З.Батбаяр: Махны дээд үнийг 5000 төгрөгөөр тогтооно

МАХН-ыхан 2016 оны мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тус хөтөлбөрт малчин өрхөд цалин олгох, гэр хороололд амьдарч байгаа иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдэл олгоно, ТББ-ын санхүүжилтийн асуудалыг шийдвэрлэнэ, татварын шаталсан тогтолцоог бий болгоно хэмээн тусгасан байсан юм. Энэ талаар тус намын гадаад харилцаа, сургалт судалгааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга З.Батбаяртай ярилцлаа.

- Танай намын 2016 оны мөрийн хөтөлбөрт малчин иргэдэд цалин олгоно гэж тусгасан байна. Ямар зарчмаар малчдад цалин өгөх боломжтой гэж үзэж байгаа вэ?

- МАХН-ын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байна. Сонгуулийн өмнө хуульд заасан мөрийн хөтөлбөрт тавих шаардлагуудыг оруулаад эцсийн байдлаар батлагдах ёстой. Одоо энэ ярьж байгаа зүйл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАХН-ын дэргэдэх сургалт судалгааны албаны хийсэн судалгааны дүнд иймэрхүү мөрийн хөтөлбөрийн бодлогууд байвал ямар вэ гэдгийг гаргаж ирсэн. Намын гишүүд, дэмжигчдийн дунд хэлэлцүүлж байгаа асуудал. Мөрийн хөтөлбөрийг сонгуулийн өмнө гэнэт гаргаж ирээд, мөнгө амлаад, сонгууль луйварддагаа зогсооё, жилийн өмнө мөрийн хөтөлбөрөө баталж байя гэдгийг улс төрийн намууддаа уриалж байгаа нэг хэлбэр.

- Өөрсдөө мал маллахгүй хэрнээ малтай хүмүүс маш их бий. Тэгэхээр малчин иргэд гэж чухам юугаар тогтоох вэ?

-Нэгт, одоохондоо мөрийн хөтөлбөрийн төсөл. Хоёрт, малчин өрхөд цалин өгнө гэдэг нь яг хөдөө орон нутагтаа мал маллаж байгаа хүмүүсийн асуудал. Түүнээс биш мал бүхий иргэн гэх юм бол Монголын  бараг хүн бүхэн малтай шүү дээ. Тэгэхээр малчин иргэн буюу одоо байгаа 149 мянган өрхөд цалин өгөх юм. Малчид нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөггүй гэж ярьдаг. Цалин олгоод эхлэвэл энэ бүх асуудлууд шийдэгдэнэ. Малчидад цалин өгдөггүй ч дэмжих маш олон төрлийн бодлогууд явдаг. Ноос, ноолуур, арьс ширний урамшуулал олгодог ч энэ нь нийт малчин өрхийн хоёр хувь буюу их малтай хүмүүст нь хүрээд яг малаа маллаж байгаа хүмүүст хүрч чаддаггүй. Тиймээс иймэрхүү байдлаар дэмждэг дэмжлэгийг нь зогсоогоод тэр мөнгийг мал маллаж Монголын эдийн засгийн 30 хувийг авч явж байгаа малчиддаа цалин хэлбэрээр өгөх нь зүйтэй гэж үзсэн. Нөгөө талдаа малчидад цалин өгснөөр малаас гарч байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжтой. Махны үнийн дээд хязгаарыг тогтоох боломжтой. Бид гурил, шатахууны дээд үнийг тогтоогоод компаниудад мөнгө өгч байгаа. Тэгвэл яагаад малчдад цалин өгөөд, тэдний амжиргааны түвшинг дээшлүүлээд, хүн амын хүнсний гол хэрэглээ махны үнийг бууруулж болохгүй гэж. Махны үнийг 1000 төгрөгөөр бууруулвал хэрэглэгчдийн халааснаас гарах 240 тэрбум төгрөг хэмнэгдэх юм байна гэсэн тооцоо байгаа. Малчдын цалин гэдэг нь их өвөрмөц сонсогдож байгаа ч том компаниудыг дэмжиж, эдийн засгаа чирүүлдэг байснаас сууриа дэмжиж бүгдээрээ жигд дээшилж, ядуурлыг бууруулдаг эдийн засаг руу шилжье гэсэн социалдимократ үзэл баримтлал дээр тулгуурлаж хийсэн мөрийн хөтөлбөр юм.

- Сард хэдэн төгрөгийн цалин өгөх боломжтой вэ? Манай эдийн засаг үүнийг дийлэх үү?

- Бидний тооцоогоор 350-700 мянган төгрөгийн цалин өгөх боломжтой гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 350 мянган төгрөг гэж тооцсон. Одоо төсөв дийлнэ, дийлэхгүй гэдэг яриа гардаг болсон. Ер нь Засгийн газар мөнгөтэй байх уу, үгүй юу гэдгийг ярьдаг. Гэтэл Засгийн газар мөнгөтэй байх биш, ард иргэд худалдан авах чадвартай байх ёстой. Ард иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх  хоёр зам бий. Нэгт, цалин, тэтгэвэр нэмэх, хоёрт, юмны үнийг бууруулах. Нийтэд нь цалин нэмэх нь малчидад цалин өгөхөөс илүү зардал гарна. Цөөхөн хэсэг болсон малчид буюу 145 мянган өрхөд цалин өгөөд тэр хэмжээгээр махныхаа үнийг бууруулаад нийт иргэдийнхээ худалдан авах чадварыг дээшүүлж болно. Нөгөө талаар, аливаа нэгэн салбарыг дэмжинэ гэдэг зорилгоор компаниудыг дэмждэг үйл ажиллагааг зогсоож сууриа дэмжье гэдэг үүднээс энэ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн.

- Махны үнэ малчдаас шууд хамааралгүй байдаг шүү дээ. Ченжүүд малчны хотноос нэг кг үхрийн махыг 3500 төгрөгөөр тооцож авдаг хэдий ч зах зээлд 8000-10000 төгрөгөөр борлуулдаг. Тэгэхээр махны үнийн дээд хязгаарыг тогтоож, барих боломж бий юу?

- Малчид нэг кг үхрийн махыг 3500 төгрөгөөр борлуулж байгаа бол цалин аваад ирэхээр малаар их хэмжээний орлого олохгүй. Тиймээс махны үнийн дээд хязгаар 5000 мянган төгрөг гэж тогтооно. Тэгэж тогтоосон тохиолдод ченжүүд 3500-аар авсан бол 5000 мянгаар л зарна. Ашиг нь хангалтгүй байвал ойрхон газраас махаа авна. Нөгөө талаараа малчдаасаа их байгаа ченжүүдийг багасгана. Харин нэгдсэн байдлаар махаа татдаг, 5000 мянгаар борлуулдаг зарчим руу шилжих боломжтой. Хот суурин газар амьдарч байгаа иргэдийн төвлөрлийг сааруулахад нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Малчидад цалин олгоод эхлэхээр Улаанбаатар хотод орж ирсэн иргэд малтай болохын төлөө хөдөө гарна. Зуднаар малаа алдаж, Улаанбаатарт нүүж ирсэн иргэдийн тоо 25-30 мянган хүрсэн. Цалин олгоод эхэлвэл эдгээр иргэн хөдөө очиж малаа маллана. Дээр нь өнөөдөр малчдын тоо маш их цөөрсөн. Малчид цөөрч байгаа нь Монгол Улсын олон жилийн уламжлалт аж ахуй, соёлыг авч үлдэх, малчдын тоо нэмэгдээд, малын тоо өсөх боломжой. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна, махны үнийг бууруулна, малчдын амжиргааны түвшин сайжирч, татвараа төлдөг болно. Малчдыг дэмжих нэрээр, цөөхөн хэдэн хүнд очдог халамжийг гэж хэлж болохоор бодлогуудыг цөөрүүлнэ.

- Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн цалинг 15 хувиар нэмнэ гэсэн байсан. Нэг гэрийн бүх хүн энэ нэмэгдэлийг авах уу, зорилго нь юу юм бол?

- Би Усны газрын орлогч дарга байхдаа эрдмийн зэрэг цолны нэмэгдэл 10, удаан жилийн нэмэгдэл 8-10, аюултай нөхцөл 10 хувийн нэмэгдэл, хоол, унааны мөнгө гээд нийт цалингийнхаа бараг 50 шахам хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг, авдаг байсан. Тэгвэл энэ замбараагүй нэмэгдлийг учиртай болгоё. Тодорхой зорилтот бүлэгт хандуулъя. Эрдмийн зэрэг цолны мөнгийг багасгаад гэр хороололд амьдардаг иргэддээ олгоё. Өнөөдөр хот суурин газарт учраад байгаа хамгийн том асуудал нь агаар, хөрсний бохирдол. Нүхэн жорлон, усан хангамжийн асуудал байна. Тэгвэл сар бүрийн 15 хувийн нэмэгдлээрээ утаагүй зуух авч, жорлонгоо аюулгүй болгож, муу усны нүхээ засч болно. Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг цэгцлэх, тэнд сайхан амьдарч болдогийг харуулах зорилгоор энэ нэмэгдлийг олгох юм. Цалингийн 15 хувийн нэмэгдэл авчихаад одоо байгаа шигээ нүхэн жорлонтой, муу усаа хашаанаасаа гаргаад асгаад байвал нэмэгдлийг нь өгөхгүй байх.

