ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙВ

Цагаан сар, наадам, шинэ жилээр олон нийтийн баяр ёслол, амралтын  үеийг тааруулан парламентаар, Монгол үндэстэний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц олон нийтийн эрх ашгийг хөндсөн, улс орны нийгэм эдийн засагт нөлөөтэй, улстөрчдийн эрх ашигт нийцсэн олон  хууль, тогтоолыг бөөндөж баталдаг буруу жишиг тогтжээ.

Энэхүү хууль бус бусармаг аргаараа Битүүний өдөр буюу 2015 оны 2 сарын 18-ны өдөр чуулган завсарлахаас  өмнө “Урт нэртэй хуулийг  дагаж мөрдөх журмын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахаар товложээ.

МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд  байгаль орчны тулгамдсан асуудлууд болон “Урт нэртэй хуулийг  дагаж мөрдөх журмын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 20 хувиар тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ.  

Хэвлэлийн бага хурлын үеэр МБОИЗ-ийнхөн урт нэртэй хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон Үндэсний болон гадаадын компаниуд, Европын сэргээн босголтын банкны санхүүжилт бүхий компаниудын нэрийг олон нийтэд нээлттэй зарлан, баяр ёслолын үеийг далимдуулан бусармаг шийдвэр гаргахгүй байхыг шаардаж, УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргав.

БОНХАЖЯ нь гадаад валют олох зорилгоор байгалийн нөөц рүү дайрч эхэлсэний жишээ нь түрүүчийн сайд С.Оюуны эхлүүлсэн тусгай зориулалтын ан агнуурын хуваарийг хянах нэрээр хүчингүй болгон Дүнжингаравын хурдыг ивээн тэтгэх, нэн ховор амьтан цоохор ирвэс агнуулах, шонхор экспортлох тоогоо нэмэх зэрэг бусармаг үйлдлүүд хийх санаархалаа зогсоохыг шаардаж байна. 

Байгаль орчины тухай хууль журамтай холбоотой асуудалд өнөөдөрийг хүртэл байр сууриа илэрхийлэхгүй, үндсэн чиг үүргээ гүйцэтгэхгүй байгаа БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхоролд хандан тулгамдсан асуудлын талаар Иргэний нийгмийн зүгээс удаа дараа өгсөн өргөх бичигт нэн даруй албан ёсны хариугаа өгөхийг шаардаж, тодорхой байр сууриа илэрхийлэхгүй бол  БОНХАЖЯ-ны гадаа жагсаал хийж, огцрохыг шаардах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Дараах зургуудаас та бүхэн Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг хүлээн, "ажлаа эхлэх"-ээр бэлтгэж буй компаниудыг танилцуулж байна.

Ард түмэн олон минь сонор сэрэмжтэй байхтун, УИХ хууль бус луйврийн шийдвэр гаргангуутаа хаалтаа хийж, ард түмнийг басан доромжилдог, та нар сонсох чихгүй, дуугарах амгүй, баярлаад согтуу хэвтэж бай хэмээдэг уламжлалаа давтах гэж байна. Ашигт малтмалын тухай, урт нэртэй хуульд 2 сарын 18-ны өдөр хэрхэн хандахыг харцгаая. СЭРЦГЭЭЕ

 

МБОИЗ           2015-02-16