ДУСАЛ УС Ч ЭХ ОРНЫ МИНЬ БАЯЛАГ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гишүүн, доктор, профессор С.Чулуунхуягтай ярилцлаа.

- Та саяхан Дэлхийн Усны VII форумд оролцоод ирсэн. Энэ жилийн форум өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой байв?

- “Ус бол бидний ирээдүй” гэж цэнхэр гаригийн улс орнуудын бүх иргэдийн төлөөлөл болсон 170 гаруй орны 50 орчим мянган зочид, төлөөлөгчид нэгдэн БНСУ-ын Дэгү, Кёнжу хотод долоо хоногийн туршид хуран чуулж, усны нөөцийг хайрлах, хамгаалах, зохистой ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр юуг хийж чаддагаа хэлэлцэж, тунхаглаж, олон мянган дэвшилтэд технологийг харуулж чадлаа. Урьд болж байсан форумын сэдвийг нэг шинэ асуудлаар өргөжүүлсэн нь шинжлэх ухаан, технологийн салбар хэлэлцүүлэг байлаа. Форум зохион байгуулагдсан өдрүүдэд яагаад ч юм миний сэтгэлээс “2070 оноос бичсэн захидал” өгүүлэл салахгүй байсан шүү. Өөр сэтгэгдэл нь Монгол улс маань усны талаар баримтлах бодлого тааруу, салбарын хүний нөөц багатай, шинжлэх ухааны хүрээлэн, төвүүд бараг байхгүй /байсныг цомхотгосон/ гэж хэлж болохоор байгаа нь энэ салбарт анх 10дугаар ангиа төгсөөд л сургуулийн томилолт авч, ажиллаж ирсэн надад улс орон бүрийн тэргүүн, сайд нарын хэлсэн үгс, санал санаачлагатай харьцуулахад даанч өчүүхэн гэмээр санагдаж, өвчүүн дээр минь одоо ч гэсэн хөндүүрлэж байна.

- Монгол орны усны нөөцийн зөв менежментийг хэвшүүлэхэд авч хэрэгжүүлэхээр ямар санаа, технологи байна вэ?

-Ярихын бол их л зүйл байнаУс үнэхээр манай улсын ирээдүй юм бол бусад орнуудад энэ салбарын үйл ажиллагаа нь смарт технологитой, автоматжуулсан, зорилго нь байгууллага бүр усны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлсэн, технологи нь зардлаа бүрэн нөхөх чадвартай, байгальд ээлтэй ногоон технологи байх юм. Үүнд чиглэсэн хүний нөөц болон чадварыг бий болгох, сургах, залгамж халааг бэлтгэх, багавтар усныхаа нөөцийг хянаж чаддаг байх нь эхний ээлжинд авах арга хэмжээ юм болов уу даа. Гар утсаараа уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбар, хүн амын усны эх үүсвэрийн хэдэн арван чанарын үзүүлэлтэд мониторинг хийх, мэдээллийг нь зурагжуулах программ хангамж, хэмжилтийн багаж нь миний сонирхлыг их л татсан .

- Манай улсад үйлдвэр, аж ахуйн байгууллагын усны хэрэглээг зохистой болгоход ямар ажил хийгдэж байгаа талаар та ярьж өгнө үү?

- Ус ашиглагч, хэрэглэгч бүхий л байгууллага, хувь хүний ч сонирхол хөндөгдсөн, усны салбарын шинэчлэлийн суурь болох маш чухал ажил нь “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны хэрэглээний норм”-ыг шинэчлэн боловсруулж дуусаад хэлэлцүүлэг хийгдэж байна. Уг ажлын эхний нормыг 1995 онд Байгаль орчны сайдын 153 тоот тушаалаар “Түр норм” хэлбэрээр боловсруулан батлуулсан. Уг хоёр нормыг боловсруулахад төслийн удирдагчаар ажилласан бөгөөд сүүлийн норм нь өмнөхөөсөө нилээд олон зүйлээр шинэчлэгдсэн байгаа.

