Хорт болон аюултай химийн бодис

Химийн бодисыг юу хортой болгодог вэ?

Бодисын хорт чанар гэдэг нь түүний аюултай үр дагаварт хүргэх чадвар гэсэн үг юм. Эдгээр хорт нөлөө нь дан ганц эд эсийг, нэг хэсэг эд эсийг, эрхтэн систем болон бүх бие организмыг гэмтээж чадна. Хорт үр нөлөө нь биед нүдэнд харагдахуйц гэмтлээс гадна зөвхөн тестээр/шалгалт шинжилгээгээр илрүүлэх боломжтой, бие махбодийн гүйцэтгэл, үйл ажиллагааг бууруулах гэмтлүүдийг учруулдаг. Бүх химийн бодисууд аюул учруулна. Бодис маш их хэмжээтэй байж байж хор хөнөөл учруулж байвал үүнийг хорт бус химийн бодис гэж үзнэ. Харин өчүүхэн бага хэсэг нь хор хөнөөл учруулж байвал үүнийг маш хортой бодис гэж үзнэ.

Бодисын хорт чанар нь гурван хүчин зүйлээс хамаарна: Үүнд 1) бодисын химийн бүтэц, 2) бодисын биед нэвчсэн хэмжээ, 3) биеийн бодисын хорыг эсэргүүцэх (бодисын хорыг хор багатай бодис болгон өөрчлөх) болон биеэс хорыг хөөн гаргах чадварыг оруулна.

“Хортой” болон “аюултай” гэдэг ижил ойлголт уу?

Үгүй. Бодисын хорт чанар гэдэг бол түүний хор хөнөөл учруулах чадвар бөгөөд энэ нь аюул бий болох эсэхийг тодорхойлох хүчин зүйлсийн зөвхөн нэг нь л юм. Химийн бодисын аюул гэдэг нь тухайн химийн бодис хор хөнөөл учруулна гэсэн магадлал юм. Химийн бодисыг дараах хүчин зүйлд үндэслэн аюултай гэж тодорхойлдог:

·  Хорт чанар: Хор хөнөөл учруулахад хир их бодис шаардлагатай вэ?

·  Өртөлтийн чиглэл: Бодис биед ямар замаар нэвтэрсэн бэ?

·  Тун: Биед хир их бодис нэвтэрсэн бэ?

· Үргэлжлэх хугацаа: Бодисын нөлөөлөлд өртсөн хугацаа

·  Харилцан үйлчлэл болон урвал: Тухайн үед өөр ямар бодисын нөлөөлөлд өртсөн бэ?

·  Мэдрэх чадвар: Таны бие бусад хүмүүстэй харьцуулахад бодисын нөлөөлөлд хэрхэн хариу үйлчлэл үзүүлж байна вэ?

Зарим химийн бодисууд шатах, дэлбэрэх эрсдэлтэй байдаг тул аюултайд тооцогддог. Энэ нь маш ноцтой аюул боловч үүнийг хорт аюул гэхээс илүү аюулгүй байдал талаас авч үздэг . Хорт аюулын хүчин зүйлсийн талаар доор дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Яагаад зарим химийн бодисууд бусдаасаа илүү хор хөнөөлтэй байдаг вэ?

Бодисын хорт чанарын хамгийн чухал хүчин зүйл нь тухайн бодисын химийн бүтэц (бодис юунаас бүтсэн бэ?), бодист ямар атом, молекул агуулагдаж байгаа болон тэдгээр нь хэрхэн зохицсон байх тухай асуудал байдаг. Ижил төстэй бодисууд ихэвчлэн ижил төстэй хор хөнөөл учруулдаг. Гэхдээ бодисын бүтэц бага зэргийн ялгаатай байхад үр нөлөө нь асар өөр байх нь бий. Жишээ нь, нэг хэлбэрт (хэлбэржээгүй) байх цахиур шороо нь эрүүл мэндэд маш бага нөлөө үзүүлдэг учир түүнийг ажлын байранд харьцангуй өндөр түвшинд байлгахыг зөвшөөрдөг. Гэтэл түүнийг халаавал тухайн цахиур шороо нь өөр хэлбэрт шилжиж (талстжиж), анхны байсан хэлбэрээсээ 200 дахин бага түвшинд байсан ч элгэнд хор хөнөөл учруулах чадвартай болдог байна.

