"Нэг сая мод ургуулах" бүх нийтийн хөдөлгөөнийг зарлалаа

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙДЫН ТУШААЛ

2015 оны 04 сарын 02                Дугаар № А-146                                     Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулж, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3., 14.4., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1., Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1., 13.1.19., 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг тус тус үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигийн дагуу 2015 оны мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсугай.

2. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр, ажлын удирдамжийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3. Тухайн нутагт “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулан, ажлын төлөвлөгөө боловсруулан, зардлыг батлан хэрэгжилтийг зохион байгуулж, өөрийн хүчээр мод тарьж ургуулах, услах, арчлах боломжгүй иргэн бүрээс 1, аж ахуйн нэгж, байгууллага бүрээс 5-аас доошгүй модны зардлыг Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу тусгай дансанд төвлөрүүлэн, орон нутгийн ойн анги болон ойн мэргэжлийн байгууллагаар тухайн ажлыг гүйцэтгүүлж, хийсэн ажлын тайланг цаг тухай бүрт тус яаманд ирүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаусгай.

4. Энэхүү тушаал болон хавсралтаар батлагдсан ажлын удирдамжийг аймаг, нийслэлд хүргэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж, хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зардлыг боловсруулан батлуулж, холбогдох тайланг нэгтгэн тухай бүр Сайдад танилцуулахыг ажлын хэсэг /Ц.Банзрагч/-т, мод тарих ажлын зардлын зарцуулалтанд санхүүгийн хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Даваасамба/-т тус тус даалгасгуай.

5. Батлагдсан төлөвлөгөөний дагуу “Байгаль хамгаалах сан”, “Цэвэр агаар сан”-ийн зардлаас гарган тус яамны нэмэлт санхүүжилтын дансанд шилжүүлэхийг Байгаль хамгаалах сангийн захирал Х.Батжаргал, Цэвэр агаар сангийн захирал Д.Баасан нарт тус тус зөвшөөрсүгэй.

6. Тус хөдөлгөөнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг төлөвлөгөөний дагуу “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардал”, нэмэлт санхүүжилтын данснаас гарган санхүүжүүлэхийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Булганд зөвшөөрсүгэй

 

                                 Сайд                                                    Д.Оюунхорол

 

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын

2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн

А-146 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 Улсын хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн

 Ажлын хэсгийн дарга:

Ц.Банзрагч

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын даргын албан   үүргийг түр орлон гүйцэтгэгч

Орлогч дарга:

Ө.Сумъяабаатар

Тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Нарийн бичгийн дарга:

Ш.Эрдэнэдаваа

Тус яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн

Гишүүд:

Б.Саранчимэг

Сайдын зөвлөх, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

 

Т.Бүдээхүү

Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга

 

С.Гантулга

Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын захирал

 

Х.Батжаргал

Байгаль хамгаалах сангийн захирал

 

Д.Баасан

Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал

 

Г.Болормаа

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга

 

А.Мөнхбат

Монголын Залуучуудын холбооны   ерөнхийлөгч /тохиролцсоноор/

 

Д.Батбаяр

Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч /тохиролцсоноор/

 

Ц.Бямбасүрэн

Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн /тохиролцсоноор/

 

Д.Гансэлэм

“Монголын хөгжлийн бодлогын хүрээлэн” ТББ-ын Ерөнхий захирал /тохиролцсоноор/

 

Ө.Магсаржав

П.Баярхүү

“Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал /тохиролцсоноор/

“Ногоон дүүрэг” ТББ-ын Тэргүүн /тохиролцсоноор/

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын

2015 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн

А-146 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”  зохион байгуулах ажлын УДИРДАМЖ

 2015 оны 04 сарын 02 өдөр

 1. Хөдөлгөөний зорилго:

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар “Мод тарих үндэсний өдөр”, 2013 оны 178 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын санаачилгаар 2015 онд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг улс орон даяар зохион байгуулж, 1 модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд 1 саяас доошгүй мод тарьж, усалж, арчлан ургуулахад оршино.

 2. Хөдөлгөөнийг хэрэгжүүлэх газар /хамрах хүрээ/:  

 Улаанбаатар хот, 9 дүүрэг, 21 аймаг, бүх сумдад зохион байгуулна.

 3. Хөдөлгөөнийг зохион байгуулах:

 3.1. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар байгуулагдсан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулах Ажлын хэсэг улсын хэмжээнд хөдөлгөөнийг удирдан зохион байгуулна.

 3.2. Аймаг, нийслэлийн хэмжээнд дэд ажлын хэсэг байгуулах бөгөөд ажлын хэсгийг Засаг даргын орлогч ахалж, дэд ажлын хэсгийн төслийн нэгжийн удирдлагыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хариуцан гүйцэтгэнэ.

