Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. “Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар  хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологид суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортын бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.  Экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сулыг харуулж байгаа юм. Аж үйлдвэрийн талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтгүй явж ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулжээ. Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ.

1.  Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх

2.  Аж үйлдвэрийн бүсийн хөгжлийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах

3. Үйлдвэрлэлүүдийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх

4. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг  хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих

5.  Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих

6.  Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх

7.  Худалдааны таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх

Эдгээр зорилтуудыг 3 үе шаттайгаар тус бүр 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна