-ны хүчин чармайлтаар 2014 онд Байгаль орчны чадавхийн үнэлгээний  төслийг  хэрэгжүүлж ТББ-уудын чадавхийн нэгдсэн  дүр зургийг гарган  дүгнэлт хийж цаашдын зорилго зорилтоо  тодорхойлоход ашиглаж  байна.  Мөн чадавхи бэхжүүлэх төлөвлөгөөний төслийг ТББ-уудын  түвшинд хэлэлцүүлж  НҮББХХ-ийн шугамаар Байгаль орчны  чиглэлээр ажилладаг ТББ-ын тогтвортой санхүүжилтийн загвар боловсруулах  Үндэсний  зөвлөх шалгаруулж  загвар боловсруулаад  хэрэгжих эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр ажиллаж  байна. Энэ асуудлаар үдээс хойш болох 5 салбар хуралдааны  нэг сэдэв  болж  хэлэлцэгдэх юм.  Дээр гарсан үнэлгээгээр ТББ-уудын суурь чадавхийг дээшлүүлэхэд анхаарах асуудлууд нь:
  1. Байгууллага бүр тогтолцоогоо сайжруулах
  2. Манлайлалаа хөгжүүлэх
  3. Мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх
  4. Хариуцлага хүлээх тогтолцоог сайжруулах
  5. Санхүүгийн удирдлага  төлөвлөлт эрсдлийн мэдрэмжтэй санхүүгийн төлөвлөлт ба удирдлагыг хэрэгжүүлэх
  6. Хүний  нөөцийн удирдлагыг сайжруулж  хөгжүүлэх гэсэн дүгнэлт гарсан нь бидэнд төв байгууллагаасаа эхлээд салбар, гишүүн  ТББ-ууд хүртэл мөрдөж ажиллах чиглэл юм.
  • Гишүүн  ТББ-уудыг чадавхижуулах мэргэшүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны  чиглэлээр 6 төрлийн тэтгэлэгт хөтөлбөр бүхий сургалтанд хот, хөдөөгийн 40 гаруй  байгууллагын 250 гаруй  хүнийг хамруулж энэ  тэтэгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийг НҮБХХ-оос 70 гаруй  сая  төгрөгийн санхүүжилтээр дэмжүүлсэн байна.

Үүнд:

Байгаль орчны  аудитор бэлтгэх, байгаль  орчны  зөрчил, ашиг сонирхолын зөрчил, маргааныг шийдвэрлэх арга зүй,  төрийн болон орон  нутгийн өмчөөр бараа  бүтээгдэхүүн  үйлчилгээ худалдан авах А-3 гэрчилгээтэй сургалт, сансрын болон газарзүйн  мэдээллийн систем ашиглан Байгаль орчны  мониторинг хийх, мэдээллийн сан үүсгэх, газрын бүрхүүлийн өөрчлөлтийн судалгаа хийх арга зүй, Байгаль орчны  журмын эсрэг  хэрэг зөрчлийг хэрхэн баримтжуулах, мэдээлэх. Санхүү эдийн засгийн сургуультай  хамтарч ТББ-ын хөрөнгө  босгох, санхүүгийн менежмент хийх арга зүй зэрэг сэдвээр ахисан  түвшний  сургалтууд явуулсан нь үр дүнтэй ажил боллоо.

Мөн дүрмийн дагуу гишүүн байгууллагууддаа ашиг сохирхолын зөрчил эрсдлүүдээс  хамгаалах, манлайлал, хариуцлагыг нь хөгжүүлэх зорилгоор “Байгаль орчны  ТББ-ын Ёс зүйн кодекс”-д  нэгдэн батламжлах үйл ажиллагааг эхлүүлсэн энэ нь амжилттай  хэрэгжиж байна.

