ЗЭРЛЭГ АМЬТАН ӨНГӨРҮҮЛЭХ НҮХЭН ГАРЦ БОЛОН ГҮҮРЭН ГАРЦЫН СТАНДАРТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

 

Тал хээрийн бүс нутагт төмөр зам, авто замын төсөлд нүүдлийн тууртан амьтдад зориулсан нүхэн болон гүүрэн гарцын стандарт”-ыг боловсруулах төслийн хэлэлцүүлэг болж уг хэлэлцүүлэгт МБОИЗ-ийн Тэргүүн , БОНХАЖЯ-ны Сайдын зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэн оролцлоо.

Хэлэлцүүлгийг “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам”, Зам тээврийн яам, “Дэлхийн байгаль хамгаалах сан”-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Шинжлэх ухааны Академийн Биологийн хүрээлэн”  хамтран зохион байгуулж , эрдэмтэн судлаачид , мэргэжлийн иргэний нийгмийн төлөөллүүд оролцож санал бодлоо солилцсон байна.

Монгол улс нь “ Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц”-ийн гишүүн орны хувьд нүүдлийн зүйл амьтдын нүүдэлд ноцтой саад тотгор болохуйц үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх,  сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг авах үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм.

Иймд сүүлийн жилүүдэд иргэний нийгэм, нутгийн иргэд, хэвлэл мэдээллийнхэн болон БОНХАЖЯ-ны захиалга, шаардлагаар одоо байгаа авто зам, төмөр замуудын үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах болон шинээр төлөвлөгдөж буй авто зам , төмөр замуудаас үүсэх сөрөг нөлөөллийг  бууруулах боломжит хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд энэхүү стандартыг боловсруулан хэлэлцүүлж байгаа аж.

Энэхүү стандартыг боловсруулж, батлуулж мөрдүүлснээр авто зам болон төмөр зам барьснаар нүүдэл хөдөлгөөн нь хязгаарлагдаад байгаа улмаар өсөж үржих хөгжил, популяцийн өөрчлөлтөнд өртөөд байгаа Монгол оронд төдийгүй Дэлхий дахинд ховордоод байгаа Хулан, Хар сүүлт, Цагаан зээр, Аргаль Янгир, Бөхөн гөрөөс зэрэг тууртан амьтдад зориулсан гарц хийж тэдгээрийг авран хамгаалах зорилготой юм.

Уг стандартыг МБОИЗ –ийн дэргэдэх “Ногоон парламент” Амьтан ургамлын хороогоор хэлэлцүүлж мэргэжлийн иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгуулахаар болов.

 

С.ДАМДИНСҮРЭН