2015 оны 1 сарын 19-ны өдөр МБОИЗ-оос Чингисийн талбай дээр нээлттэй хэвлэлийн бага хурал хийж төрийн өндөрлөгүүдэд өргөх бичиг барив.
Та бүхэнд өргөх бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
УИХ-ын дарга З.Энхболд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
БОНХАЖ-ийн Сайд Д.Оюунхорол
УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н Байнгын хорооны дарга Су.Батболд нарт
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ӨРГӨН БАРИХ БИЧИГ
2015-01-16
Шийдлийн Засгийн газар нь улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд, хамтарсан Засгийн газар байгуулан шуурхай ажиллаж эхэлсэн хэдий ч, эдийн засгаа аврах нэрийн дор байгаль хамгаалах хууль тогтоомжуудыг хүчгүйдүүлж “Ирээдүй хойч үеэсээ өрсөн бүхнийг ухаж мөнгө болгох”-ыг уриалж үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуй, соёл уламжлалд халтай шийдвэрүүд гаргаж эдийн засгаа дан ганц уул уурхайн салбар дээр түшиглэн аврах өрөөсгөл арга замыг сонгож байгааг Монголын байгаль орчны иргэний зөвлөл эрс буруушааж байна.
Уул уурхайн ашиглалт нь тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгоод зогсдог, хүний эрүүл аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөөлөл үзүүлдэг, биологийн олон янз байдал, төрөл зүйлийг устгадаг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрлийг дагуулдгийг байгалийн баялагийг хэт шүтсэн олон улсын эдийн засгийн өсөлтийн түүх нотолдог.
Гэтэл үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж болохуйц төсөл, хөтөлбөрийг хуулиа өөрчлөн байж, дэмжиж буруу шийдвэр гаргадаг, баталдаг гажуудлын буухиаг ард түмний хамгийн итгэл тавин хүлээж байсан ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР үргэлжлүүлж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал юм.
Иймд байгаль орчинтой холбоотой гаргасан буруу шийдвэрүүдээ яаралтай эргэн харж засаж залруулахыг Шийдлийн засгийн газраас шаардаж энэхүү бичгийг та бүхэнд өргөн барьж байна.
Өргөх бичигт тусгагдсан эдгээр асуудлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхий чиг үүргийн яам болох БОНХАЖЯам онцгой анхаарал хандуулах ёстой гэж МБОИЗ үзэж байна.
Үүнд:
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд, дэмжигчид бид, улс орныхоо хөгжил Байгаль орчны төлөө тэмцэхдээ гадныханд хөтлөгдсөн увайгүй удирдлага, улс төрчдөөс болж эрсдэлтэй, хүчирхийлэлд суурилсан, ёс зүйгүй тэмцлийн арга хэлбэрээс татгалзаж, аливаа асуудалд хүлээцтэй тэвчээртэй хандаж, хэлцэл зөвшилцөлийн арга хэлбэрийг сонгохоо нэг бус удаа илэрхийлсээр байгаа. Бид бие биеэ хүндэтгэсэн шударга, ил тод, зөвшилцөл хийхэд бэлэн байна.
МБОИЗ-өөс ухаалаг төр, иргэний нийгмийн харилцан хариуцлагатай, уялдаатай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд иргэд, иргэний нийгмийн оролцоог хангахад хүчин чармайлт гаргаж, уламжлал, ёс заншил, байгаль орчинд хал багатай хөгжлийн төлөө оролцогч талуудтай хамтран ажиллах чин хүсэлтэй байна.
Шийдлийн засгийн газраас улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Монголын хөгжлийн сорилт болсон энэ цаг үед, аливаа шийдвэрийг гаргахдаа Иргэний нийгмийн байгуулагуудтай нээлттэй санал солилцож, өргөн оролцоог хангах зарчмаар, зөвшилцөлийн арга хэлбэрийг ашиглан, зөв шийдвэрт хүрч байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж МБОИЗ үзэж байна.
Монголын байгаль орчны иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд, гишүүд, дэмжигчид төрийнхөө зөв шийдвэр, шудрага хуулийг дээдлэн, хуулийн хүрээнд аливаа буруу үйлдлийг сөрөн зогсох болно.
Төрийн мэлмий тунгалаг
Түмэн олон амгалан
Ус гол нь цэнгэг
Уул овоо нь ариун дагшин байх болтугай.
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