  • ТББ-уудаа  мэргэшүүлэх бодлого баримталж мэргэжлийн хүмүүсээр Удирдах зөвлөл болон баг хамт олноо өргөжүүлэх асуудалд мэргэжлийн  үүднээс  хандах, санал дүгнэлт гаргахдаа мэргэжлийн судлаач эрдэмтэдийг оролцуулах, судалгаа шинжилгээ  явуулах, мэдээллээ солилцох, гадаад дотоодод туршлага судлах аялал, хурал зөвлөгөөнд оролцуулах, сурч  мэргэшихэд нь туслалцаа  үзүүлэх ажлыг гишүүн байгууллагуудад үзүүлэх үйлчилгээний жагсаалтандаа оруулан ажиллаж  байна. Төрийн зарим  чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, чиг үүргийг шилжүүлэхэд ТББ-ууд маань бид эхлээд өөрсдөө дотроо чадавхижиж мэргэшсэн итгэл даах, хариуцлага үүрэх хэмжээнд очиж байж сая төртэй, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд оролцогч талуудтайгаа  хамтран ажиллаж чадна.
  • Манай  ТББ-уудад Байгаль хамгаалах эх орноо гэсэн сэтгэл нь байдаг, эрмэлзлэл нь байдаг, хөрөнгө  мөнгө байдаггүй,  хариуцлага нь хангалттай  түвшинд байдаггүй. Тэгэхээр мэргэших, чадавхижих, хариуцлагажих, ёс  зүйтэй байх асуудал бол  бидний  хувьд хамгийн чухал асуудал юм. 2014 онд МБОИЗ-өөс мэдээллийн сүлжээгээ өргөтгөх, цахим  хуудсаа шинэчлэх ажлыг амжилттай хийж, нийт ТББ-уудаа ёс зүйн кодод нэгтгэх ногоон  хөгжил, ногоон эдийн засгийн PEG-г сурталчлах, зарим  аймаг, сумдын ойд тархсан хөнөөлт шавьжтай эерэг аргаар тэмцэх, ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, хууль бус  мод бэлтгэл, хулгайн ан агнуурыг хянах ажилд  хөндлөнгийн хяналтын ажлын хэсгүүдэд  ажиллуулах, хэвлэлийн хурал, цуглаан акцууд гэх нөлөөллийн ажлуудад салбар зөвлөл, гишүүн  ТББ-уудад хүрч  үйлчлэх  үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэгдсэн 41.2 сая  төгрөгийн төслийн дэмжлэгийг БОНХЯ-аас Байгаль хамгаалах сангаар дамжуулан үзүүлж  хэрэгжилтэд нь хяналт  тавьж ажиллаж байна.
  • МБОИЗ-өөс  төр, төрийн бус байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангах, төр засгийн бодлого, шийдвэртэй чөлөөтэй  танилцах бололцоог олгох үүднээс  сайт, сүлжээгээр гарч буй хууль тогтоомж Сайдын зөвлөлөөр хэлэлцэж  буй тушаал шийдвэрүүдийг цаг алдалгүй байршуулан ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны  үйл ажиллагааны хөтөлбөрт...

“Орон нутаг дахь  төрийн болон иргэний  нийгмийн байгууллагууд, нөхөрлөлийн үйл ажиллагааны  хамтын ажиллагааг хангаж төрийн зарим  чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлнэ” гэж  тодорхойлсон байдаг. Энэ  хүрээнд БОНХЯ, МБОИЗ-өөс 2016 он  хүртэлхи гэрээнд заасан МБОИЗ-ийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, ТББ-дад үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, БО-ны багц  хуулийн сурталчилгааг гүнзгийрүүлэх, Байгалийн нөөц  ашигласны төлбөрийн орлогын  төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалтад олон нийтийн оролцоо , хяналтыг хангах, ил тод байлгах зорилгоор аймаг сумдад хяналт шинжилгээ  хийх, Ногоон  хөгжил буюу Ногоон  эдийн засгийн санаачлагыг хөгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог хангах зорилгоор Цэвэр технилогийг дамжих.  