Өртөлтийн чиглэл.

Химийн бодис хүний биед ямар замаар нэвтэрдэг вэ?

Бодис нь биед голдуу амьсгал, арьс болон нүдэнд хүрэх, мөн хоолоор дамжин нэвтэрдэг.

Амьсгалаар нэвтрэх

Бодисыг амьсгалж уушгиндаа оруулах нь өртөлтийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Уушиг нь агаарын замын төгсгөл хэсэгтээ өчүүхэн жижиг уутанцарууд (цулцан) бүхий олон тооны салбарласан амьсгалын замуудаас (бронх гэж нэрлэдэг) бүрддэг. Цулцангууд нь хүчилтөрөгч болон бусад химийн бодисуудыг цусны эргэлтэнд шингээн оруулж өгдөг. Зарим химийн бодисууд нь цочроогч шинжтэй байдаг бөгөөд хамар, хоолойг цочроодог. Мөн тэдгээр бодисыг амьсгалсан үед ханиалгах, цээж хөндүүрлэх зэрэг таагүй байдлыг үүсгэж улмаар бронхит тусахад хүргэдэг. Бусад химийн бодисуудыг амьсгалахад ийм анхааруулах шинж тэмдэг илрэхгүй байж болох ч тэд мөн л аюултай.

Заримдаа химийн бодисууд агаар тоос болон уур манан хэлбэртэй тогтсон байдаг. Эдгээр жижиг хэсгүүд нь хэмжээнээсээ шалтгаалж, бронх болон цулцангуудад очиж тунадас/тортог үүсгэдэг. Тэдний ихэнх хэсэг нь ханиалгах үед гадагш гардаг боловч зарим хэсэг нь үлдэж уушгинд хор хөнөөл учруулж болно. Зарим жижиг хэсгүүд нь задралд орж, улмаар цусны эргэлтэнд шингэн орж болох бөгөөд ингэснээр биеийн бүх хэсэгт нөлөө үзүүлнэ.

Арьсанд хүрэх

Арьс нь биеийг гадны бодисуудаас хамгаалах хаалт/саад болдог. Гэхдээ зарим химийн бодисууд арьсанд түргэн зуур нэвчин цусны эргэлтэнд нэвтрэн орох чадвартай байдаг. Арьсыг зүсэж, огтолсон үед бодис биед илүү хурдан бөгөөд хялбар нэвтрэн орох боломжтой болдог. Хүчтэй хүчил, шүлт зэрэг идэмхий бодис нь арьсыг түлдэг бол зарим нь арьсанд цочрол өгдөг. Олон химийн бодис, ялангуяа органик уусгагч бодисууд нь биен дэх өөх тосыг задалж, хатаан өөр химийн бодис шингэх, халдварлахад мэдрэмтгий болгодог.

Нүдэнд хүрэх

Зарим химийн бодис нүдийг түлж, мөн цочроодог. Тэд санамсаргүй тохиолдлоор нүдэнд хүрч цаашлан цусны эргэлтэнд нэвтрэн орж болно. Нүд нь химийн бодист амархан өртөж гэмтдэг учир химийн бодис нүдэнд хүрвэл түүнийг ноцтой аюултай тохиолдол гэж үзэх шаардлагатай.

Хоолоор нэвтрэх

Өртөлтийн түгээмэл замуудын хамгийн сүүлд химийн бодисыг залгих ордог. Химийн бодисууд гар, хувцас, сахал зэрэг газарт ил байх үед болон хүнс, уух зүйл, болон тамхинд наалдсан байх тохиолдолд түүнийг залгиж болно. Химийн бодисууд нь ажлын байранд тоос хэлбэртэй байдаг. Жишээ нь, хар тугалга, кадми зэрэг бодисууд амархан залгигддаг.