- Хяналтыг хаанаас, хэрхэн тавих вэ?

- Хяналтыг хорооны хэсгийн байцаагчид тавина. Хорооны ажилтнууд компани руу нь бичиг явуулж, гаргасан зөрчлийг нь мэдээлнэ. Нэмэгдэл гэж баахан мөнгө тараах гэж байна гэж харагдаж байгаа боловч хот суурин газарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос илүү аймшигтай зүйл бол гэр хорооллын 380 мянган нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх арга зам байхгүй байгаа. Тэгвэл иргэддээ мөнгө өгөөд, өөрсдөөр нь янзлуулах нь зүйтэй. Ер нь улс орны хөгжил гэдэг хэдхэн том компани хөгжөөд, тэд бусдыгаа авч явахыг хэлэхгүй. Харин ядуурлын түвшинг бууруулж, дундаж хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдэхийг хөгжил гэнэ. Тиймээс тодорхой бүлэг хүмүүст зориулсон арга хэмжээг авах ёстой. Үүнээс МАХН ямар нийгэм байгуулах гээд байгаа, юуны төлөө яваад байгаа гэдэг нь  ил тод болно.

- ТББ-уудын санхүүжилтийн талаархи барих бодлогын чиглэлээ тайлбарлана уу?

-ТББ-уудыг дэмжих зорилгоор Хүн амын орлогын албан татварын санд хуримтлагдсан татварын нэг хувийг хуваарилана. Ингэж чадвал ТББ-ийн бие даасан үйл ажиллагаа сайжирч, иргэний нийгмийн байгууллагууд үүсч бэхжих нөхцлийг бүрдүүлж чадна гэж үзэж байна. Улсын нийт төсөв 6.1 их наяд төгрөг байгаагаас хүн амын орлогын албан татвараас нэг их наяд төгрөгийн хуримтлал бий болдог байна. Үүний нэг хувь нь нэг тэрбум төгрөг юм.

Үүний зэрэгцээ татварын өсөн нэмэгдэх шатлалыг бий болгохоор зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 113602 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47 хувь нь буюу 50 мянга гаруй нь татварын орлогын 7 хувийг бүрдүүлдэг. Харин нийт компанийн нэг хувь буюу 1000 гаруй аж ахуйн нэгж нийт татварын орлогын 85 хувийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс татварын өсөн нэмэгдэх шатлалаар буюу нэг тэрбум хүртэлх орлоготой компаниас 5 хувь, 1-5 тэрбум орлоготой компаниас 15 хувь, таваас дээш тэрбумын орлоготой компаниас 30 хүртэлх хувийн татварыг авдаг байхаар тооцоолсон байна. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн жигд өсөлт бий болж, хүн амын дундах ажилгүйдлийн тоо буурна гэж харж байгаа аж. 

Үүний зэрэгцээ татварын өсөн нэмэгдэх шатлалыг бий болгохоор зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 113602 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47 хувь нь буюу 50 мянга гаруй нь татварын орлогын 7 хувийг бүрдүүлдэг. Харин нийт компанийн нэг хувь буюу 1000 гаруй аж ахуйн нэгж нийт татварын орлогын 85 хувийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс татварын өсөн нэмэгдэх шатлалаар буюу нэг тэрбум хүртэлх орлоготой компаниас 5 хувь, 1-5 тэрбум орлоготой компаниас 15 хувь, таваас дээш тэрбумын орлоготой компаниас 30 хүртэлх хувийн татварыг авдаг байхаар тооцоолсон байна. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн жигд өсөлт бий болж, хүн амын дундах ажилгүйдлийн тоо буурна гэж харж байгаа аж. - See more at: http://politics.time.mn/content/53109.shtml#sthash.hg3wzNyS.dpuf
Үүний зэрэгцээ татварын өсөн нэмэгдэх шатлалыг бий болгохоор зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 113602 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47 хувь нь буюу 50 мянга гаруй нь татварын орлогын 7 хувийг бүрдүүлдэг. Харин нийт компанийн нэг хувь буюу 1000 гаруй аж ахуйн нэгж нийт татварын орлогын 85 хувийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс татварын өсөн нэмэгдэх шатлалаар буюу нэг тэрбум хүртэлх орлоготой компаниас 5 хувь, 1-5 тэрбум орлоготой компаниас 15 хувь, таваас дээш тэрбумын орлоготой компаниас 30 хүртэлх хувийн татварыг авдаг байхаар тооцоолсон байна. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн жигд өсөлт бий болж, хүн амын дундах ажилгүйдлийн тоо буурна гэж харж байгаа аж. - See more at: http://politics.time.mn/content/53109.shtml#sthash.hg3wzNyS.dpuf

Эх сурвалж: http://politics.time.mn/content/53109.shtml