Эко төлөвлөлттэй орон сууц, эко тээврийн хэрэгсэл, унадаг дугуйтай “Улаанбаатар төсөл”-ийг дэмжихэд  гэрээний  гол агуулга  оршиж байна.  Ер нь бол онцгойлон тэмдэглэж хэлэхэд  манай  салбарын яамнаас МБОИЗ-ийг дэмжих  санал санаачлага хэвийн хэмжээнд байгаа  гэж  дүгнэж  болно. Ер нь бол бүхнийг эдийн засгийн хөгжлийн төлөө  гэсэн уриатай энэ  үед хөгжлийг байгаль орчинд аль болох нөлөөлөл багатай  төлөвлөхөд иргэний  нийгмийн  гүйцэтгэх үүргийг жилд 41 сая  төгрөгөөр гүйцэтгэж чадахгүй нь ойлгомжтой.

Улс  орны  хөгжлийн эгзэгтэй  энэ цаг үед  Байгаль орчны энэ олон  тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх урт холын хүнд хэцүү сорилттой  аянд хоёр хос  морьтой  гарлаа  гэж  үзвэл:

Нэг нь ерөнхий чиг үүргийн яам болох БОНХЯ, нөгөө нь МБОИЗ  гэж  үзэж  болно. Нэг нь буюу  БОНХЯ нь жилд 70-80 тэрбум төгрөгийн төсөвтэй ажилладаг гэвэл  жилийн 41 сая төгрөгийн төсөвтэй МБОИЗ хоёрын   хувьд  тэнгэр газар шиг зөрөө байна.   Сэтгэл идэвхи санаачлага ТББ-ын зүрхэнд байлаа ч  асуудлыг шийдэхэд  хөрөнгө санхүүжилт голлох үүрэгтэй.    

 

Тэгэхээр БО-ны асуудлыг  иргэдийн оролцоотойгоор  шийднэ  гэж байгаа бол ирэх жилийн төсөв хувиарилалтанд  эргэлт гаргах цаг болсон гэж  үзэж  байна. МБОИЗ-ийн санхүүжилт ингэж  шийдэгдээгүй  нөхцөлд  БОНХЯ  иргэний  нийгмийн харилцаа тунхаг төдий болж, бие биеэ  хуурсан зөвхөн эрх зүйн орчинг сайжруулахад санал дүгнэлтээ  өгөх , сайдын зөвлөлөөс  эхлээд хэд хэдэн ажлын хэсгүүдэд  төлөөллөө оролцуулснаар  хамтын ажиллагаа хязгаарлагдаж, хаана хаанаа  орон нутаг, салбаруудаа холбож, үйл ажиллагааг нь дэмжсэн өргөн далайцтай   үйл ажиллагаа явуулахад саад тээг болно гэж  МБОИЗ үзэж  байна.

  Энэ чуулганд аймгуудын БО-ны газрын дарга нарыг БОНХЯ-тай зөвшилцөн урьж  оролцуулж байгаа нь учиртай. БОНХЯ, МБОИЗ хоёр дээд түвшиндээ бол хамтын ажиллагаа нь хэвийн явагдаж  харин аймаг орон нутгийн түвшинд очихоороо саланги бие биенээсээ  зай  барьсан асуудал дээрээс болж нэгдэж  чаддаггүй.

