Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээлж байна

Ноён уул, урт нэртэй хуулийн эргэн тойронд болоод байгаа үйл явдалтай холбогдуулан зарим нэг мэдээллийг хүргүүлж байна.  
 
Саяхан бид Ноён ууланд очиж Сентерра гоулд компанийн кемп болон лицензийн талбайтай биечлэн танилцсан.
Маш их шилмүүст ойн сан, усны эх бүрэлдэх, усан сан бүхий байгалийн үзэсгэлэнтэй мөн цэвдэг бүхий газарт байдаг юм байна лээ. Гацууртын голын эхээс адаг хүртэлх уулын амыг Гацууртын Чинбат тэргүүтэй нөхөд алт олборлон эвдэн сүйтгэн нөхөн сэргээлт хийлгүй орхисон эвдэгдсэн их хэмжээний талбай бас байлаа. Сентерра гоулд компани хууль батлагдана гэдгийн зөн билгээрээ мэдэж их уулыг ороосон их хэмжээний ойг сүйтгэн маш их өртөг зардлаар уулын энгэрээр сайжруулсан шороон замыг уулын мухар луу тавьж, тог цахилгаан оруулж дэд бүтцээ сайтар  бэлдсэн  байсан. 
 
1. 2015 оны 1-р сарын 23 -ны  өдрийн баасан гарагийн  шөнө 22 цагт УИХ-аас баталсан 11 тоот тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулсан нь  "урт нэрт" хуулийн хилийн бүсээс мулталж авч ойн, усан сан бүхий орчинд алт олборлуулах башир заль байсанг бүх нийт мэдэж авсан. Энэ талаар ерөнхийлөгчид Ноён уулаа аврах хөдөлгөөн, Гал үндэстэн, Босоо хөх Монгол, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос  Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ эдэлж хориг  тавихыг шаардсан ч хариу өгөөгүй, хориг  ч тавигдаагүй.
 
2.  2015 оны 2-р сарын 18-ны  битүүний өдрийн бүх нийтийн амралтын цагаар  "урт нэрт" хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах (нээлттэй хуралдаан), Оюу толгойн хяналт шалгалтын дүнг (хаалттай хуралдаан)-аар хэлэлцэн баталсан  үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хуулийн шударга ёс, ил тод, нээлттэй, хуулийг дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж  2015.2.23-нд  МУ-ын Ерөнхийлөгчид 16 мянган иргэний гарын үсэгтэй ХОРИГ  тавиач гэсэн уриалгыг  Ноён уулаа аврах хөдөлгөөн, Босоо хөх Монгол, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос   хүргүүлсэн ч хуулийн хугацаа нь одоо дуусч байна .  
 
3. 2015 оны 02-р сарын 25-ны өдрийн үдэс хойш  Ерөнхийлөгчийн тамгын газраас 5 давхар харуул хамгаалалттай Иргэний танхимдаа Ноён уулын талаар хэлэлцүүлэгт талууд буюу ИНБ, ТББ оролцох боллоо гэсэн зар гарч мэдээлэл авч чадсан цөөн тооны ИНБ, ТББ-ын төлөөлөлтэй хэлэлцүүлэг  2015.2.26-ны 11 цагт болж дэглэж найруулсан "жүжиг"-ээр эхэлж  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагааны 16 мянган иргэний гарын үсэгтэй шаардлагын хариуг   ...наадах чинь феодолын нийгмийн , Ромын үеийн дарангуйлал  гэсэн үгээр авлаа.     ...иргэдээсээ  асууна, Ноён уулыг ухуулахгүй гэсэн Ерөнхийлөгчийн амлалт хаачив аа?
 
3.  Иргэдээсээ асуудаг, уул уурхайн салбараас эдийн засгийн хамаарах хамаарлыг бууруулж  олон тулгуурт эдийн засгийг бий болгох  зорилт  бүхий  иргэдийн оролцоотой шийдэл гэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын төлөө зүтгэе сонгуулийн мөрийн  хөтөлбөр /2013-2017 он/  болон    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР-тэй эргэн танилцваас:  
 
-       ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хангах;-      
-       ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг орон нутгийн саналд тулгуурлан зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болгох;  
-       Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлох, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх;-
-       техник-эдийн засгийн үндэслэлээр ашиггүй нь тогтоогдсон, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахгүй байх зарчмыг баримтлах;
-       улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших; гэж заажээ.  Энэ бүхэн худал болж байгааг өөрийн чихээр сонч, нүдээр харж байгаадаа харамсаж байна. 
 
4. Хариуцлага тооцдог чадавхитай хүчирхэг ИНБ-болж хамтран  ТӨРӨӨС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЦАГ БОЛЖЭЭ  гэж уриалах байна.  Одоо бидэнд Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандан  Үндсэн хууль зөрчсөнд дүгнэлт гаргуулахын төлөө хамтроан тэмцэх  зам үлдсэн. 
 
 
Монголын Байгаль Орчны төлөөх Хуульчдын Холбоо
2015.02.27