“УРТ НЭРТЭЙ” ХУУЛЬ “УХ” ГЭДГЭЭС ӨӨРЦГҮЙ БОЛЧИХЛОО ГЭВ

 

Монголын “Байгаль орчны иргэний зөвлөл”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын сүлжээ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нээлттэй захидал гардуулахаар болжээ.  УИХ-аас “урт нэртэй” хуулийг 2009 онд баталсан нь олон улсын хувьд дэвшилтэт алхам болж, хөрш орнуудын байгаль хамгаалах үйлст хүртэл хувь нэмэр оруулах алхам болсон ч УИХ энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар байгаль орчинг хамгаалах бус харин ч хядахаар болчихоод байгаа учраас тэд Ерөнхийлөгчид хандаж байгаа аж.
Тодруулбал, энэ сарын 18-нд монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэж байх зуур сөрөг хүчингүй УИХ-ын чуулган хуралдаж, УИХ-ын дарга З.Энхболд цөөнхийн төлөөллийг зөвхөн дэмжиж байгаа бол үг хэлүүлэх, дэмжихгүй бол үг хэлүүлэхгүй гэж мэдэгдэн байж хуулийг хэрэгжүүлэх журмын тухай нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан гэж тус холбоод үзжээ. Тиймээс Урт нэртэй хуулийг өөрчилсөн нь хууль эрхзүйн хувьд зөрчилтэй, байгаль орчин, хүн ардын байгаль экологийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн асар их сөрөг нөлөөлөл дагуулах тул хуульд яаралтай хориг тавьж, хариу мэдэгдэхийг дээрх иргэний нийгмийн байгуул­лагууд шаардаж эхэллээ.

Д.Сүхгэрэл: Бид Уул уурхайн яамтай санал нийлэхгүй байна
 

Бид энэ талаар Олон улсын иргэний нийгмийн байгууллагын Хил хязгааргүй гол мөрөн эвслийн зохицуулагч болон Монгол дахь салбарын тэргүүн Д.Сүхгэрэлтэй ярилцлаа.

-Өчигдөрхөн (уржигдар) Уул уурхайн яам “урт нэртэй” хууль хэрэгжих бүрэн боломжтой боллоо гэж мэдээлэл хийсэн. Ингэхдээ, хуулийг огтхон ч хөндөөгүй, харин ч уг хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэж байсан шүү дээ?
-Бид үүнтэй санал нийлэхгүй. Харин ч уул уурхайн олборлолт явуулах боломжтой болгочихсон. Өөрөөр хэлбэл, уул уурхайн нөлөөллийг километрээр хэмждэг. Оюутолгой гэхэд өөрийн нөлөөллийг 10 км-ээр тогтоогоод тухайн бүсээс айлуудыг нүүлгэсэн байгаа. Тэгвэл энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр усны эх, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50-хан метр, 200 метр дотогш бол энгийн хамгаалалтын бүс гэж тогтоосон. Энэ нь дээрх хэмжээний зайд ямар ч уурхайгаас юуг ч хамгаалж чадахгүй болчихож байгаа гэсэн юм. Тэгсэн мөртлөө Уул, уурхайн яам хууль хэрэгжүүлэх боломжтой боллоо гэж мэдэгдсэн утгагүй. Харин ч тэд уурхай эрхлэх боломж нь нээгдлээ л гэсэн утгатай мэдэгдлээ хийж байгаа юм.
-Хуульд өөрчлөлт оруулсан нь хууль эрхзүйн хувьд ямар зөрчилтэй гэж үзээд байгаа юм бэ?
-УИХ-ыг өөрийн баталсан бодлогоо зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2014 оны нэгдүгээр сарын 16-нд буюу яг нэг жилийн өмнө УИХ-ын 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” гэх салбарын үйл ажиллагааг нийцүүлэх үндсэн баримт бичиг баталсан. Энэ бодлогын баримт бичигт “…экологийн тэнцвэрт байдлыг хангах, эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, ай сав, ойн бүс, тариалангийн талбай, шимт бэлчээр, говийн баянбүрд, нуур цөөрмийн орчимд олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж, иргэдийн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх” гэснийг тогтоол гаргах үед хайгуул болон олборлолтын төслүүдийн тухайн үеийн байдлаас доош буулгаж, хязгаарлах гэж уншиж хүлээж авсан. Гэтэл нэмэлт өөрчлөлтөөр хамгаалалтын бүсийг Усны тухай хуульд заасан 200 ба түүнээс доош бүр 50 метрээр тогтоож тооцох гэж байгаа нь хязгаарлах биш өргөтгөж, хайгуулын ажлыг улам нэмэгдүүлэх зорилготой байгаа нь УИХ өөрийн баталсан бодлоготой шууд болон илт зөрчилдсөн алхам хийхээр зэхэж байгаа үндэслэл. Мөн нутгийн иргэд, иргэдийн байгууллагуудын нэхэмжилснээр Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр нь гарч Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байхад түүнд нэмэлт өөрчлөлт оруулж үгүйсгэх төсөл хэлэлцэх гэж байгаа нь УИХ өөрийн баталсан бодлогын зарим хэсгийг илт, бүдүүлгээр зөрчиж байгаагийн нотолгоо гэж үзэж байгаа.
-Дээд шүүхийн хурал­даанаар “урт нэртэй” хууль батлагдсантай холбог­дуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан нь одоо ямар түвшинд хэрэгжиж байгаа гэж танай холбоо дүгнэх вэ?
-Шүүх ердөө л хуулийн зорилгыг биелүүл л гэж шийдвэр гаргасан шүү дээ. Өөрөөр хэлбэл, хуулийн нэгдүгээр зүйл буюу хуулийн зорилгыг тэр чигт нь агуулж байгаа хэсгийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Гэвч шүүхийн тогтоол биелэгдээгүй гурав гаруй жил болж байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг шүүгч Н.Оюунтуяа 2012 онд гаргасан ч бас  биелүүлээгүй л байгаа. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэсэн байдаг. Тиймээс бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээх захидалдаа энэ талаар дурдаад, шүүхийн тогтоолын хуулбарыг хүртэл хавсаргасан байгаа. Хуулийг иргэд, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоотойгоор УИХ баталж байсан. Ард түмний дунд ч Урт нэртэй гэж алдаршсан сүүлийн 20 гаруй жил замбараагүй олгосон ашигт малтмалын лицензийг зохицуулах боломж олгосон цорын ганц хууль байгаа шүү дээ. Тиймээс эрхэм Ерөнхийлөгчөөс хуулийн төслийг баталсан шийдвэрт хориг тавьж Монгол орны нийт ус, ойн баялгийг хөнөөлөөс аврахыг хичээнгүйлэн хүсч байгаа.

Б.Ширнэн

Эх сурвалж: www.assa.mn