“НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ-7 ХОНОГ” болж байна

“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл - 7 хоног” энэ сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Монгол Улс 2013 онд ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдэн орсон бөгөөд 2014 онд БОНХАЖЯ, Сангийн яам хамтран НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын сургалт, судалгааны хүрээлэнтэй санамж бичигт гарын үсэг зурж, энэ хүрээнд БОНХАЖЯ болон НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын сургалт судалгааны хүрээлэн, НҮБ-ын ОУ-ын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ногоон эдийн засгийн бодлогын дүн шинжилгээ, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт, сургуулийн ногоон барилга байгууламж, тогтвортой худалдан авалт, ногоон эдийн засгийн боловсрол болон хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2012 онд НҮБ-ын “Рио+20” тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганаар “Бидний хүсч буй ирээдүй” тунхаглалд тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулахад “ногоон эдийн засаг” гол хөдөлгүүр байна хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн НҮБ-ыг ногоон, олон нийтийн оролцоог хангасан эдийн засагт шилжихийг зорьж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Үүний дагуу НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг санаачилж, 2020 он гэхэд дэлхийн 20 улс оронд ногоон эдийн засгийг хөгжүүлэх, зохистой ажлын байр, ур чадварыг бий болгох, цэвэр технологийг нэвтрүүлэн байгаль орчны доройтол, эрсдэл, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.

            Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл-7 хоногийн хүрээнд: “Ногоон хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх нь” үндэсний семинар өнөөдөр эхэллээ. Уг семинарын үеэр дараах сэдвээр салбар хуралдаанууд болж байна.

  • Ногоон хөгжлийн бодлого, ноггон эдийн засгийн төлөөх түншлэлийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,
  • Макро эдийн засгийн Т21 загварчлал, ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ,
  • Ногоон хөгжлийн үзүүлэлт, ногоон ажлын байр,
  • Ногоон барилга: Ногоон сургууль, цэцэрлэг,
  • Тогтвортой худалдан авалт,
  • Ногоон эдийн засгийн боловсрол,
  • Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны зорилт, хамтран ажиллах чиглэлээр тус тус салбар хуралдаанууд болно.

Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, БОНХАЖЯ хамтран “2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт ногоон хөгжлийн зорилтыг тусгах нь: Монгол улсад хэрэгжүүлэх боломж, сорилт өндөр түвшний хэлэлцүүлгийг 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Өндөр түвшний хэлэлцүүлгээр Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжлийн зорилт болон үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж зэрэг асуудлыг бодлого боловсруулагч, бусад сонирхогч талуудын хамтаар өргөн хүрээнд хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оновчтой шийдэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох юм.

Уг хэлэлцүүлгийн үеэр “Тогтвортой хөгжилд хүрэх арга зам: Монгол Улсын боломж ба сорилт”, “Тогтвортой хөгжлийн зорилт ба ногоон хөгжлийн бодлогын уялдаа, нэгдмэл байдлыг хангах нь”, “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хэрэгжилт, дунд хугацааны зорилт”, “Олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.

 

БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛЖ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР