Ойн менежмэнтийг сайжруулах төслийн нээлтийн хурал боллоо

"Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх" GCP\MON\008\GFF төслийн нээлт 2015-05-22-нд боллоо.

Энэхүү төсөл нь  Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын  Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулан дөрвөн жилийн хугацаанд манай улсад хэрэгжих юм.

Төслийн нээлтэд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын ХХАА-н байгууллагын Хятад,Хойд Солонгос болон Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Мисика Перси нарын  уг төслийг хамтран хэрэгжүүлэгч талынхан оролцлоо.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол төслийг нээж хэлсэн үгэндээ,төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй Даян дэлхийн  Байгаль орчны Сан болон тус төслийг манай яамтай хамтран хэрэгжүүлэгч НҮБ-ын ХХАА-н байгууллагын  хамт олонд талархлаа илэрхийллээ. Мөн   НҮБ-ын ХХАА-н байгууллагын Монгол  дахь төлөөлөгч  Перси Вашата  Мисикатай уулзах үеэрээ төслийн хүрээнд хийх зарим асуудлаар санал солилцсоныг тэмдэглэлээ. Тухайлбал, БОНХАЖ-наас санаачлан өрнүүлж буй "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ий хүрээнд тус байгууллагатай хамтран ажиллаж, ой мод ургуулдаг зарим улс орны туршлагыг судлахаар ярилцжээ.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар, БОНХАЖЯ төслөөс хэд хэдэн үр дүн хүлээж буй ажээ. Ойн тогтвортой менежментийн хууль эрх зүйн үндсийг  сайжруулах, ялангуяа биологийн олон янзын хамгаалал, ойн нүүрстөрөгчийн хийн менежментийн асуудлыг тусгаж дөнгөж саяхан УИХ-аар баталсан Төрөөс "Ойн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх үе шатны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд  оролцох нь төслийн нэг үр дүн аж. Мөн хамтын оролцоотой ойн менежментийг Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул зэрэг аймгийн  84 ойн нөхөрлөлд болон улс орны  хойд хэсгийн бүх аймгуудад  шинээр дэлгэрүүлж, эдгээр аймгуудын  Сум дундын болон сумдын ойн ангиар дамжуулан  ойн нөхөрлөлийн дунд хугацааны ойн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлыг тус яам,  үүний дотор Ойн бодлого, зохицуулалтын газар болон бусад харъяа байгууллагуудтай  хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ойн нөхөрлөлүүдийн мэдээллийн санг газар зүйн мэдээллийн системд оруулж улмаар UN-REDD+ хөтөлбөрийн урамшуулалд хамрагдах боломжийг бүрдүүлэх, Сум дундын болон сумын ойн анги, ойн нөхөрлөл, зарим ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхижуулах, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үлгэр жишээ төвүүдийг байгуулах нь мөн төслөөс хүлээгдэж буй үр дүн ажээ.