"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг өнөөдөр улс даяар 11 дэх удаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ жилийн мод тарих  өдөр  аугаа их эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойтой давхацсан, БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг санаачлан өрнүүлж байгаа зэрэг онцлогтой. 

Ялалтын 70 жилийн ойтой “Бүх нийтээр мод тарих”  өдөр давхацсан тул УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар байгуулж буй  “Парламент” төгөлд өнөөдөр анхны бут сөөгийг суулгалаа.   Их ялалтын 70 жилийн ойн өдөр мөн мод тарихаар ОХУ-аас   Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К Азизов, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В. Чепурный, Казакстан Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.И Кобландин нар хүрэлцэн ирж, мод тарив. Тэд Ялалтын түүхэн өдрийг Мод тарих өдөртэй хамтатган   сайхан үйлс санаачилсан УИХ-ын даргад талархал илэрхийлж, “Улаанбаатар удахгүй Ногоонбаатар болох”-ын ерөөл өргөсөн юм.  Мөн төр, засгийн төлөөллөөс гадна олон улсын байгууллагууд,   50 гаруй аж ахуйн  нэгж, 2000 гаруй иргэд хамтран  мод тарих үйлсэд нэгдлээ. "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нээсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж нийслэлийн нийт ногоон байгууламжийн 23 хувийг эзлэх болжээ. Үүнийг Б.Саранчимэг захирал хамт олынхоо болон тэнд мод тарьж, ургуулахын төлөө эргэж тойрдог олон хүний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим гэсэн юм.  УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Бүх нийтээр мод тарих өдрийн энэ жилийн арга хэмжээг олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээх зорилгоор БОНХАЖЯ-наас  санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг” улс даяар өрнүүлж байгаа нь нэн сайшаалтай. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт  иргэд, байгууллагын идэвхи санаачлага, оролцоо хамгаас чухал юм” гэлээ.


Ингээд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд,   ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл та бүхнийг ногоон байгалийн төлөө нэгдэж, энд хүрэлцэн ирсэнд юуны өмнө талархал илэрхийлье.

Та бүхэндээ Аугаа их эх орны дайны түүхэн ялалтын 70  жилийн ойн баярын мэндийг хүргэн  мэндчилье.  Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар 5,10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн “Бямба” гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Уг зарлигийн дагуу зохион байгууж буй 11 дэх удаагийн  "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" нь түүхэн ялалтын баярын өдөр тохиож байгаад туйлын баяртай байна.  Өмнөх жилүүдэд зохион байгуулсан бүх нийтээр мод тарих өдрүүдээр нийт 7,4 сая ширхэг мод тарьсан байна. Энэ тарьсан модны амьдралт 60 орчим хувьтай байгаа нь хангалтгүй дүн юм.  Иймд энэ оноос эхлэн тарьсан модоо арчлан хамгаалж ургуулах, амьдралтын хувийг нэмэгдүүлэх  зорилгоор БОНХАЖЯ-наас  “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН"-нийг улс даяар өрнүүлж байна. Монголчууд бид түүхэн уламжлалаасаа байгаль дэлхийтэйгээ харьцан, зохицолдон амьдарч ирсэн ард түмэн.  Гэтэл бидний амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс   доройтож, хүн амын 50 гаруй хувь нь  амьдарч байгаа Улаанбаатар хотод л гэхэд агаар, хөрсний бохирдол, тоосжилт аюулын харанга дэлдсээр  байна. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байгаа нь дэлхийн дунджаас даруй 7,5 дахин бага байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1  хэмээр  дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар  нэмэгджээ. Мөн  жилд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь   гадаргын усны хэмжээ багасахад  нөлөөлж байна. Судалгаанаас харахад  хайлаас мод  23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс  0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг.  Үүнийг мөнгөөр үнэлж тооцвол 50 жил ургасан НЭГ  мод амьдралынхаа туршид  38 сая  төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая  орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая  төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг юм байна.   Иймээс Иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болгохыг та бүхэндээ уриалж байна.

Манай яамнаас Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын “Ойн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178 дугаар зарлигуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Мод тарих, ойг нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэн чухал шийдвэрүүдийг гаргасан нь тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрсдийн хөрөнгөөр тарьж, ургуулсан   таримал ойг  төр худалдан авдаг болж энэ ажилд 2013-2014 онд 84,4 сая төгрөгийг олгоод байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн өмчлөлийн болон эзэмшил газартаа тарьсан ойгоо өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулж, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлыг 2-3,5 дахин нэмэгдүүлж, энэ ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдсэн өртөгийн албан татвараас, техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн болно. Эдгээр ажлын үр дүнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих идэвхи, санаачлага дээшилж, энэ чиглэлийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын орлого нэмэгдэж, ойжуулалтын ажлыг чанартай хийх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Монгол улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Аймаг нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэж хуульчилсан байдаг. Бурхан багшийн сургааль дахь “Мод их амь, хүн бага амь”, "Нэг мод тарих нэг насны буян”, “Хоёр мод тарьвал хойд насны буян”  хэмээх айлдварыг ч манай ард иргэд сайн ойлгож өөрийн итгэл үнэмшлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Тарьсан мод болгон ургаж, ургасан мод бүхэн бидний амьдралыг ивээн тэтгэж байх болтугай. Ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг үлдээхийн төлөө “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д нэгдэцгээе.

  

БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба