Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа болно

БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ. Уг үйл ажиллагааны гол зорилго нь нэг модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд нэг саяас доошгүй мод тарьж, усалж, арчлан ургуулахад оршиж байгаа юм.

"Нэг сая мод ургуулах" хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулах шинэ дэвшилтэт арга технологийг нийтэд сурталчлах, стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгацаар иргэдийг хангах, мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөлгөө өгөх зорилготой "Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа"-г энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах гэж байна.

Хөдөлгөөний хүрээнд Монгол улсын "Ойн тухай" хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу 16 насанд хүрсэн иргэн нэг, аж ахуйн нэгж байгууллага 5-аас доошгүй модыг тарих, өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” тусгай хандивын дансанд тухайн бүс нутагт нэг мод ургуулах зардлыг тооцон тусгай дансанд байршуулах юм.

Дансанд хуримтлагдсан хөрөнгийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд тарьсан модны арчилгаа, хамгаалалт усалгааны ажилд зарцуулах ажээ. Уг ажлыг орон нутгийн дэд ажлын хэсэг хариуцан, ойн анги болон ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэх бөгөөд санхүүгийн зарцуулалт, ажлын үр дүнгийн талаар улсын төв ажлын хэсэг болон орон нутгийн хяналтын хороо хяналт тавьж холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байгаа юм байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод үндэсний өдөртэй болох тухай" 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу энэ жилийн мод тарих өдөр тавдугаар сарын 9-ний өдөр тохиож байна. Зарлиг гарснаас хойш бүх нийтээр мод тарих 10 өдөр тохиожээ. Энэ хугацаанд 2010 онд 9167 га талбайд 7689 байгууллага, 220000 иргэн 1,754,000 ширхэг мод, 2011 онд 10927 га талбайд 4669 байгууллага, 157,000 иргэн 1,480,000 ширхэг мод, 2012 онд 8399 га талбайд 7284 байгууллага, 191,000 иргэн 1,563,000 ширхэг мод, 2013 онд 8070 га талбайд 11,324 байгууллага, 189,000 иргэн 1,200,000 ширхэг мод, 2014 онд 6289 га талбайд 7,105 байгууллага, 150,363 иргэн 1,368,676 мод тарьсан байна. Зарлиг гарсан өдрөөс хойш давхардсан тоогоор 37981 байгууллага, аж ахуйн нэгж, 907363 иргэн, 7,365,676 ширхэг мод тарьж, ургуулсан байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монгол Солонгосын Ногоон хэрэм төсөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын ойчид, цэцэрлэгжилтийн холбоо ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.