Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ

 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт салбарын асуудлаар мэдээлэл өгч, илтгэл тавилаа. Мөн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд аймгуудын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн анхаарах асуудлууд”сэдвээр тавьсан илтгэлийг толилуулж байна.

 

 Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар аа, Хатагтай, ноёд оо

Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

БОНХАЖ-ын сайдаар томилогдоод орон нутгийн удирдлагаТа бүхэнтэй анхны уулзалтыг хийж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, цаашид хийх ажлаа төлөвлөх гэж байгаадаа баяртай байна. Энэ албанд томилогдоод салбарынхаа ажил байдал, хамт олонтойгоо танилцаж, хийх ажлаа төлөвлөлөө. Засгийн газар богино хугацаанд тодорхой, томоохон ажлуудыг эхлүүлэхээр тогтсон билээ. Бид салбарын бодлогоо энэ зарчмаар тодорхойлж, ажлаа эхлээд байна.

Шинэ он гарахтай зэрэгцэн яамныхаа холбогдох албаны хүмүүстэй Баянхонгор, Өвөрхангай, Завханаймгуудад ажиллаад ирлээ.Хэдийгээр эдгээр аймгуудыннутгаар цас багатай, өнөтэй сайхан өвөл болж байгаа хэдий ч хавартаа хүчтэй шороон болон цасан шуурга шуурах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл гарч болзошгүй байгаагаас мал аж ахуйд хүндрэл учирч, ой, хээрийн түймэр олонтоо гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

 НЭГ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР

 Монгол Улсын Их Хурал 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталснаар хуучин явж ирсэн чиг хандлагаа өөрчилж, хувь хүн, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч, төв, орон нутаг бүгд хэмнэлттэй, үр ашигтай, өндөр бүтээмжтэй, байгальд ээлтэй аж ахуй эрхлэх, амьдралын ногоон хэв маягийг хэвшүүлэх шаардлага тулгарч байна. Ингэснээрээ бид байгаль орчны тогтвортой байдлыг хангаж, байгалийн үр өгөөжийг нь урт удаан хугацаанд үе дамжуулан хүртэх боломжтой болно.

Өнөөдөр бидэнд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, бэлчээрийн доройтол, цөлжилт гээд олон асуудлууд тулгамдаж байна. Тухайлбал, агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотын хувьд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа төдийгүй Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн төвүүдэд ч асуудал хүндэрсээр байна.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул гол маш бохирдож, усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрч байна. Аймгуудад ч цэвэрлэх байгууламжийн ажиллагаа хангалтгүй байгаагаас Хиагт, Хангал, Орхон, Буянт, Ховд зэрэг голын усанд стандартаас давсан бохирдол ажиглагдаж байна. Үүнийг шийдвэрлэх гол зам нь бохирдлын эх үүсвэр болоод байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэх, голын хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд сахиж хууль зөрчин газар олгохгүй байх, хог хаягдал хаяхгүй байх, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг таслан зогсоох явдал юм.

Орчны бохирдлын бас нэг тулгамдсан асуудал нь гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжаас үүдэлтэй хөрс, орчны бохирдлын асуудал юм. Энэ нь хөрс, гадаргын болон газрын доорх усыг ихээр бохирдуулж байгаа төдийгүй халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн 80% нь доторх хананы битүүмжлэлгүй, стандартын шаардлагыг зөрчиж байгаагаас гадна хальж асгаран орчныг бохирдуулж, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй байна.

Эдгээр хүндрэлтэй асуудлаас гарахын тулд хохирол багатай шийдэх дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн арга зам бол тогтвортой хөгжил буюу ногоон хөгжил гэж тодорхойлоод байгаа хөгжлийн зарчим юм.

2015 онд байгалийн үрөгөөжийг үнэлж зохистой ашиглах, ногоон хөрөнгө оруулалт, ногоон ажлын байр нэмэгдүүлэх, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, нөхө нсэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлж, ногоон хөгжлийг хангахад орон нутгийн удирдлагын зүгээс үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллавал зохино. Энэ хүрээнд түүхийэд,материал, усны хэрэглээг багасгах, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжих арга замаар ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, худалдан авалт хийхдээ эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, түлш,шатахуун бага зарцуулдаг бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж, барилга байгууламжийн сонголт хийх нь зүйтэй.         

Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг аймаг, нийслэл өөрийн төсөвт төвлөрүүлдэг болсон ч байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах ёстой хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсаар байна. Өмнөговь, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот, Говь Алтай аймагт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого хамгийн ихээр төвлөрч байна. Гэвч эдгээр аймгийн нутаг дэвсгэр дэх усны сав газрын экологи, ус, усан орчны нөхөн сэргээгдэх чадвар бусад аймгаас илүү буурч байгааг анхаарч, хамгаалах, нөхөн сэргээх зардлыг энэ жилээс улам ихээр нэмэгдүүлэх хэрэгтэй.

УИХ-аар 2010 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөрт заасан хур тунадас, гадаргын усыг хуримтлуулах томоохон усан цогцолборуудыг байгуулж, усны нөөц хомс, хэрэглээ нь хэт хурдацтай өсч байгаа бүс нутаг руу шилжүүлэн ашиглах томоохон төслийг ойрын хугацаанд эхлүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Говийн бүсийн уул уурхайн томоохон төслүүдийн ус хангамжийг шийдвэрлэх, эдгээр усан цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг нэн даруй эхлүүлэхгүй бол төр засаг, орон нутаг, иргэдийн хоорондын үл ойлголцол тасрахгүй үргэлжилсээр хөрөнгө оруулалт саатаж цаг хугацаа алдсаар байна.

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр Архангай, Өвөрхангай, Хэнтий аймагт тус бүр 1, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймаг тус бүр 1, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр 4 хөв, цөөрмийг барьж байгуулжээ. Энэ онд улсын төсөв хүндрэлтэй байгаа нөхцөлд усны нөөцийн хуримтлал бий болгож үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулах хүрээнд зураг төсөл нь хийгдээд байгаа хөв цөөрмийг байгуулах, шинээр зураг төсөл хийлгэн барих ажилд аймгийн Засаг дарга нар өөрсдийнхээ хүч хөрөнгийг дайчлан ажиллах шаардлагатай байна.       

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан гол, мөрний урсац бүрэлдэхэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын алдаатай тусгагдсан хилийнз аагийг хянан шалгаж, залруулах ажлын хүрээнд тус яам 2014 онд усны сав газрын экологийн онцлогт тохируулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр орон зайн загвар ашиглан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий, ойн сан бүхий газрын байгалийн хилийг шинэчлэн тогтоогоод байна.

Өнөөгийн байдлаар, ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрөл 11 сая га талбайд олгогдсон байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 7%-ийг эзэлж байна. 2013 оны байдлаар, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан нийт 24637 га газар эвдрэлд орсноос 10263 га буюу 41.6%-д техникийн нөхөн сэргээлт, 6781 га буюу 27.5%-д биологийн нөхөн сэргээлт хийжээ.

   Нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984 га газаруул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон бөгөөд үүнийг нөхөн сэргээхэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоо гараад байна.2014 онд нийт 7 аймаг орон нутгийн төсвөөр эвдрэлд орж эзэнгүй орхигдсон газрын 160 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. Орон нутагт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээх арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулах шаардлагатай.

Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчин доройтон бохирдож, байгалийн баялгийн нөөц хомсдож, байгалийн аюулт үзэгдлийн давтамж, эрчим ихэсч байгаад дүгнэлт хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Хангай, Хэнтийн нуруу болон Хөвсгөл, түүний орчмын газар нутгийн голмөрнийурсацбүрэлдэхэхийг нэн даруй хамгаалалтад авах талаар саналаа тавихдаа ИТХ, Засаг дарга нар нутгийн иргэдтэйгээ нягт хамтран ажиллах, улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрээ ИТХ шуурхай гаргаж яаманд тавьж шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллах нь чухал юм. Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрт мөн энэ тухай заасан бөгөөд Байгалийн нөөц газар, дурсгалт газар болон орон нутгийн тусгай хамгаалалттайнутгийн менежментийг сайжруулах чиглэлээр манай салбарын байгууллагуудтай хамтарч ажиллах нь зүйтэй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн хүн амын аж байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэднийг хамгаалалтын менежментийн үйл ажиллагаанд татан оролцуулах замаар тухайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг сум, дүүргийн засаг дарга нар хамгаалалтын захиргаа, орчны бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай.

Өнөөгийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд 117 сумын 14 сая га талбай хамрагдаж байна. Энд 44990 айл өрх, 4.6 сая толгой мал, аялал жуулчлалын 107 бааз, газар тариалангийн 81 аж ахуй ннэгж, судалгаа шинжилгээний 14 байгууллага, байгаль хамгаалах 485 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж, улсын чанартай 71 авто зам орчны бүсээр дайран өнгөрч байгаа нь ТХГН болон орчны бүсийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж байна.

Улс орны эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хараат байдлыг халж, олон тулгууртай болгох зорилгоор аялал жуулчлалын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж, олон улсад Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр бодлогоо тодорхойлон, хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Казиногийн тухай хууль”, “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулж, батлуулах ажлыг эхлүүлээд байна.

2014 онд Монгол улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмблэгдсэн. 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж, улмаар 2020 он гэхэд 14 хувь хүртэл өсгөх өндөр зорилтыг тавин ажиллаж байна. Манай улсыг 2011 онд 457 500, 2012 онд 475 900, 2013 онд 417800 гадаадын жуулчин зорин ирж, аялсан байна. Цаашид 2016, 2017 онуудад жуулчны тоог 1 саяд хүргэх зорилготой.

Одоогийн байдлаар, Хэнтий, Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай, Увс, Булган, Говь-Алтай, Дархан-Уул зэрэг аймгууд аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Хөвсгөл, Ховд аймгууд бодлогын баримт бичиг, Сүхбаатар, Өмнөговь аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөө баталж хэрэгжүүлж байгааг дурдахад таатай байна.

Орон нутагт аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, уг салбараар дамжуулан нутгийн иргэдийн ажлын байр, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй.

Газрын нөөц, үндэсний баялаг, иргэдийн амьжиргааны эх үүсвэр, нийгмийн хөгжлийн хэрэгсэл гэсэн олон талаас нь харж бодлого, төлөвлөлтийг гарган хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байна гэж үзэж, Улсын Их Хурлаас “Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулинд 2014 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа газар зохион байгуулалтын асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах болсон юм.

Цаашид тус яам нь газар зохион байгуулалтын болон газрын шинэтгэлийн бодлого, арга хэмжээг эрх зүйн шинэ хандлагаар улсын хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэхдээ газрын ашиглалт, хамгаалалтын асуудлыг цогцоор нь харж, газрын нөөцийн салбар дундын болон орон нутгийн удирдлагыг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж эхлээд байна.

Газрыг үр өгөөжтэй ашиглаж, даац чадавхийг зохистой түвшинд байлган газрын доройтол, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж, хамгаалахад аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө чухал үүрэгтэй.

Иймд аймаг, нийслэлтэй газрын талаар хамтран ажиллах ажлаа энэ төлөвлөгөөг боловсронгуй болгож сайжруулахаас эхлэе гэж Та бүхэнд санал болгож байна. Өнөөдрийн байдлаар, зөвхөн 4 аймаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө сайжруулан хийсэн бол нийт 17 аймаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө дахин хийлгэх шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, тариалангийн хөрсний үржил шимийн бууралт, түймэр, хөнөөлт шавж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс шалтгаалсан ойн хомсдол, уул уурхайн зохисгүй үйл ажиллагааны улмаас газрын нөөцийн чадавх буурч доройтох, цөлжих явц идэвхжиж байна. Улсын хэмжээнд 2013 онд дээрх шалтгаанаас нийтдээ 9.0 сая га газар доройтолд өртсөн багазархамгаалахаргахэмжээний хүрээнд 2.6 сая га талбайд хамгаалалтынаргахэмжээавсан нь нийт хохирлын 29 хувь болж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Газрын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жил бүр 45 орчим тэрбум төгрөг орж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулинд газрын нөөцийн төлбөрийн 30-аас доошгүй хувийг газар зохион байгуулах, газрыг хамгаалж нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, газрыг бохирдол, доройтлыг бууруулах ажлыг орон нутагт эрчимжүүлэх шаардлагатай байгааг Та бүхэнд анхааруулж байна.

