УС БА ОЙН САНГАА ОЛБОРЛОХ АЖИЛЛАГААНААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧИЛСНӨӨР УЧРАХ ХОХИРОЛ

2015.02.16

УИХ-аас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 онд баталснаас хойш хэрэгжүүлэх гэж зүтгэж, хөрөнгө оруулагч, олборлогч компаниудын халдлагаас хамгаалах бүхий л арга хэрэглэж, арга ядсан нэг хэсэг маань шоронд хоригдох болсон урт удаан 6 жилийн тэмцэл үргэлжилсээр байна.

Өнөөдрийн энэ УИХ-ын Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах халдлага ямар зөрчилтэй, бас ямар хор уршиг дагуулах тухай бид мэдээлэл хийж байна.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД ЯМАР ЗӨРЧИЛТЭЙ ВЭ?

УИХ өөрийн баталсан бодлогоо зөрчиж байна. 2014 оны 1-р сарын 16-нд буюу яг нэг жилийн өмнө УИХ-ын 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого /2014-2025 он/” гэх энэ салбарын үйл ажиллагааг нийцүүлэх үндсэн баримт бичиг баталсан. Энэ бодлогын 4.3.8-ийг ...экологийн тэнцвэрт байдлыг хангах, эрүүл, эко-хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор гол, мөрний урсац бүрэлдэх эх, ай сав, ойн бүс, тариалангийн талбай, шимт бэлчээр, говийн баянбүрд, нуур, цөөрмийн орчимд олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж, иргэдийн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх; гэснийг Тогтоол гарах үед хайгууль ба олборлолтын төслүүдийн тухайн үеийн байдлаас ДООШ буулгаж “хязгаарлах” гэж уншиж хүлээж авсан.

ГЭТЭЛ нэмэлт өөрчлөлтөөр хамгаалалтын бүсийг Усны тухай хуульд заасан 200 ба түүнээс доош бүр 50 метрээр тогтоож тооцох гэж байгаа нь хязгаарлах биш өргөтгөж, хайгуулын ажлыг улам нэмэгдүүлэх зорилготой байгаа нь УИХ өөрийн баталсан бодлоготой шууд болон илт зөрчилдсөн алхам хийхээр зэхэж байна. Мөн нутгийн иргэд, иргэдийн байгууллагуудын нэхэмжилснээр МУ-ын Дээд Шүүхийн шийдвэр нь гарч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байхад түүнд нэмэлт өөрчлөлт оруулж үгүйсгэх төсөл хэлэлцэх гэж байгаа нь УИХ өөрийн баталсан бодлогын 4.3.9-ийг1 илт, бүдүүлгээр зөрчиж байгаагийн нотолгоо мөн.

Энэ хуулийн дагуу орон нутгийн өөрийн эрх мэдэлд хамаарах шийдвэр гаргаж хамгаалах бүсийг тогтоосныг БОНХЯ (С. Оюун сайд) дур мэдэн өөрчилж, одоогийн санал болгож буй журмаар орон нутаг хамгаалах бүс тогтоох эрх мэдэлгүй болгож байгаа нь Байгаль хамгаалах тухай хуулийн 16.1.3-ийг ноцтой зөрчиж байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОХИРОЛ

Уурхайн ажиллагаанаас байгаль ба усанд учрах сөрөг нөлөөллийг километрээр хэмждэг стандарттай.

Ойн санг олон мянган гектараар нь шууд хяргаж устгах байдлаар нөлөөлдөг атал энэ нэмэлт өөрчлөлтөөр усны эх, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50-хан метр, 200 метр дотогш бол энгийн хамгаалалтын бүс гэж тогтоож байгаа нь хамгаалалтыг бүрэн үгүйсгэж байна.

Усны тухай хуульд хамгаалалтын бүсийг 50, 200 метрээр тогтоосон нь иргэдийн аж ахуйн ажиллагаа (МАА, жижиг тариалан)-наас хамгаалсан бүсийн хэмжээгээр уурхайд тогтоох гэж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй байна. 1 4.3.9.эрдэс баялгийн салбарын бүх шатны үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явагдаж олон нийтэд нээлттэй, ил тод байж, шинээр хууль тогтоомж, журам боловсруулах, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд олон нийтийн саналыг хүлээн авч, шийдвэр гаргахад тусгаж байх эрх зүйн орчин бүрдсэн байх;

