Ж.Ганбаатар: Гацууртын ордыг ашиглах, Ноён уулыг ухахыг зөвшөөрсөн хэнийг ч Үндэсний дайсан гэж үзнэ

 

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнд 7000 орчим хүн өөрийн зориг, зоргоор нэгдээд байна. Тэд бүгд иргэний ухамсраараа нэгдсэн

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компаниас уг ордын тодорхой хувийг эзэмших саналыг Засгийн газарт тавьсан юм. Засгийн газар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. УИХ-аас баталсан стратегийн 15 орд, цаашлаад стратегийн ордод хамруулах үндэслэлтэй хэмээн үзсэн 39 ордын жагсаалтад ч багтаагүй Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахаар болсон нь анхаарал татаад буй.
Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэх тухай тогтоолын төслийг шинэ оны өмнөхөн УИХ-ын Эдийн байнгын хороо дэмжсэн. Харин шинэ он гарсаар УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Гацуурын ордыг стратегийн ордод хамруулахыг тухай асуудлаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь “Шударга ёс" эвсэл энэ асуудлаар тав хоногийн завсарлага авснаар өнгөрөгч долоо хоног хүртэл хойшилсон юм.  Тус бүлгийн завсарлага өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт дууссан ч эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцээгүй байгаа юм.
Гацууртын орд нь Ноён уул орчимд байрладаг бөгөөд энд Хүннү гүрний түүхийг агуулсан хэдэн зуун эртний булш бунхан байдаг. Гэхдээ нутгийн иргэд Гацууртын орд ыг хэрэв ашиглаад эхэлбэл, түүнийг тойрсон олон арван лиценз автоматаар “Сентерра гоулд Монголиа”-гийн мэдэлд шилжинэ хэмээн үзэж байгаа юм. Мэд тэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн зохион байгуулж, өнөөдөр энэ хөдөлгөөн олон мянган хүнийг хамарч, нийгмийн сүлжээнд ч 70000 гаруй гишүүд дэмжигчидтэй болоод байна.
Иймээс энэ асуудлаар болон шавхагддаг газрын доорх баялгаа цөлмүүлэх, ухуулахын хор холбогдлын талаар Монголын байгаль орчны Иргэний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн  дарга Ж.Ганбаатартай ярилцсанаа хүргэе.
 
-Өнөөдөр манайхан газрын доорх эрдэс баялгаас  хөгжлийн гол тулгуур гэж хардаг болж. Иймдээ ч  Гацууртын орд, “Сентерра гоулд Монголиа”-гийн асуудал УИХ дээр яригдаж байгаа болов уу?
-Өнөөдөр Монгол орны байгаль орчны асуудал оны хөгжлийн тулгамдсан асуудал болоод байна. Монгол орон хөгжлийнхөө хувьд  заавал шавхагддаг баялгаа худалдаж хөгжих шаардлага байхгүй. Баялгаа ухаад ч хөгжихгүй. Ингэж бодож байгаа нь сэтгэлгээний гажуудал. Монгол орон үнэхээр баян. Түүний төлөө гадны үндэстэн дамнасан компаниуд улайран зүтгэж байна.
Тэгэхээр Монгол улс хөгжлийн тулд эрүүлээр хөгжих ёстой. Заавал шавхагддаг баялгаа шавхах гээд байх хэрэггүй. Оюуны хөгжил гэдэг мундаг том хөрөнгө байхад газраа ухаж баяжих гээд зүтгээд байгаа нь эмгэнэл.
Тэгэхээр бидний хөгжлийн гарц бол хэл сэтгэлгээний хөгжил байх ёстой. Хөрөнгөний хөгжил байж болохгүй. Үндэстэн дамнасан ийм компаниуд хөгжлийнхөө консепц боловсруулахдаа хөгжингүй орноос хөгжиж буй орнуудруу орж ирж, хөгжлийн түүхий эдээ бэлтгэхээ гол болгодог. Үүнийх нь хохирогчид Монголчууд болох ёсгүй.

