Орон нутагт ажиллав

МБОИЗ-ийн ажлын албаны төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ 2015.3.25-2015.3.27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг, Дархан хотын салбар зөвлөлүүдийн ажил байдалтай танилцах, салбар зөвлөлүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллав.

Ажлын хэсэгт МБОИЗ-ийн ногоон парламентийн гишүүн Г.Володя, Амарсанаа нар болон салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчдийн төлөөлөл орж ажиллав. 

Сэлэнгэ аймгийн хэмжээгээр 182 ойн нөхөрлөл, 80 гаруй ойн аж ахуйн чиглэлийн компани ажилладаг. Ихэнх ТББ-ууд нь эдгээр нөхөрлөл, компанийн дэргэд байгуулагдсан байдаг. Дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, ТББ-уудын чуулган болно. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн МБОИЗ-ийн салбар зөвлөлийн гишүүдийн хурал хийхээр төлөвлөв.

Мөн Сэлэнгэ аймгийн модны захаар орж ойн цэвэрлэгээ, хууль бус мод бэлтгэл, модны хулгай зэрэг асуудалтай холбоотой мэдээллийн дагуу нутгийн иргэн Амраа, Хишигсайхан нартай хамт ажиглалт судалгаа хийв. Ойн нөхөрлөлүүдийн гэрээт тайлбайнуудад ойн нөөцийн судалгаагүйгээр ой цэвэрлэх адилхан норм өгсөн нь хууль бус мод бэлтгэл, хулгай гарах үндэслэл болж байгааг ойн нөхөрлөлийн төлөөлөлүүд ярьж байв.

Ажлын хэсгийнхэн Дархан хотод 2015.3.27-нд ажиллав. Дархан хотын захиргааны ТББ хариуцсан түшмэл Оюун, Дархан хотын байгаль орчны дарга Ганзориг болон байгаль орчны газрын мэргэжилтнүүд, Дархан хотын салбар зөвлөлийн дарга, НП-ийн гишүүн Амарсанаа, Дархан дэх салбарын Гүйцэтгэх захирал, тэргүүлэгч Сүхбаатар болон тэргүүлэгчидтэй хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаль орчны хууль журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Дарханы хэмжээнд гардаг асуудлууд болон байгаль хамгаалах, нөхөн сэргээх, хавар намрын уламжлалт ажлуудад ТББ-ын оролцоог хэрхэн хангах талаар ярилцав. Уг хэлэлцүүлэгийн үеэр  модны хулгайтай тэмцэх ажлын хэсэг, тендерийн ажлын хэсгүүдэд МБОИЗ-ийн төлөөлөлийг оруулах, хамтарсан хяналт мониторингийн ажлууд  зохион байгуулах,  “Эзэнтэй монгол” хөтөлбөрийн хүрээнд улиралын чанартай ажлын байр бий болгох, санхүүжүүлэх мөн түүнчилэн Дарханы ТББ-уудын  нэгдсэн холбоо, Захиргаатай хамтран ажиллах боломжуудыг тодорхой болгон санамж бичиг байгуулан ажиллахаар шийдвэрлэв. Дарханы хэмжээнд нийт ойн сангийн 90 хувийг гэрээгээр нөхөрлүүдэд эзэмшүүлсэн байдаг бөгөөд ТББ-уудын өөрсдийн идэвхи санаачилга чухал байгааг Ганзориг дарга онцолж байв.

Уулзалт хэлэлцүүлэгийн үеэр гарын авлага, МБОИЗ-ийн сонин тараан өгч, МБОИЗ-ийн веб сайтын танилцуулга хийв.

МБОИЗ-ийн ажлын албанаас Дархан, Сэлэнгийн салбаруудын ажлын үр дүнгийн талаар тухай бүр нийт гишүүдэд мэдээлэх болно.