Н.Дашзэвэг: МОДНЫ ХУЛГАЙН ЗАМ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ БАЙНА.

Д. Оюунхорол сайд мадад үүрэг даалгавар өгсөн

Саяхан БОНХАЖ-ын яам дээр Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн хүрээнд уг асуудлыг зохицуулах зөвлөл байгуулж, даргаар нь Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүнН.Дашзэвэгийг томилжээ. Түүнтэй хууль бус мод бэлтгэлийн талаар ярилцлаа.

-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх,зохицуулах зөвлөл байгуулагдаж та тэргүүнээр нь сонгогдсон байна. Иргэний зөвлөлөөс энэ ажлыг удирдуулах шийдвэр гарсан нь энэ салбарт байгаль орчинд ээлтэй иргэний үүрэг их чухал гэдгийг харууллаа гэж ойлголоо. Тийм үү?

-Байгаль орчноо хамгаалж тэмцэх нь хүн бүрийн үүрэг. Энэ ажлыг сэтгэл, зүрх гаргах хэн ч хийнэ. Миний хувьд сүүлийн 5-6 жилд Монголын байгаль орчны иргэний зөвлөлд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажил хариуцаж, хулгайн замд хоёр пост ажиллуулж ирсэн. Ерөнхийлөгчийг шаардаж, хууль бус мод бэлтгэлийн талаар зарлиг гаргуулсан. Тиймээс Д.Оюунхорол сайдын саналын дагуу би энэ ажлыг удирдахаар боллоо.  

-Хууль бус мод бэлтгэлийн талаар бид олон жил ярьж байна. Гэтэл үр дүн муу харагддаг. Хэлэлцүүлгээр яригдсан хамгийн чухал зүйл нь юу байв?

-Модны хулгайтай тэмцэж буй төр засгийн ажлууд шаардлагын төвшинд хүрэхгүй байна. Иргэдийн оролцоо ч сул байна. Төр засгийн байгууллагууд жилд цөөн удаа явж шалгадаг. Энэ нь хагас дутуу арга хэмжээ болоод байна. Мөн модны хулгайчид нийслэл рүү, хулгайн замаар орж ирдэг. Гэтэл замд нь хэн ч байдаггүй тул модны хулгай зогсох боломжгүй. Модны захууд бүгд хувийн байгууллага тул тэд ашгаа эхлээд бодно. Хулгайн мод зах руу орж байгаа эсэхэд хяналт сул байна. Төр засаг шөнө ажилладаг болох ёстой. Өөр гарц алга.

-Улсын хэмжээнд жилд хэр зэрэг ой мод хулгайлагддаг бол. Төрийн байгууллагууд модны хулгай буурч байна гэдэг?

-Жилд 1-1.5 сая шоо метр мод хулгайлагдаж байна гэсэн судалгаа бий. Нийслэлд борлуулж буй модны 85-90 хувь нь хулгайн мод байна. Бидний тооцоогоор жилд хоёр сая шоо метр хулгайлагдаж байна гэж үздэг. Нэг сая орчим шоо метр мод зөвшөөрөлтэй байдаг. Нийслэл рүү шөнө голдуу орж ирдэг хулгайн замуудад хэн ч хяналт тавьдаггүй, 22-ын товчооны хяналт шалгалт сул. Мөн хуулийн цоорхойнууд их, цагдаа, шүүх, прокурорууд дээрээс хэрэг их мултардаг. Хулгайн модны араас явдаг хүн байдаггүй тул модны хулгай буурсан гэж ярихад учир дутагдалтай.

-Жирийн иргэд түлэх түлээгээ бэлтгэх гэж байгаад хуулийн асуудалд орох нь бий. Эрхзүйн мэдлэггүйгээсээ болоод хуулийн хариуцлага хүлээх гээд байдаг. Ер нь хууль бус мод бэлтгэл гэж яг юуг нь хэлээд байна вэ?

-Зөвшөөрөлгүй бэлдсэн модыг хууль бус гэнэ. Хэрэглээний мод ч бай, түлээний мод ч бай заавал зөвшөөрөл авах ёстой.  

-Мөн хууль бус мод бэлтгэлээр мэргэшсэн сүлжээ маягийн байдал ч манайд ажиглагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Зах зээлд шилжсэнээр модны хулгай задгайрсан. 25 гаруй жил үргэлжилж байна. Орон нутагт нь сумын удирдлага оролцдог, замд нь цагдаа хамгаалдаг, баригдвал шүүх, прокурор чөлөөлдөг сүлжээ байдаг гэж ярьдаг. Арваад жил энэ асуудалтай зууралдсан хүний хувьд дээрх яриаг ортой гэж үзэж байна. Хоёр жилийн өмнө Сэлэнгээс орж ирсэн 14 тэвш модыг дагаж шөнө модны зах руу орох үед нь цагдаа дуудсан. Тэд ирэхгүй, нөгөөдүүл нь машинаар дайрч зугтаах гээд зовоосон арай гэж барьсан хэдийг нь Баянгол дүүргийн прокурор араас нь нөхөж ирсэн зөвшөөрлийн бичгээр бүгдийг нь суллаж явуулсан байсан.      

- Зохицуулах зөвлөлийн зүгээс энэхүү хууль бус мод бэлтгэлийн асуудалд ямар үүрэгтэй оролцох вэ. Та бүхний зүгээс ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?

- Д.Оюунхорол сайд надад үүрэг даалгавар өгсөн. Ойрын өдрүүдэд зөвлөлийнхөө анхны хурлыг хийж, ажлаа хувиарлана. Ерөнхийлөгчийн зарлиг, Сайдын даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргана. Стратеги, тактикаа ярина Өчигдөр Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч Чимидсүрэнтэй ярилцлаа. Оросоос хамгийн хямд үнээр чанартай мод оруулж ирэх боломжийг судлаад надад хариу өгье гэсэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин сэтгүүлч Т. Батсайхан