- Чухам ямар салбарын хэдэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмж, шинээр тусгасан бэ?

- Нийт 15салбар болон үйлдвэрийн105 гаруй төрлийнбүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулахад зарцуулах ус хэрэглээний нормыг шинэчлэн мөн 247 бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний усны нормыг шинээр тогтоосон. Эдгээрт эрчим хүч, дулааны салбар, уул уурхайн салбар, хүнсний салбар, хөнгөн үйлдвэрийн салбар, хүнд үйлдвэрийн салбар, барилгын салбар, авто замын салбар, аялал жуулчлалын салбар, газрын тосны салбар, мал аж ахуйн, хөдөө аж ахуйн салбар,орон сууц, нийтийн аж ахуйн салбар гэх мэт бүхий л салбарын ус хэрэглээг шинэчлэн болон шинээр боловсруулсан.

- Ус хэрэглээний нормыг манайхаас бусад орнуудад боловсруулж, дагаж мөрддөг болов уу?

-Бид юуны өмнө, эхний ээлжинд бусад орнуудын бүхий л салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын ус хэрэглээний нормыг ашиглаж байгаа техник, технологитой нь хамт харьцуулан судлах ажлаар төслөө эхэлсэн.

Мөн манай орны дээрх салбаруудад ус хэрэглээ, ашиглалтын судалгааг хоёр үе шаттайгаар хийж гүйцэтгэсэн. Бид БНХАУ, ОХУ, ХБНГУ зэрэг олон орнуудын нормыг харьцуулан жишиж, авч үзсэн.

- “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны хэрэглээний норм”-ыг боловсруулах нь чухам ямар ач холбогдолтой юм бэ?

- Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах усны хэмжээг тогтоох нь:

  • Хот суурин газрыг шинээр төлөвлөх үйлдвэр, аж ахуйн газруудын ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл зохиох.
  • Бүс нутаг, усны сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах, ай савын усны ашиглалт, хамгаалалтын ерөнхий схемийг боловсруулах, хэрэгжүүлэх.
  • Байгалийн нөөц баялаг ялангуяа усны нөөцийн болон ашигласан үнэлгээг тогтоох, төлбөр тооцооны үндэслэл боловсруулах, хүрээлэн буй орчинд халгүй технологийг нэвтрүүлэх зүй ёсны шаардлага бий болгох, зэрэг олон талын ач холбогдолтой .Тухайлбал: БНХАУ-д жилд 2 удаа зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэрэглээний нормыг өөрчилсөн байна. Энэ нь хэдий хурдтай технологи тухайн салбарт нэвтэрнэ, төдий чинээгээр технологийн усны хэмжээ нь багасаж байна.

Тиймдээ ч нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах усны нормыг тогтоохдоо тухайн салбарын үйлдвэрлэлийн, дамжлага тус бүрийн ус хангамжийн /шууд, эргүүлэн ашиглах/ тогтолцооны онцлог, нэг дамжлагаас нөгөө дамжлагад шат дараалалтай давтан ашиглах боломж, одоо манай оронд ашиглагдаж байгаа болон орж ирж буй дэвшилтэд технологийн ус хэрэглээг олон улсын аргачлалын дагуу судалж, тогтоох ажлыг гүйцэтгэсэн.

- Та энэ ажлаар усны салбарын ажилд ахиц гарна гэж бодож байна уу?

- Тиймээ, бид ядаж л хэрэглэсэн усаа тооцож, зарцуулж, төлөвлөж, усныхаа нөөцийг хамгаалж, эзэд нь баялагаа, нөөцөө илүү сайнаар таньж, мэддэг болно шүү дээ. Энэ тус салбарт өөрчлөлт авчирахгүй гэж үү. Би эргэлзэхгүй байна.

Сэтгүүлч А.ПҮРЭВСҮРЭН