 3.3. Сум дүүрэг бүрт Засаг даргын орлогчоор ахлуулсан, баг хорооны Засаг даргыг оролцуулсан Ажлын хэсэг томилогдон ажиллана. Ажлын хэсэг 5-аас доошгүй хүнтэй байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрд хяналтын дэд хороотой байна.

 3.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрд Ажлын хэсгээс хийх ажлын төлөвлөгөө, зарцуулах зардлын төсөв гарган тухайн шатны Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллана.

 4. Хугацаа:

 4.1. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий 1-р үе шат хавар буюу 2015 оны 4 дүгээр сарын 15-аас 9 дүгээр сарын 20-ны хооронд үргэлжлэх ба иргэн бүр мод тарих ажлыг гүйцэтгэж, тарьсан модыг арчлах, услах ажил хийгдсэн байна.

4.2. 2-р үе шат 2015 оны 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 25-ны хооронд нөхөн тарилт, намрын цэнэг усалгаа хийж тарьсан модыг өвөлжилтөд бэлтгэсэн байна.

 5. Хийж гүйцэтгэх ажлын чиглэл:

           5.1. Энэхүү хөдөлгөөнд улс, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил хамаарахгүй.

          5.2. Улсын хэмжээнд төв ажлын хэсэг дараах ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.

                        5.2.1 “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулах ажлын удирдамжийг аймаг, нийслэлд хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

                        5.2.2. Мод тарьсны ач холбогдлын талаар сурталчилгааны ажлын шторк бэлдэх, телевиз, өдөр тутмын сониноор сурталчилна;

                        5.2.3. тарих ажлын талаар нэгдсэн сургалтуудыг зохион байгуулж, үндэсний телевиз хэвлэлээр иргэдэд хүргэнэ;

                        5.2.4. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д их дээд сургуулийн оюутан залуусыг татан оролцуулах, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүчийг өргөнөөр татан оролцуулах;

                        5.2.5. Мод тарьсны ач холбогдлын талаар 1 мод амьдралынхаа туршид хүний амьдралд ямар их ач холбогдолтой болохыг харуулсан сурталчилгааг улсын хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж иргэдэд экологийн боловсрол олгох;

                        5.2.6. Мод тарих ажлын ач холбогдлын талаар гарын авлага /брошур/, хялбаршуулсан кино зэргийн эх бэлдэж хэвлүүлэн орон нутгийн дэд ажлын хэсэгт хүргүүлэх ажлыг зохион байгуулна;

                        5.2.7. Ойн тухай хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, ойг нөхөн сэргээх чиглэлийн шинэ дэвшилтэт техник, технологи сурталчлах ажлыг зохион байгуулах;

                        5.2.8. Тарьц, суулгацын хэрэгцээний тооцоо гаргаж, нийлүүлэлтийн саналыг зохион байгуулах;

                        5.2.9. Өндөр настан хөгжийн бэрхшээлтэй иргэд зэрэг төлбөрийн чадваргүй иргэдийг тарьц, суулгацаар хангах;

                        5.2.10. Аймаг, нийслэлийн ажлын хэсгийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах, тайлан мэдээг тухай бүрд нь нэгтгэн гаргаж Сайдад тайлагнах;

          5.3. Орон нутгийн хэмжээнд дэд ажлын хэсэг дараах ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.

                        5.3.1. Орон нутагт энэ ажлыг Ажлын дэд хэсгийн удирдлага дор Ойн ангийн мэргэжил аргазүйн тусламжтайгаар багийн Засаг дарга нар, Нийслэлд Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтний аргазүйн тусламжтайгаар хорооны Засаг дарга нар тус тус гардан зохион байгуулна.

                        5.3.2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрд бүх нийтээр мод тарих ажлыг уламжлуулан зохион байгуулах талбайг сонгосон байх. /бүс нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүс, цөлжсөн газар, бүх төрлийн хамгаалалтын зурвас, ойгүй болсон ойн сан, усны эх бүрэлдэх газар гэх мэт/;

                        5.3.3. Сумын төвийн багуудад 30х40 метр буюу 1200 метр квадратаас доошгүй талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн; аймгийн төвийн сумдын баг тус бүрд 15х15 метр буюу 225 метр квадратаас доошгүй талбайд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн; Улаанбаатар хотын хороо бүрд, Орхон, Дархан-Уул аймгийн төвийн сумдын баг бүрд 10х10 метр буюу 100 метр квадратаас доошгүй талбайд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн тус тус байгуулах;

                        5.3.4. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 178 дугаар зарлигийн хүрээнд Нийслэлийн дүүрэг бүрд ногоон байгууламж бүхий томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг тусгайлан батлагдсан зураг төслийн дагуу байгуулах;

                        5.3.5. Төв суурин газрын айл өрх бүрийн хашаанд жил бүр 2-оос доошгүй мод тариулах, арчилгаа, хамгаалалтыг нь хариуцуулан ургуулах;

                        5.3.6. Төв суурин газрын аж ахуйн нэгж, байгууллага бүрийн гадна орчинд 5-аас доошгүй мод тариулах, арчилгаа, хамгаалалтыг нь хариуцуулан ургуулах;

                        5.3.7. Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудад газрыг нь заан өгч өөрийн ой, төгөл бий болгох ажлыг дэмжин зохион байгуулах;

                        5.3.8. Хөдөлгөөний хүрээнд орон нутагтаа стандартын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, мод тарих иргэд аж ахуйн нэгж, байгууллага бүрийг тарьц суулгацаар хангах.

