Сэтгүүлчийн тэмдэглэл

Уран шар нунтаг хор хөнөөлтэйг монголчууд  нэг үеийг бодвол овоо мэддэг болж байна. Нэгэн үеэ бодвол иргэд, иргэний нийгмийнхэн ч аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандан, сургаар бус судалгаан дээр суурилсан, зөв мэдээллийг олон нийттэй хуваалцаж байдаг болсон нь талархууштай.  Үүний нэг тод жишээ нь ХААДС дээр зохион байгуулагдсан “Ураны хайгуул, олборлолт түүний эерэг сөрөг үр дагавар”олон улсын семинар юм. Та бүхэнд уг семинарын онцлох мэдээлэл болон оролцогчидтой хийсэн ярилцлагаасаа хүргэж байна.  

Дундговьд  ямаа хэдэн зуугаараа  үхэж  байсан нь Ураны хайгуултай холбоотой байж болзошгүй баримтыг дэлгэлээ...

Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөл,Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл байгууллагаас хамтран зохион байгуулсан “Ураны хайгуул,олборлолт түүний эерэг сөрөг үр дагавар”олон улсын семинарт Төрийн байгууллага, оюутнууд, иргэний нийгмийхэн, хөдөө орон нутгаас ч  зарим төлөөлөл оролцсоноос гадна Япон, Солонгос, Германаас  ч ураны эсрэг үзэлтнүүд  ирж оролцов. Семинарт ирсэн  Дундговь аймгийн  Өлзийт сумын малын их эмч Э.Жаргалсайхан гэгч дайчин байрын эмэгтэй дараах зүйлийг ярьж байлаа.

Манай суманд Гурвансайхан гэдэг компани бүр 1998-1999 оноос эхлэн ураны хайгуул хийж олон цооног ухаад ус гаргаад  шавартай нь холиод хаячихсан байсан. Тэр хайгуул хийж байсан газарт нутагладаг  Буянт багийн малчин Дондог гэдэг хүний мал үхээд байсан. Малчин Дондогийн нүд өвдсөөр хараагүй болсон. Мөн 2005-2006 онд гэнэт л ямаа хэдэн зуугаараа үхээд байсан. Ямааны годрон, боом өвчин байх гээд шинжилгээ авч лабораторид явуулж байсан боловч шинж тэмдэг илрээгүй гэж хариу гарсан. Энэ асуудал орон даяар бөөн сенсаац болж тагнуул, цагдаагийхан ч манай суманд ажиллаж байсан. Дондог гуайн үхсэн  малын сэгийг ч мөн олноороо үхсэн ямааны сэгийг ч нохой шувуу ер хөндөхгүй, нүдийг нь ухахгүй байсан нь  хамгийн хачирхалтай санагдаж байсан.

Би үхсэн ямааг халдварт өвчин биш “хордлогын” шинжтэй байсан гэсэн онош тавиад байсан ч тухайн үед үнэмшээгүй. Сүүлд харин ХААЯамны мал эмнэлгийн мэргэжилтэн таны онош зөв байсан  гэж хэлсэн. Тэр зун зуншлага сайтай таана их ургаснаас  “пологтож” хордсон байж ч магадгүй гэж таамаглаж байсан. Тэр  ургасан таана нь урьд ургадагаас  тэс өөр зарим нь бууз хэлбэртэй, зарим нь лууван хэлбэртэй, зарим нь дугуй хэлбэртэй байсан. Би бууз, лууван, дугуй хэлбэртэйг тус тусад нь багцлаад ялгаад  Цацрагийн хяналтын хүрээлэнд явуулсан. Гэвч дээж нь шаардлага хангаагүй гээд  хариу ирүүлээгүй юмаа. Бидэнд ураны цацрагийн талаар ямарч мэдээлэл  байхгүй. Эрдэмтэн судлаач та бүхний сая тавьсан илтгэлээс харахад ямаа цацрагийн хордлогод хамгийн их өртөмтгий эмзэг гэж судлагдсан байгаа нь манайд ямаа хэдэн зуугаараа үхсэн нь ураны хайгуулын үед гарсан цацрагийн улмаас үүссэн хүнд металлын хордлоготой холбоотой юм байна гэж  бодогдлоо.  Ер нь сүүлийн үед онош нь тогтоогдохгүй сонин сонин малын өвчин их гарах болсон шүү!  Манай эрдэмтэн судлаачид та бүхэн ганцхан Дорноговийн Улаанбадрах гэлгүйгээр судалгаа шинжилгээний ажлаа ураны хайгуултай газруудаар өргөжүүлж хийхийг хүсэж байна. Орон нутгийн эмч бид ч оролцож байя. Гэлээ.

 

Малчин Д.Норсүрэн- Арева компани  манайхаас  огт мал мах аваагүй

Уг семинарт Арева компанийн ураны хайгуулаас болж 20 тугал нь үхэж дуулиан тариад  байгаа   Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн ч ирсэн байлаа. Түүнтэй уулзаж хэдэн асуулт тавилаа.

Асуулт:Та сайхан хаваржиж байна уу? Бие тэнхээ сайн уу? Мал төллөөд дуусаж байна уу?

