Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган боллоо

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол”сэдвийн хүрээнд өчигдөр боллоо. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл болон Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” зэрэг төслүүд хамтран зохион байгуулж буй тус чуулганд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  нар оролцож үг хэллээ. 

Мөн олон улсын байгууллагууд, ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, аймаг сумдын ИТХ мөн дээрх салбаруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөлөл оролцов. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлсэн үгэндээ, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай асуудал нь байгаль хамгаалах бодлогын цөмд байх ёстой гэдгийг тэмдэглэж, энэ бодлого газар нутгаа хамгаалж үлдэх гэсэн нутгийн иргэдийн хүсэл сонирхолд нийцэж байдаг юм гэв. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг төрийн ивээл, дэмжлэг, зохицуулалтаар хөгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уялдаа холбоог хангах чиглэлийг баримтлах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. 

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эрх зүйн таатай орчинг сайжруулах талаар анхаарч байгаа аж. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэн Засгийн газрын дэмжлэг авчээ. Удахгүй УИХ-д өргөн барих аж. Харин  Д.Оюунхорол сайдын хэлснээр, газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь байгаль орчноо хамгаалах сонгодог загвар аж. Манай улс ч дэлхий нийтийн хөгжлийн энэхүү хандлага, загварыг дагаж, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын менежментийг дэлхийн жишигт хүргэх нь төрөөс экологийн талаар баримтлах бодлогын нэг чухал зорилт юм байна. 

Өнөөдөр улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сумын нутгийг хамарсан 27.2 сая га талбай бүхий 99 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн  17.4 хувь ажээ. Мөн Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан 65 газар нутгийн хамгаалалтын менежментийг хуулийн дагуу 30 хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж байгаа юм байна. 

Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Их Нартын байгалийн нөөц газар, Хар ямаатын байгалийн нөөц газруудын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн жишээ ажээ. Чуулганы үеэр мэргэжилтнүүд  тусгай хамгаалалтын бүс нутгийн орчны эдийн засгийн асуудлыг хөндсөн юм. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутгийнхны амьжиргааг тэтгэх замаар байгаль хамгаалалд оролцуулж, эргээд байгалиа тогтвортой хамгаалалтад байлгах менежмэнтийг хэрэгжүүлэх ёстой ажээ. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  мөн хэлсэн үгэндээ “Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг  бий болгосноор дараагийн хэдэн арван жил эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадна” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн байгаль орчин нь нийгмийн бүх гишүүдийн ашиг сонирхол гэдгийг мартаж болохгүй гэлээ.