 
Монгол орон өвөг дээдсээсээ уламжилж ирсэн асар их баялагтай. Энэ нь газартаа байж байж л баялаг хэвээрээ байна. Үүнийг эргэлтэд оруулснаар баялаг болно хэмээн бодож байгаа бол сэтгэлгээний доголдол гэж хэлмээр байна. 
“Сентерра гоулд Монголиа” буюу хуучнаар “Бро гоулд” компани өнөөдөр Монголд орж ирээд эрдэс баялгийн хөгжил гэдгээр танилцуулаад өвөг дээдсийн бунханруу дайрч байна. Бро гоулд өмнө нь Монголд луйвраа амжилттай хэрэгжүүлсэн, энэ аргаа дахиад Ноён уулд хэрэгжүүлэх гэж байгаа. Үүнийг бид эсэргүүцэж байна. Ялангуяа орон нутгийн залуусын санал санаачилгаар, нийгэмд идэвхтэй төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл болсон байгууллагуудтай хамтран  “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” байгуулагдсан. Уг эх үндэс нь 2006 онд  орон нутгийн нутгархаг иргэдийн санаачилгаар байгуулагдсан. Тухайн үедээ нутгийн нинжа нараас хамгаалах зорилготой байгуулагдсан. Энэ маань яван явсаар өнөөдөр гадны
үндэстэн дамнасан корпорациудын эсрэг зогсохоос өөр аргагүйд хүрсэн.
 
-“Сентерра гоулд Монголиа” компани нутгийн иргэдэд хонь тараасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан байсан?
 
-Хууль бус үйл ажиллагаа яаж явагддаг вэ гэдгийг бид сайн мэднэ. Нөгөө л цагаан сар, улсын баяр наадам, шинэ жил гээд баяруудаар нөгөө л бохир аргуудаа оруулж ирдэг. Ураны лиценз, ашиг сонирхлын хууль, энэ шинэ жилийн баярыг далимдуулаад “Сентерра гоулд Монголиа” -гийн лобби бүлгийн үйл ажиллагаа идэвхжлээ.  УИХ дээр “Сентерра гоулд Монголиа” -гийн эзэмшилд орсон Гацууртын ордыг урт нэртэй хуулиас гаргаж, стратегийн ордонд оруулж ашиглах ийм амбицаар ажиллаж эхэлсэн. Үнэхээр эд нар ил тод шударга компани байсан бол яагаад заавал нийгмийн үл анзаарагдах баяр ёслолын үеэр хулгайч нохой шиг ийм ажил хийгээд байгаа юм бэ.
 
Энэ уул уурхайн компаниуд, халамжийн компани уу, бизнесийн байгууллага уу. Уул уурхайг нь ухахын тулд тухайн орон нутагт халамжийн үйл ажиллагаа явуулдаг. Халамжийн сангийн үйл ажиллагаа явуулдаг. Буяны компани шиг ажилладаг. Энэ маань үнэн чанартаа иргэдийг  бэлэн юмаар тэтгэж байгаад баялгийг нь авах зорилго, бодлого шүү дээ. Энэ бол эдийн засгийн алуурчдын сонгодог жишээ. Тэгэхээр эдийн засгийн алуурчид гэж хэн байдаг вэ гэхээр, хөгжлийг чинь мөнгөн дүнгээр юм уу эд хөрөнгөөр өөрт чинь танилцуулга хийгээд өөрийнх нь зорилгыг мохоож,  ашиг болгон харуулдаг тэр хүмүүсийг хэлдэг. Сэтгэлгээний цаадах үр өгөөжийг үгүй болгодог. Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгодог. Ингээд оронд нь эрдэс баялгийг нь авдаг. Монгол оронд яг энэ замналаар явж байна. Тэр Оюутолгой, Бро гоулд буюу “Сентерра гоулд”-ыг хар. Орон нутагт нь иргэдэд нь дандаа халамжийн бодлого явуулдаг.

Энэ компани өмнө нь монголд “Бро гоулд” гэдэг нэрээр луйвар хийсэн.

Тэгэхээр уул “Сентерра гоулд” энэ бодлогыг сүүлийн дөрвөн жил хэрэгжүүлж байна.
Түнхэл тосгоны засаг дарга Раднаабазараар дамжуулан, нутгийн ахмад Дамдинсүрэнд 10 сая төгрөг өгөөд түүгээрээ хонь худалдан авахуулж, нутгийн иргэдэд тараасан. Мөн амралтын газар ачиж амраагаад оронд нь гарын үсэг цуглуулж, ““Сентерра гоулд” компанийг ажиллахыг орон нутгийн иргэд зөвшөөрч байна” гэсэн бичиг бүхий гарын үсэг цуглуулаад тус компанийн  танилцуулгатай хамт дээшээгээ өгсөн байгаа юм. Үүнд нь 400-аад ахмад хүлээн зөвшөөрсөн гэсэн гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл худалдагдсан ахмадууд байгаа.
 