Олон улсын байгууллага, зарим гадаад орны буцалтгүй тусламжаар байгаль орчны салбарт 10 гаруй урт, богино хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжиж, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах ажилд багагүй үүрэг гүйцэтгэсэн байна. ХБНГУ, ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг улс орнууд, НҮБХөгжлийн хөтөлбөр, Мерси Кор, Азийн сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүстэй албан ёсны уулзалт хийж, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэх, шинээр хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, нутгийн уугуул иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана.

Нийслэлийн хэмжээнд одоо 500 гаруй байгаль орчны хяналтын улсын байцаагч, 830 орчим байгаль хамгаалагч, 2200 гаруй идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байгаа боловч байгаль орчны багц хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Үүний шалтгаан нь албан тушаалтны өөрсдийн идэвх санаачилга дутуу, сэтгэл гарган ажиллахгүй байгаатай холбоотой боловч, үүнийг мөн өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй аймаг, сумын удирдлага хангалтгүй зохион байгуулж байна гэж үзэж болно.

Одоогоор байдлаар, байгаль орчны чиглэлийн улсын бүртгэлтэй 700 гаруй төрийн бус байгууллагад 15 мянга орчим иргэд эвлэлдэн нэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ 3 сая гаруй га талбай бүхий ойн санг 1080 гаруй нөхөрлөл гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг 27 нөхөрлөл, 11 аж ахуйн нэгж, 7 төрийн бус байгууллагад гэрээгээр хариуцуулан, хамгаалж байгааг сайшаан талархаж байна. Энэ ажлын үр дүнд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх ажилд ялангуяа, байгалийн нөөцийн хууль бус ашиглалтыг таслан зогсоох, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд чанарын ахиц дэвшил гарч байгаагийн зэрэгцээ нутгийн иргэдийн ажлын байр, орлогын эх үүсвэр ч нэмэгдэх боломж олгож байна. Тухайлбал, түймрээс хамгаалах шороон зурвас шинээр байгуулж эхэлсэн, аймаг сумдад түймрээс хамгаалах зөвлөл байгуулж, ажиллагааг нь идэвхжүүлсэн, ойн нөхөрлөлийн тоог нэмэгдүүлсэн зэрэг ажлын үр дүнд 2012 оны суурь үзүүлэлттэй харьцуулахад 2013-2014 онд гарсан түймрийн тоо 20.6%, түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ 98%-иар тус тус буурсан байна.

Жишээ нь Дорноговь аймгийн Хатан булаг сумын Толь уулын нөхөрлөл, Хатны булаг нөхөрлөл, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын Тахилга мандаа Өшгөг нөхөрлөл, Ховд аймгийн Үенч сумын Дунд Богочнөхөрлөл, Төв аймгийн Өндөрширээт сумын Түмэн мал нөхөрлөл, Увс аймгийн Гулзатын санаачилга орон нутгийн ТББ нь 2014 онд амьтанд зориулж 1 цөөрөм, 5 хөв байгуулж, 1 булгийг шинээр тохижуулж, судалгаа, хяналт шалгалт, сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж, биотехникийн арга хэмжээнд нийт 10 гаруй тн хужир мараа тавьж, зудын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 тн өвс бэлтгэсэн байна. 10 гаруй хувийн хэвшил 2013-2014 онд нийт 250 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг агнуурын бүс нутгийн нөхөрлөлүүдэд олгожээ.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын байгаль орчин, ногоон хөгжлийн чиг үүргийг иргэд, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон ТББ-д тодорхой болзол нөхцөлтэйгээр хариуцуулан гүйцэтгүүлж, уг арга хэмжээг бүхлээр нь буюу хэсэгчлэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос санхүүжүүлж ажиллахыг Та бүхнээс хүсч байна.

