"Азийн сан"-гаас төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааны явцын хяналт мониторинг хийв

Өнөөдөр   МБОИЗ-ийн ажлын албан дээр Азийн сангийн санхүүгийн албанаас  “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай холбоотой хяналт мониторинг хийв.

Энэхүү жижиг төсөл нь МБОИЗ-ийн зарим салбар зөвлөлүүдээр дамжуулан 2015 оны 5 сарын 15-аас 11 сарын 15-ны хооронд хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний тайлангаа 6 сарын 25-нд МБОИЗ-ийн ажлын албанаас Азийн санд тавих юм. 

АНУ-ын Азийн сан нь Ази номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил дэвшил, шударга ёс, нээлттэй байдлыг хөхүүлэн дэмжигч ашгийн бус ТББ юм.

Тус сан нь засаглал, хууль эрх зүй, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийн шинэтгэл, олон улсын харилцааны чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажилладаг.

Азийн орнуудад үйл ажиллагаа явуулсан 60 жилийн туршлагадаа үндэслэн манлайлал болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх, туршлага солилцох, бодлогын судалгаа зэрэг чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай түншлэн ажилладаг билээ

Азийн сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд нь засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үндэс суурийг бий болгоход гол анхаарлаа хандуулж байна.

“Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөр нь байгаль хамгаалахад иргэд, оролцогч талуудыг татан оролцуулах замаар байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтыг бий болгох, уул уурхайн үйл ажилаагааны улмаас үүсч буй сөрөг нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдийг мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах замаар мэдлэг, чадавхыг нь дээшлүүлэхэд түлхүү анхаардаг. Бичил уурхайтай холбоотой, байгаль орчний доройтол, бохирдол, зөрчлийг багасгах болон орон нутаг дахь байгалийн нөөцийн ашиглалтад олон талын оролцоотой зөвлөл байгуулан хяналт тавих аргыг нэвтрүүлэх зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна.

“Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төсөл нь бичил уурхайн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор эвдэрсэн, эзэнгүй газарт нөхөн сэргээлт хийж, бичил уурхайн олборлолт явагдаж буй газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

 

МБОИЗ-ийн ажлын алба

2015-06-15