Гэтэл “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнд 7000 орчим хүн өөрийн зориг, зоргоор нэгдээд байна. Тэд бүгд иргэний ухамсраараа нэгдсэн. Тэгэхээр 7000 хүний гарын үсэг400 ахмадуудын гарын үсэгний хажууд ямар их ач холбогдолтой вэ. Ялгаа байгаа биз дээ. Үүнийг УИХ-ын худалдагдсан гишүүд анхаармаар юм.
 
-Та худалдагдсан гишүүд гэж хэнийг хэлээд байна вэ?

-Би тодорхой нэр хэлмээр байна. Өнөөдөр энэ асуудлаар УИХ-д зүтгүүлж байгаа гишүүд бол УИХ  гишүүн, сайд  Ж. Эрдэнэ бат, Д.Эрдэнэ бат. Мөн Ерөнхий асан Сү.Батболд, С.Баярцогт. Мөн  нийтлэлч Б.Баабар нийгмийн сүлжээн дахь ажлыг нь хариуцаж байна. Зөвлөхөөр хуучин УИХ-ын гишүүн Нямсүрэн гэдэг хүн байгаа. Тэдний лобби хатгаасууд Урт нэртэй хуулинд хамрах  Гацууртын ордыг гаргаж Сентерра гоулдаар ухуулах гэж байна. Үүний манай иргэний нийгмийнхэн эцсээ хүртэл эсэргүүцнэ.
 
-Тэгэхээр яг Бро гоулд буюу Сентерра гоулд үйл ажиллагаа явуулснаар орон нутгийн экологид хэрхэн нөлөөлөх вэ. Энэ талын судалгаа байна уу?
 
-Тухайн бүс нутагт Бро гоулд компаниас хойш экологийн өөрчлөлтүүд эрчимтэй мэдрэгдэж байна. Зүүн хараа голын баруун эх, мөн эко консенцаци буурч, цөлжилт үүссэн.  Урагшаагаа Борнуур, Жаргалант гэсэн газруудын ургамлын болон тариалалтын бүтцэд өөрчлөлт орж байна.
Хамгийн гол асуудал нь энэ компанийн тухайн газарт үйл ажиллагаа явуулахад байгаль орчны үнэлгээ байхгүй байна. Энэ нь нийгэмд хаалттай байгаа. Мөн экологийн үнэлгээ, гамшгийн үнэлгээ, нийгэм эдийн засгийн үнэлгээ гэх энэ бүх үнэлгээ байхгүй. Ийм олон үнэлгээнүүд байхгүй байна. Мөн Ноён уулыг тойрсон 200-аад олдворууд, хүннүгийн хаадын ариун бунхан  устгагдах аюулд хүрнэ.
 
Ухаж төнхөөд явсан газрыг урьдын хэвээр байгалиар нь нөхөн сэргээнэ гэж ерөөсөө ч байдаггүй юм.
 
 -Тус компани үнэхээр нэрээ сольсон “Бро гоулд” болохыг яаж мэдэх вэ?
 
-Энэ компани өмнө нь монголд “Бро гоулд” гэдэг нэрээр луйвар хийсэн. Хоёрдугаарт дэлхийд нэр хүндээ алдсан компани. Яагаад гэхээр, Киргызстанд бас уул уурхай явуулснаар олон улсын шүүх арбитирт дуудагдаад ялагдсан байгаа. Ингээд 350 сая ам.долларыг тус улсад нөхөн өгөх торгуульд унасан. Энэ мэтчилэн олон газарт уурхайнуудаа хаалгуулсан. Иймээс өнгөрсөн 2013, 2014 оны алдагдлаа энэ компани Монголын мэдээлэл дутмаг ард түмний баялгийг ухаж, нөхөх гээд улайраад байна. Манайхан энэ компанид хариуцлага тооцох ёстой байтал тэгэхгүй байна. Одоо бол манай жирийн нэгэн залуучууд байгаль орчноо юугаар ч сольшгүй гэдгийг ойлгочихсон байгаа нь бахархалтай байна
 