Ашигт малтмал олборлож гаргасан ашиг орлогоо авч чадахгүй, зарцуулалтаа хянах чадавх бүрдүүлэхийн оронд байгаа бүхий л байгалийн нөөц, түүний дотор нэн ховордсон ан амьтнаар наймаа хийж орлого олох БОНХАЖЯ- ны бодлого хөтөлбөрүүд нь байгаль хамгаалах тухай багц хуулийн ноцтой зөрчил мөн. Өнөөгийн БОНХАЖЯ-ны бие бүрэлдэхүүн байгаль ба байгалийн баялгийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх зорилго болон улс төрийн зориггүй байдал нь их хохирол дагуулах болно

НИЙГМИЙН ҮР ДАГАВАР

“Урт нэртэй хууль”-ийг уурхайгаас хохирол амссан нутгийн иргэдийн хөдөлгөөнүүд олон жил хөөцөлдөж батлуулсан юм. Нутгийн иргэд уух усгүй, хордож өвчилж, амьжиргааны баталгаа болох бэлчээр, ус, ойн нөөц, тариалах газар зэрэг уламжлалт нөөцөө алдах нь нийгмийн хатуу үр дагавартай.

Орон нутгийн эрх мэдлийг хаасан, иргэн шийдвэр гаргахад оролцох эрхийг хассан энэ төсөл цаашид улам өргөн эсэргүүцэл өрнүүлэх аюултай байна.

Газар нутгийн 30%-д шинээр хайгуулын лиценз олгох нь нутгийн иргэдийн амьжиргааны баталгааг үгүй хийх, ядуурлыг нэмэгдүүлснээр хот рүү нүүх дотоодын дүрвэгсдийн тоог нэмэгдүүлнэ. Энэ угаас хямралд орсон, бохирдсон Улаанбаатар хотын бухимдлыг нэмэгдүүлнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ДАГАВАР

2010-2013 онуудад ДНБ 9-17% хүрсэн дэлхийд хамгийн өндөр өсөлттэй ирсэн орон ухаж гаргасан баялгаасаа авах ашгаа авч чадаагүй. Өнөөдөр ДНБ нь 7%-ийн дэлхийд чамлахааргүй гэж тооцогддог өсөлттэй атлаа эдийн засгийн хямрал, дампуурал ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Баялгаас орж ирэх ашиг хааш урсаж байгаа, гадагш урсаж байгаа бол зогсоож хууль батлахгүй харин ч хяналтгүй олборлож гаргах хуулиуд батлах гэж байгаа нь өөрөө үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг.

Энэ хуулийг үгүй хийснээр баруун аймгууд буюу Монголын хамгийн гайхамшигт ус, ой ба байгалийн баялгатай нутгууд руу том уурхай оруулах, олборлох салбарыг энэ бүсэд хөгжүүлэх түлхүү аюултай бодлого хэрэгжүүлэх зорилготой. Нэг жишшээ нь, Бүрэнхааны фосфоритын орд. Энэ ордыг 1980-аад оны сүүлчээр орос, монгол эрдэмтэд Хөвсгөл нуурыг хөнөөнө гэж шинжлэх ухааны үндэслэл тооцоо гаргаж зогсоосон түүхтэй юм. Гэтэл өнөөдөр УИХ Хөвсгөл нуурыг хамгаалах боломжийг хаасан шийдвэр гаргах гэж байна. Ганц олборлох салбарын МУ-д орж ирдэггүй орлогоос бүрэн хамааралтай болсон өнөөдрийн байдлыг уул уурхайг улам тэлж баруун бүсэд орших ХАА\МАА, аялал жуулчлалын салбарын нөөц байгалийн баялгийг устгаснаар эдийн засгийн хямрал улам гүнзгийрэн гэхээс хямралаас гаргахгүй. УИХ, Засгийн газар, эрх барих улс төрийн намуудын боловсруулж, хэрэгжүүлж “хөгжлийн” хөтөлбөрүүд нь үндэсний эрх ашгийн бодлогогүй, өнөөгийн ба хойч үеийн хөгжих, оршин тогтнох баталгаат орчин бүрдүүлж хамгаалахын оронд гадаадын хөрөнгө оруулагчид хөл тавьсан богино хугацааны амиа аргацаалсан байдлаар явж байгаа нь МУ-ын тусгаар тогтнолын эсрэг ажиллаж байна.

Монгол улсын Үндсэн Хуулийн 50.2. “Улсын Дээд Шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. 41.1-д заасан “... ерөнхий сайд засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна....”

МУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН 687-Р ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛ!!!

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХАЛДЛАГАА ЗОГСОО!!!

 

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