Цөмийн зэвсгээс ангид байх тогтоолын төслийг барилаа

                         

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.03/ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг, Н.Энхболд нар өргөн барилаа.

Монгол Улс гадаад бодлогодоо аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Энэ бодлогын хүрээнд нутаг дэвсгэрээ аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх үүднээс 1992 онд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарлаж, түүнийгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах талаар тууштай арга хэмжээ авч ирсэн. Дотооддоо 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль гаргаж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоол батлан хэрэгжүүлсэн.

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай бодлого, нэн ялангуяа энэ талаар гарсан 2000 оны хууль болон тогтоолыг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ), НҮБ-ын Зэвсэг хураах алба болон Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл өндрөөр үнэлж, 2013 онд “Ирээдүйг тодорхойлсон  бодлогын шагналтан”-аар тодруулсан. Дээрх хууль болон тогтоолын хэрэгжилтийг Гадаад хэргийн яам нэг удаа, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо гурван удаа гаргаж үзээд зохих ёсоор хэрэгжиж байна хэмээн дүгнэсэн. Үүний зэрэгцээ өнөөгийн гадаад шинэ нөхцөл байдалд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Хууль болон тогтоолын хэрэгжилтийг дүгнэхийн зэрэгцээ цөмийн зэвсгээс ангид байх статусыг цаашид бүс нутгийн хэмжээнд урагшлуулах замаар тус улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдалтай холбох, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон Бүгд Найрамдах Казахстан Улстай хил орчмын цөмийн байгууламжуудын талаар мэдээлэл солилцож байх, цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд анхаарах, тус улсын нутагт болон хил залгаа улсуудад байгаа чичирхийллийн, нил авианы болон радионуклидын станцуудын мэдээллийг улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилд ашиглах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Тогтоолын төсөл санаачлагчид уг асуудлаар Монгол Улсын Засгийн газартай зөвлөлдөж санал, дүгнэлтийг нь төсөлдөө бүрэн тусгасан болохыг  УИХ-ын гишүүн М.Батчимэг онцлон тэмдэглэсэн юм. Тухайлбал, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын талаар хийж байгаа ажлын тухай Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд жил бүр мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон заалтыг шинээр нэмж оруулсан. Түүнчлэн Засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу цөмийн зэвсгээс ангид байх статусын болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон үндэсний аюулгүй байдлын чанартай асуудлаар шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тус зөвлөлөөс урьдчилж чиг авч байх тухай заалтыг нэмж оруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.