Өнөөдөр нийгмийн сүлжээн дэх “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний цахим хаягаар  70000 хүн бүртгүүлээд байн. Тэд бидэнтэй нэгдэж байна. Нийгмийн сүлжээ бүх нийтийн санаа бодолд яаж нөлөөддөг вэ гэдгийг бид мэднэ шүү дээ. Тэгэхээр өнөөдөр эрхтэн дархтангууд “Сентерра гоулд” гэдэг үгийг хэрэглэх нь битгий хэл мартах хэрэгтэй. Зүгээр л “яв” гэж хэл. Бид хэзээ ч өгөхгүй. Хэрэв эртхэн дархтангууд Гацууртын ордыг стртегийн ордод оруулчихдаг юм бол бид дэмжсэн хүн бүртэй хариуцлага тооцно. “Сентерра гоулд”-аар хэзээ ч газраа ухуулахгүй. Үүнийг эсэргүүцсэн үндэсний  залуусын хөдөлгөөн бий болчихсон байна.
 
Урт нэртэй хуулийн хүрээнд улсын хэмжээнд гурван улс төрийн хоригдол бий болчихсон шүү дээ. Нэгнийх нь алтан амыг авчихлаа. Бид нар энэ хүнийхээ амийг нэхнэ. Өшөө амь хэрэгтэй байгаа бол Үндэсний хөдөлгөөний залуус алтан амиа өгөхөд бэлэн байгаа шүү. Та нар улс үндэстний олигарх бэлтгэдэг луйварчин компанийн гар хөл битгий болооч. Монгол хүнийхээ үүднээс шударга хандахыг хүсч байна. Бид нар өвөг дээдсийнхээ алтан шарилыг хадгалсан бунхныг доогуур нь сэндийлүүлэхгүй.
 
-Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийг сайшаадаг нэгэн байхад нөгөө хэсэг нь “дарамталдаг, түрэмгийлдэг” хэмээдэг. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулаад явж байгаа нь бахархалтай ч аль болох эвээр шийдэх нь зүйн хэрэг байх?
 
-Тэгэхээр бид шүүмжилдэг, зогсоодог айлгадаг, дарамталдаг, шахдаг биш  гэдгээ бид бардам хэлж чадна. Бид газар доор байгаа 50 тонн алтыг 500 тонн алт болгож чадах орон зай, гарцыг санал болгоно. Ухаад авдаг, дуусдаг эрдэс баялаг биш урган төлждөг эрдэс баялагруугаа анхааръя. Энэ олон малаа нано технологиор 70 тэрбумын хөрөнгө болох гарц байн. Өөр бусад Нано технологийн хүрээлэн, Бодлогын чиглэлийн хүрээлэнгүүдийн  боловсруулсан санаа бүтээл, тайлангцуудыг харвал тэнд маш их зүйл байна. Хүрээлэнгүүдээ дэгээдэж унагааж байхаар тэдний бичсэн юмыг үсэг бичиг мэддэг бол энэ 76 уншаад хэрэглэ, ашигла л даа. Яагаад гадаадын луйварчдын гар хөл болоод байгаа юм бэ. Тэнд 7 биш 7 тэрбумын малчдын хийж чадах, дэлхийн зах зээлд хэрэг болчихсон санаа өчнөөн байна.

Хэрэв эртхэн дархтангууд Гацууртын ордыг стртегийн ордод оруулчихдаг юм бол бид дэмжсэн хүн бүртэй хариуцлага тооцно
 
-Ноён уулыг тойроод яг хичнээн лиценз хэдий хэмжээний газар нутгийг хамраад байна вэ?
-“Сентерра гоулд Монголиа” Гацууртын орд гээд Ноён уулыг тойроод 42 лиценз байгаа юм. Яг энэ Гацууртын ордыг ашиглууллаа гэхэд, стратегийн ордод сугалаад гаргаад ирснээр нөгөө 42 лиценз энэ компанид автоматаар зарагдах юм. Тэгэхээр энэ 42 лиценз нэг газарт байгаа юм чинь  нэгэн цул бүхэл болж, нэг лиценз болно. Ингэснээр Ноён уул бүрэн ухагдаж, доогуураа сэндийчигдэнэ гэсэн үг.
Мөн яг Гацуурт дээр байгаа зургаар түүний доогуур салаавчилсан 7, 8 лиценз байгаа. Энэ бүгд автоматаар урт  нэртэй хуулиас гадуур болчихож байгаа юм.
Өнөөдөр бид урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй мөртлөө стратегийн орд болгон томоохон ордуудаа  ашиглах нь буруу. Эхлээд хуулиа хэрэгжүүлчих, Улс төрийн яллагдагчидаа гаргаад сулла. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ Улс төрийн нөхдүүдээс хариуцлага тооцно.
 