Д.Н - Өө энэ муу хөлнөөс бусад нь гайгүй дээ. Энэ жил 6 ямаа үхсэн, ишиг хурга, унага зулбаж гарсан. Манай хүү Энхболдынд гарсан гажигтай өвдөгөөрөө явдаг хурганы зураг сая танилцуулга дээр гарч байсан. Эрдэмтэд, баг, сум, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг гээд төрийн байгууллагууд нь худлаа яриад, хайхрахгүй үнэнээр нь ажлаа хийхгүй  байгааг яах ч билээ дээ. Малаа үхээд байхаар уур хүрээд үе үе хэрүүл хийдэг ч мөнхийн зарга хийгээд явалтай биш дээ.

Асуулт: Өдрийн сонин дээр танайхаас Кожеговь компани мах, сүү худалдаж авсан гэж бичсэн байна лээ?

Д.Н – Манайхаас мал огт аваагүй Улаанбадрахын зүүн хойд талын малчдаас мал авсан л гэсэн.  Харин зун 7, 8 сард манайхаас сүү авч шинжилж байсан.

Асуулт:Кожеговь компани  танай сумаас авсан малын махаа монгол ажилчдынхаа  хоол хүнсэнд хэрэглэдэг үү?

Д.Н – Гал тогоог нь хариуцдаг тусгай компани байдаг юм. Тэд нар нь хотруу ачаад л явдаг. Монголчууд, Францчуудын   хэн нь  иддэг эсэхийг би яаж мэдэх бэ?

Асуулт:Ингэхэд малынхаа хохирол нөхөн төлбөрийг Кожеговь компаниас нэхэж авсан уу?

Д.Н –Авсан төлбөр гэж байхгүй. Хэрэв хохирлыг барагдуулах юм бол манай компани үйл ажиллагаа буруудна гээд байдаг. Тэгээд таныг ойлгож байна төсөл хөтөлбөр өгнө ч гэх шиг юм яриад намар болохоор яваад өгдөг. Хавар ирэхээр нь бас л горидоод суудаг, тэд ч зальдаад яваад байдаг мал маань үхээд л байдаг хэцүү л байна даа.

Асуулт:Та хохирлоо төлүүлэхээр өдий хүртэл шүүхэд өргөдөлөө гаргаагүй юмуу?

Д.Н –Өнөөх Ж.Ганбаатар гэдэг залуу ноднин биднээс итгэмжлэл, баримт материал бүрдүүлээд аваад явсан түүнийг харзнаад л байна. Яваандаа шүүхдэнэ л гэж бодож байна.

Асуулт:Арева компани  танай бригадын малчдыг Франц явуулж ураны уурхайн үйл ажиллагаатай танилцуулсан. Малчид уран ашиглах нь аюулгүй сайхан юм гэсэн сэтгэгдэлтэй ирсэн талаар Өдрийн сонинд гарсан. Харин таныг яв гээгүй юмуу?

Д.Н –Намайг яв гэсэн. Би яваад яахав дээ? Явсан яваагүй уран хортой гэдгийг амсчихаад байгаа хүн. Тэнд ч энд ч адилхан өрөмддөг. Тэнд 400-500 метрт өрөмддөг гэсэн. Харин манайд 100 м дөнгөж гаран өрөмдөөд усыг нь гаргаад хордуулаад байхад. Манай дүү хүүхэн зэрэг хэдэн малчид явсан тэд юу мэдэх бэ? хар замаар толгойг нь эргэтэл давхиад хаашаа яваагаа ч мэдэхгүй шахуу л яваа биз. Нэг ураны уурхай дээр очсон л гэсэн ойрхон мал харагдаж байсан л гэсэн. Сониныхон тэдний өмнөөс уран хоргүй сайхан гэж бичээ байлгүй дээ.

Асуулт:Саяын семинар дээр яг танай багийн малчны охин ХААДСургуулийн 3-р курсын оюутан дажгүй хөөрхөн танилцуулга хийлээ. Яг бодит байдлыг харуулсан ямар малчны хэдэн хурга ишиг, унага үхсэн гажигтай гарсан зураг баримт дээр судалгаа шинжилгээний ажил хийж эхэлсэн байна. Та таних уу?

Д.Н – Тэр чинь манай охин шүү дээ. Багш нар эрдэмтэд нь ярихаас дөлөөд охиноор минь төр засгийн дургүй зүйлийг яриулаад болж байгаа юмуу? гэж би сургууль багш нарт нь хэлсэн. Үүнийг яриад ирээдүй байна уу?Дээрээс нь боль  гээд л зогсоох байлгүй дээ?

Үгүй байлгүй дээ. Эрдэм шинжилгээний ажил энэ сэдвээр хийж эхэлсэн мундаг охин байна ш дээ? Малын үхлийн шалтгааныг ингэж шинжлэх ухааны үндэслэлтэй судалж шинжилж үнэнг олж тогтооход цаг хугацаа хэрэгтэй байх л даа.

Үйлс цагаан бол үнэн  ялах учиртай. Та бүхний ажилд амжилт хүсэе.

МБОИЗ-ийн Ногоон парламентийн болон цөмийн ажлын хэсгийн гишүүн,

“Баяншарга уул” сонины эрхлэгч Л.Бор

ХААДС  2015.03.19