                         5.3.9. Монгол улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэн 16 насанд хүрсэн иргэн 1, аж ахуйн нэгж байгууллага 5-аас доошгүй модыг тариулах, өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” тусгай хандивын данс нээж тухайн бүс нутагт 1 мод ургуулах зардлыг тооцон иргэдээс цуглуулан авч, тусгай дансанд байршуулах. Дансанд хуримтлагдсан хөрөнгийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд тарьсан модны арчилгаа, хамгаалалт усалгааны ажилд зарцуулна. Уг ажлыг орон нутгийн дэд ажлын хэсэг хариуцан, ойн анги болон ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэх бөгөөд санхүүгийн зарцуулалт, ажлын үр дүнгийн талаар улсын төв ажлын хэсэг болон орон нутгийн хяналтын хороо хяналт тавьж холбогдох шийдвэрийг гарган ажиллана.

                        5.3.10. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д их дээд сургуулийн оюутан залуусыг татан оролцуулах, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүчийг өргөнөөр татан оролцуулах.

                        5.3.11. Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа ойжуулалт, ойн зурвасын ажил, төсөл хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдийг татан оролцуулж тэдний оролцоог нэмэгдүүлэх.

                        5.3.12. Хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг сум, дүүрэг бүрээр нэгтгэн дүгнэж, шагнал урамшуулал олгох талаар дээд шатны ажлын хэсэгт саналаа бичгээр болон хийсэн ажлыг гэрэл зургаар баримтжуулан тайлангийн хамт хүргүүлнэ.

                        5.3.13. Мод тариад орхих биш тарьсан модоо 3-аас доошгүй жил арчлан хамгаалж ургуулах тал дээр иргэдэд сургалт зохион байгуулах.

  6. Шалгаруулалт, шагнал урамшуулал

 6.1. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий зохион байгуулалт, үр дүнг төв ажлын хэсэг дүгнэн дараах шагнал урамшууллыг олгоно.

6.1.1.

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулсан шилдэг аймаг                             (3 аймаг)

 

 

     1-р байр (1 аймаг)

     2-р байр (1 аймаг)

     3-р байр (1 аймаг)

8.0 сая төгрөг

5.0 сая төгрөг

3.0 сая төгрөг

6.1.2.

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулсан шилдэг дүүрэг (1 дүүрэг)

5.0 сая төгрөг

6.1.3

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулсан шилдэг                       сум (4 сум)

 

     1-р байр

     2-р байр

     3-р байр

     4-р байр

5.0 сая төгрөг

3.0 сая төгрөг

2.0 сая төгрөг

1.0 сая төгрөг

 

 

 

Нийт шагналын сан

32.0 сая төгрөг

6.2. Сум, дүүргийн шалгаруулалтыг аймаг, нийслэлийн ажлын хэсэг дээр ярилцан шалгаруулж материалыг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны дотор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлнэ.

 6.3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн материалыг                 11 сарын 15-ны дотор шалгаруулж улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

 7. Үр дүн:

 7.1. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлснээр 2015 оны эцэст улсын хэмжээнд                     1 саяас доошгүй мод тарьж ургуулсан байна.

 7.2. Иргэд мод тарьж ургуулахын ач холбогдлыг мэдсэнээр экологийн боловсрол дээшлэн байгаль орчноо хамгаалах сэтгэлзүй нэмэгдэнэ.

                       8. Зардал:

            8.1. Улсын хэмжээнд хөдөлгөөнийг сурталчлах зохион байгуулах, хяналт тавих, сургалт сурталчилгаа явуулах ажлын зардал болон шагналын зардлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Цэвэр агаар сан болон Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлнэ.

            8.2. Орон нутагт зохион байгуулах ажлын зардлыг тухайн орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

            8.3. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын мод тарих ажлын зардлыг Ойн тухай хуулийн             31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

            8.4. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий үеэр тарьсан моддыг жилийн туршид арчлах зардлыг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” тусгай дансанд төвлөрсөн хөрөнгөөс зарцуулна.

            8.5. Аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн ой, төгөл бий болгох ажлын зардлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр гүйцэтгэнэ.

Ойн бодлого, зохицуулалтын газар