Нөхөн сэргээх зардлыг санд байршуулна

 

УИХ-ын намрын чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл гурав, сайдын мэдээлэл, албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг тус бүр тавыг хэлэлцэн, хоёр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлж, УИХ-аар батлуулсан байна. Энэ тухай тус байнгын хорооны дарга С.Батболд өчигдөр сэтгүүлчдэд тайлагналаа.

УИХ-аар батлуулсан хуулийн тухайд тодруулбал, эхнийх нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль аж. Уг хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас Д.Арвин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хоёр жилийн турш ажиллажээ. Хууль батлагдсанаар гол мөрөн, ой, усны сан бүхий газарт ашигт малтмал эрэн хайх, ашиглах бол тухайн хязгаарлалтын бүсээс 200 метрээс дотогш нэвтрэхгүй байх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээж байна. Хуульд ямар зохицуулалтыг тусгасан талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд дараах хариулт өгсөн юм.

-Байгаль орчны нөхөн сэргээлтийг ямар зарчмаар хийх вэ. Олборлолт явуулах аж ахуйн нэгж нь нөхөн сэргээлт хийх үү, тусдаа нөхөн сэргээлт хийх компани гаргах уу. Ийм хууль баталсны гол зорилго нь юу байв?

-УИХ-аар “Урт” нэртэй хуулийн журмын тухай хуулийг хэлэлцэн баталсны зорилго нь байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой. Яагаад гэвэл Засгийн газраас зөвшөөрөл аваад, хайгуул хийж, олборлолт, ашиглалт эхэлсэн талбайнуудыг “Урт” нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэг  өдөр бүгдийг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор компаниуд төрөөс нөхөн олговор шаардсан. Маш их хэмжээний нөхөн олговор шаардсан. Түүнийг авсан нөхцөлд нөхөн сэргээлт хийнэ гэсэн. Энэ бүхэнтэй ажлын хэсэг танилцаж, газар дээр нь очиж ажилласан байдаг. Тийм учраас байгалиа хэрхэн нөхөн сэргээх вэ гэдгийг голлон хэлэлцсэн. Хуульд  нөхөн сэргээх зардлаа тухайн компани 100 хувь тусгай санд байршуулна. Олборлолт явуулаад дууссаны дараагаар нөхөн сэргээлтээ тухайн компани өөрөө эсвэл нөхөн сэргээлтийн компаниар хийлгэж болохоор тусгасан.

-Ойн сан орчимд олборлолт хийх бол тухайн компани нэг модны оронд 10 мод тарихаар тусгасан юм уу?

-Ойн тухай хуулинд нэг модны оронд 10 мод тарих заалт оруулсан. Гол, ус, мөрний урсац бүрэлдэх эх нь ихэнхдээ  ойн сан бүхий уулсаас эх авсан байдаг. Усны эх, голын эх бүрэлдэх ойн сан бүхий газарт олборлолт явуулахгүй байхаар хуульчилж өгсөн.

-Хаврын чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ямар төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх вэ?

-Засгийн газраас өргөн мэдүүлэх хэд хэдэн хуулийн төсөл байгаа. Тухайлбал, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Ойн тухай, газар тариалангийн талаар баримтлах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж өргөн барих учиртай.  Малын эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн боловсруулна. Мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн  бүтээгдэхүүний хяналт шинжилгээг шинэ шатанд гаргах шаардлага бий.  Энэ бүхнийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

Г.НАРАН