Үүнтэй холбоотойгоор БОНХАЖ сайд, аймгийн Засаг дарга нартай байгуулах гэрээнд аймаг тус бүрийн онцлогт тохирсон холбогдох арга хэмжээг тусгасан болно.

 ХОЁР. ӨНГӨРСӨН ОНЫ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР

 Тус яамнаас 2014 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, арга хэмжээний гэрээний биелэлт 87.5 гаруй хувьтай хэрэгжсэн. Уг гэрээгээр нийт 343 арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үүрэг хүлээснээс 43 арга хэмжээ тасарсан үзүүлэлттэй байна. Үүний 28% нь санхүүжилтийн эх үүсвэргүй, 16.3% нь худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй, 55.7% нь ажлын хариуцлага, идэвх санаачилга хангалтгүй улмаас тасарчээ.  

Ойжуулалтын гүйцэтгэл улсын хэмжээнд 91 хувьтай байгаа боловч Төв, Өмнөговь, Увс, Дорноговь, Өвөрхангай, Дорнод аймаг, Улаанбаатар хот ойжуулалт, ойн зурвас байгуулах төлөвлөгөөг 5-132 га-аар тасалдуулсан байна.  

Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргээх ажилд багагүй ахиц гарсан байна. Улсын хэмжээнд нийт 120 булаг, шандын эхийг тохижуулсан байна.

            Орон нутагт хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, ангилан ялгаж дахин боловсруулах чиглэлээр 8 аймаг нийт 700 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд Булган, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг аймаг хог хаягдал ялгах цех байгуулах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ. Сүүлийн 2 жилд 15 аймагт хуримтлагдсан хур хогийг ландфиллын аргаар булж устгах ажилд нийт 2 тэрбум төгрөг зарцуулж, орчны бохирдлыг бууруулсан байна. Тухайлбал, Булган, Архангай аймаг хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөө боловсруулж, тэр хүрээнд хогийн төвлөрсөн ландфиллийн байгууламж барьж ажиллуулсан байна. Мөн 2015 онд хатуу хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг стандартын дагуу шинэчлэх, хог хаягдлын нэгдсэн тооллогын ажилд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

Байгаль орчны багц хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, тусгай хамгаалалттай газрын хамгааллын менежментийг сайжруулах чиглэлээр 60 гаруй төрлийн чиг үүргийг хүлээлгэсэн болно. Засаг дарга нар хуулиар оногдуулсан эдгээр үүргийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хууль, Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах ,нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ийн дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгээс бүрдүүлж байна.

            Сангийн яамны мэдээгээр, байгалийн нөөц ашигласны төлбөрт 2013 онд нийт 48.3 тэрбум төгрөг, 2014 онд 50 орчим тэрбум төгрөгийн орлого 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн татварын орлогод төвлөрсөн байна. Гэтэл үүнээс 10 хүрэхгүй хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан нь хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгааг илэрхийлж байна.

            Гэрээний биелэлтийн тайлангаас үзэхэд, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг ямар арга хэмжээнд, хэрхэн зарцуулсан талаар ихэнх аймгууд мэдээгээ ирүүлээгүй байгаа нь туйлын харамсалтай байна. Энэ жилээс Шилэн дансны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан манай яам уг хуулийн хэрэгжилтийн явцыг байнга хянаж, зөрчил гаргасан тохиолдолд энэ хууль болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана.

Цаашид гэрээний биелэлтийг хэрэгжүүлсэн арга хэмжээний тоогоор бус, хүрсэн үр дүнгээр нь үнэлэх шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг журамд шилжүүлж, хоёр талын үүргийг хариуцлагыг өндөржүүлэх болно.