-Энэ талаар танай хөдөлгөөнөөс мэдээлэл  хийсэн. Үүнээс өөрөөр эсэргүүцлээ илэрхийлж байна уу. Эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байна уу?
 
-Бид орон нутгийн хэмжээнд жагсаал цуглаан хийж байна. Доод шатнаасаа явна. Өчигдөр “Ноён улаа аваръя” хөдөлгөөнөөс Сэлэнгийн “Соёмбо” талбайд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Ингээд дээшээгээ шат дараатай явна. Гэхдээ бид асуудлаа нийгмийн сүлжээнд ямагт нээлттэй байлгаж байна. Үүнд 70 000 гаруй хүн нэгдээд байна.  Үүнийг  76 гишүүн олж хараасай, уншаасай гэж хүсч байна.
Хэрэв Гацууртын ордыг ашиглах, Ноён уулыг ухахыг зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хүн байвал бид тэднийг Үндэсний дайсан гэж үзнэ. Үүнийг өвгөдийнхөө шарилаар андгайлж байна. Үндэсний үзэл баримтлалаар монгол орны газар нутгийн хэмжээгээр зарлаж байна.

-Ингэж хамаагүй ярьж болох уу. Дарамт ирэхгүй юу?

-Бидэнд эх орноо алдах эрх байхгүй. Надад эх орноос өөр очих газар байхгүй. Үүнийг дэмжсэн гишүүн болгонтой нэг бүрчлэн хариуцлага тооцно.
Бид эх орныхоо ариун хэвлийг үр хойчдоо эрдэс баялагтай нь хамт хадгалахыг хичээнэ. Хэдэн амь хэрэгтэй юм бэ. Нэг нь өнгөрчихлөө.
 
Гадны луйварчин компаниудаар газраа ухуулж, эх баялгаа алдсан тухайн жилд таваас 10 жил ажилласан хүн, 50-100 жил худалдагдсан хүн тэр уул уурхайн компани эх орноос нь гараад явахад юутай үлддэг гээч. Уул уурхайнхаа хог шааран дээр л үлддэг. Тухайн компаниуд хаяад л яваад л өгдөг. Харин нутгийн иргэд өөр хаачих юм бэ.
 
Дэлхийд уурхайн нөхөн сэргээлт гэдэг ойлголт түүхэндээ байдаггүй. Дандаа тэжээмэл орчин, аргацаасан, байнга мөнгө цацсан, заавал саармагжуулж байдаг, заавал үр тариа цацаж байдаг, заавал бордоо ашиглаж, байх ёстой тийм орчинтой үлддэг. Хэрэв байнга мөнгө цацахгүй бол цөлжилж, усгүй болно. Ийм л нөхөн сэргээлт нэртэй ажил хийгддэг. Түүнээс биш ухаж төнхөөд явсан газрыг урьдын хэвээр байгалиар нь нөхөн сэргээнэ гэж ерөөсөө ч байдаггүй юм . Би хэдэн жил гадны улсуудаар явж, судалсныхаа үр дүнд үүнийг харлаа. Үлдсэн нутгийн уугуул иргэд уйлаад л хоцордог. 5 жилийн ажлын байрны төлөө уул уурхай явуулах зөвшөөрөл  өгсөндөө улс орнууд харамсдаг.
Гэтэл манайд Бро гоулдаас 49 сая тэр бум төгрөгийн татвар төлөөгүй гараад явчихсан компанийг эргээд Монголд дахин үйл ажиллагаа явуулахыг нь дэмжээд сууж байна. Монголд үйл ажиллагаа явуулах нүүр тэдэнд байхгүй. Нэрээ өөрчлөөд ороод ирсэн гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Үүнийг мэдэж байж Бро гоулдад хариуцлага ярихгүй байна вэ.
Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн үндсэн агуулга нь юу вэ. Энэ хуулиар жирийн иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх юм бэ. Энэ хууль иргэдэд ард түмэнд хэрэггүй. Энэ Баярцогт мэтийн луйварчдад л хэрэгтэй. "Сентарра гоулд", "Бро гуолд",  "Оюутолгой", "Рио тинто" гэх компаниудад л энэ хууль хэрэгтэй байх.
 
Ярилцсанд баярлалаа.
Г.Уянга
 Olloo.mn