Хамтын ажиллагаа  дутагдалтай байгааг хэн бүхэн мэдэж  байгаа. Аймаг, сумдын Засаг дарга , байгаль орчны  газрын дарга  нар  төрийн хуулийг биелүүлж , байгаль орчноо хамгаалах үүрэг хүлээж  байгаа ч  иргэний  нийгмийн оролцоог  хангах, ажлыг нь дэмжих талаар дорвитой санаачлага  гаргахгүй байна. Энэ байдалд МБОИЗ-ийн удирдлагаас  БОНХ-ийн сайдтай хамтран дүгнэлт хийж  2015 оноос  төр иргэний  нийгмийн хамтын ажиллагааны  талаар БОНХ-ийн Сайд аймгуудын Засаг даргатай  байгуулах хамтын ажиллагааны  гэрээнд тусгайлан заалт оруулж  дүгнэж  байхаар болоод байна.  БОНХЯ-ны  Сайдаас энэ  талаар аймаг, нийслэл, сумдын засаг дарга нар, ИТХ-аас  МБОИЗ-ийн зүгээс санаачилсан үр дүнтэй  төсөл арга хэмжээг хөхүүлэн дэмжиж  хамтарч  ажиллах тодорхой  хэмжээний  санхүүжилтыг орон нутгийн төсөвтөө  тусгаж  байх нь зүйтэй  гэсэн чиглэлийг аймгуудын Засаг дарга нарт албан  тоотоор өгөөд байгаа билээ.

Иймд чуулганд оролцож байгаа манай  аймгуудын БО-ны  газрын дарга  нарт МБОИЗ-ийнхөө салбар зөвлөлтэй  сайн харьцаатай байж ажлаа  сайн уялдуулж  дэмжиж  ажиллахыг хүсээд та бүхний  ажилд өндөр амжилт эрүүл энхийг хүсэн ерөөж байгааг хүлээн авна уу.

Ер нь ажил, амиа ялгасан хувийн сайн харьцаатай байгаарай  гэж  захимаар байна.  Сайн харьцаа сая сая  амжилтын үндэс  гэж  үг байдаг даа.

Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах  чиглэлээр та бүхэнтэй саналаа  хуваалцъя.

Дэлхийн улс  орнуудын хөгжлийн түүхээс үзэхэд тухайн улсад гадаад орнуудын байгууллагуудын төлөөлөгчийн газрууд хоёр зорилгоор орж ирдэг нь хэнд ч  тодорхой байдаг. Нэг хэсэг нь үнэхээр тэр улс  үндэстний  хөгжлийг дэмжихийн төлөө хүний  нөөц, хөрөнгө санхүүгийн  хүчин чармайлт гарган сайн  туршлагыг зааж  өгч  энэ  нь танайд тохирно гэсэн хандлагаар ажиллаж  байхад цөөн зарим байгууллагууд үндэстэн дамнасан корпароци, цэрэг, эдийн засгийн сонирхолд нэгдсэн хүчирхэг орнуудын улс төр эдийн засгийн бодлогын сүүдрийг тусгах баялаг өрмийг нь хуу  хамахад төр засгийн болон шийдвэр гаргах түвшинд цаашлаад байгаль орчны иргэний  нийгэм зорилтод бүлгүүдэд нөлөөлөх замаар захиалгаа биелүүлэхэд байгаль орчны тулгамдсан асуудлыг ашигладаг нь нууц  биш ээ. Энэ  талаар тодорхой байгууллагууд  дээр тодорхой  жишээг би дээр илтгэлийн өмнөх хэсэгт дурьдсан байгаа. Гэлээ ч  МБОИЗ-өөс олон  улсын төсөл хөтөлбөрүүдтэй  хамтран ажиллах талаар нилээдгүй  хүчин чармайлтыг  гарган ажиллаж амжилтанд хүрч  байгааг  энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй  юм. Ийм байгууллагуудад НҮБХХ, Азийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, JCS интернэшл, Америкийн ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн депертментийн монгол дахь салбар зэрэг байгууллагуудыг нэрлэхэд таатай байна.   Та бүхэнтэйгээ байгуулсан хамтын ажиллагаандаа  сэтгэл ханамжтай  байдгаа илэрхийлэхийн сацуу  хамтын ажиллагааны хөгжилдөө  улам их өсөлт хөгжлийг хүсэн ерөөе.

МБОИЗ-өөс  хөрш орнуудын болон олон улсын Байгаль, Экологийн сүлжээ  байгууллагуудтай  хамтран ажиллах харилцан туршлага солилцох АНУ-ын зарим  ТББ-ын эвсэл холбоодтой хийж  буй  солилцооны  хөтөлбөрүүдээ  улам бататгаж  ажиллах зорилт тавьж байна.

Өнөөдөр зохион байгуулагдаж буй  энэ  чуулганаас  МБОИЗ-ийг бүтэц, зохион байгуулалт, цаашдын үйл ажиллагааны чиглэл чадавхижих арга барил, төр хувийн хэвшилтэй эрх тэгш түншлэл хөндлөнгийн хүчтэй  хяналтыг хэрхэн хангах, иргэдийн оролцоотойгоор ногоон  хөгжилд иргэний нийгмийн оруулах хувь нэмрийг тодорхойлох, хөгжлийг экологи, хүн  биологийн төрөл зүйлд хэрхэн нөлөө багатай  төлөвлөхөд оролцох, хянах, олон шийдвэрлэх асуудлууд биднийг хүлээж байна. Бид дүрмээ чуулганы  өмнө  олон удаагийн хэлэлцүүлэгүүд хийж  та  бүхний  саналуудыг тусган бэлэн болгоод байна.

 Бидний  өсөлт хөгжлийн зам мөр, бүтэц  зохион байгуулалт гээд бүх асуудлыг шийдвэрлэх шинэ  дүрмийн төсөл дээр  төлөөлөлгч  та бүнхий  санаа үнэ цэнэтэй байж  амжилттай  түргэн шуурхай батлагдана гэдэгт найдаж байна.

Эцэст нь энэ  эрхэм чуулганы  индэр дээрээс  та бүхнийг төлөөлөн төр засагтаа, хэвлэл мэдээлэл, иргэд олон нийтдээ хандан  хэлэхэд:

Монгол улс  эдийн засгийн хөгжлийн ч  тэр иргэний  нийгмийн хөгжлийн ч ялгаагүй салаа  замын уулзварт ирээд байна. Иргэний  нийгмийнхэн бид улс  орныхоо хөгжлийн төлөө  тэмцэхдээ  гадныханд  хөтлөгдсөн увиагүй  удирдлага, улс  төрчдөөс   болж  буруу  замаар будаа  тээмгүй байна.

Зөвхөн улс төрчид улс орны  эдийн засгийн удирдлагын түвшинд  мэдээлэлд ойр ажилладаг хүмүүсийн хань хамсаатнууд нь баяждаг ард иргэд нь ядуурч  зохиомол шалтгаанаар хоорондоо дайтаж  дампуурсан Зембабве, Сьерра-Леон, Клумб, Нигер мэт олон орны  жишээг давтахыг бид хүсэхгүй байна.  Монгол улсын тусгаар тогтнол үндэсний  аюулгүй байдал ард түмний  эрх ашиг байгаль орчинд асар хохиролтой хууль бус  үйлдэл санаархлууд нь хуулиар хамгаалагдан даамжирч  байгаагаас төр засаг, иргэд , иргэний нийгмийн үл ойлголцол газар авч ан цав үүсэн хуримтлагдаж хэний ч  хүсээгүй үр дүнд хүрч  болзошгүй байгааг МУ-ын Ерөнхийлөгч, үндэсний  аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авч  гадаад, дотоодын олигархууд улс төрчид нэгдсэн хууль бус  үйлдлүүдийг яаралтай  таслан зогсоохыг хүсэж шаардаж байна.

МБОИЗ-ийн төлөөлөл ТББ-ууд, гишүүд, дэмжигчид, төрийнхөө  зөв шийдвэр, шударга хуулийг дээдлэн хуулийн хүрээнд аливаа  буруу  үйлдлийг сөрөн зогсох болно.

Сайхан монгол орны маань ногоон  хөгжилд тэмүүлсэн он жилүүд, сорилтууд бидний  оролцоог хүлээж байна.

Төрийн мэлмий  тунгалаг

Түмэн олон амгалан

Ус гол нь цэнгэг

Уул овоо нь ариун дагшин байх болтугай.

Баярлалаа та бүхэндээ