ГУРАВ. ОРОН НУТГИЙН ТҮВШИНД АНХААРАХ АСУУДЛУУД

2015 онд яам нийт 162 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа ба орон нутагтай хамтарч байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон нийтэд байгаль орчин, ногоон хөгжлийн мэдлэг олгох, хог хаягдлын тооллого хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга Та бүхэндээ яамны бодлого, үйл ажилллагааны чиглэлийн биелэлтийг хангуулах талаар дараах асуудалд анхаарлаа төвлөрүүлэн хамтарч ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. Үүнд:

  1. Улсын хэмжээнд байгаль орчны багц хуулийн хэрэгжилт шаардлага хангахгүй байгаад дүгнэлт хийж, сум, дүүрэг, баг, хороодынхоо ИТХ, Засаг даргын байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаарх хуульд заасан бүрэн эрхийнхээ биелэлтийг хангуулж ажиллах. Усны нөөц, рашаан ашигласны орлогын 35 багагүй хувийг усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээнд зарцуулахдаа өөрийн аймгийн нутаг дэвсгэрээр хязгаарлахгүйгээр тухайн усны сав газрын хэмжээнд ашиглах үйл ажиллагааг явуулах;
  2. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол мөрний урсац бүрдэх эх, байгалийн үнэ цэнэтэй, онцгой ач холбогдолтой болон доройтолд орсон газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судалж, холбогдох хуулийн дагуу саналаа яаманд яаралтай ирүүлэх, шаардлагатай газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, тэдгээрийн менежментийг сайжруулах;
  3. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглах, хайхыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг яамнаас гаргасан дүгнэлтийг үндэслэн тогтоож, аймаг, сумын ИТХ-аар баталгаажуулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах;
  4. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010, 2013 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг хэрэгжүүлэн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн “Бямба” гарагт мод тарих ажлыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулж, ойжуулах, ойн зурвас, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих ажлыг эрчимжүүлж, тарьсан мод бүр ургасан байхад чиглэсэн арчилгаа тордолтын ажлыг шинэ хэлбэрээр зохион байгуулах;
  5. Байгаль орчныг хамгаалах тухай болон байгалийн нөөцийн талаарх хуулиудад “Хууль гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн өмч хөрөнгөөр тарьж ургуулсан ой мод, ургамал, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж, иргэдийн ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэрийг тогтвортой нэмэгдүүлэх, улмаар тэдгээрийг өмчтэй болгоход онцгой анхаарч ажиллах;
  6. Байгалийн нөөц, түүний дотроос ой, амьтан, ургамал, ашигт малтмалын хууль бус ашиглалтыг таслан зогсоож, байгаль орчин, байгалийн нөөцөд учирсан хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх, барагдуулах ажлыг зохион байгуулах;
  7. Аймаг, орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх;

8. Байгаль орчны хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар сурталчилгааг тогтмолжуулж, бүх нийтэд байгаль орчны боловсрол олгох ажилд шаардагдах зардлыг гаргаж, иргэдийг мэдээллээр хангах, эко сургуулийг дэмжих;

9. Орон нутагт байгуулагдсан байгалийн нөөцийн менежментийн чиглэлээрх нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлийг дэмжиж ажиллах;

10. Улаанбаатар болон бусад төв суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг байгаль орчинд халгүй аргаар шийдэхэд чиглэсэн санал санаачилгыг дэмжих, тодорхой ахиц дэвшил гаргах;

11. Хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд мөрдөх, усны бохирдлыг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллах;

12. Газрын доройтол, цөлжилтийг бууруулах, бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар сэлгээтэй ашиглаж, өнжүүлэн нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлэх.

 Эх дэлхийгээ авран хамгаалах арвин үйлсэд бүгдээрээ идэвхи санаачлага гарган хамтран ажиллаж, үр өгөөжтэй ажлаар ард түмэндээ бэлэг барихыг Та бүхнээсээ хүсье.

Байгаль хамгаалах арвин үйлс дэлгэрэн арвижах болтугай.