БОНХАЖЯ-наас “цэвэр орчин аян”-ыг зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2, 26 дугаар зүйлийн 26.3, Хог хаягдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн БОНХАЖЯ-наас 2015 оны зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 22 хүртэлх нэг сарын хугацаатай “Цэвэр орчин” аяныг улс орон даяар зарлаж байна.

Уг аяны зорилго нь сум, дүүрэг, хорооны хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлэх, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих юм. БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, удирдамж гарган ажиллаж байна.

 

Цэвэр орчин аяны ажлын удирдамж

ЗОРИЛГО: Сум, дүүрэг, хорооны хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлэх, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих, улсын баяр наадмаа хоггүй угтах, цэвэр орчин бүрдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сум, дүүрэг, хорооны дунд болзолт уралдаан шалгаруулалт зохион байгуулж, шагнал урамшуулал олгоно.

ХАМРАХ ХҮРЭЭ: Бүх сум, дүүрэг, хороод оролцоно.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА: 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулна.

БОЛЗОЛ: Уралдааныг “Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ”, “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт” гэсэн үндсэн 2 чиглэлээр дүүрэг, сум, хорооны хувьд тус бүрд нь дүгнэнэ. Үүнд:

Нэг. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ

  1. Гудамж, зам талбайн цэвэрлэгээний хуваарь гаргаж, батлуулах, батлагдсан хуваарийн дагуу ажилласан байдлын өдөр тутмын бүртгэл хөтлөн, тайлан гаргаж, фото зургаар баталгаажуулах; Баяр наадмын үйл ажиллагааны үеэр болон үйл ажиллагааны дараах үе мөн хамаарна.
  2. Зам талбайн үйлчлэгчдийг зориулалтын ажлын хувцас, цэвэрлэгээний багаж хэрэгслээр хангасан байх;
  3. Зам талбайн цэвэрлэгээг үйлчилгээний зуны цагийн хуваарьт шилжүүлэх буюу өглөө бүр ажил эхлүүлж хэвших /Шөнийн цэвэрлэгээний хуваарь гарган ажиллаж хэвших/;
  4. Зам талбай болон зам дагуух ногоон байгууламжийн усалгааг тогтмол гүйцэтгэж хэвшсэн байх;
  5. Гудамж зам талбайн хогийн саванд хуримтлагдсан хог хаягдлыг цуглуулах, маршрут, хуваарь гаргаж мөрдүүлэх, хогийн сав, сандлын тоос шороог арчиж цэвэрлэж хэвших;
  6. Ажил эхлэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, тэмдэглэл хөтлүүлж хэвших, эвдрэл гэмтлийг засварлах;
  7. Хариуцсан бүсийн хороодтой хамтран хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай, хорооллын дундах зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулах;
  8. Гэр хорооллын гудамж, гуу жалгыг иргэдийн бүлэг байгуулж, тогтмол түүвэр цэвэрлэгээтэй болгох;
  9. Хариуцсан бүсийн хороотой хамтран сургалт семинар зохион байгуулсан байх мөн шинээр ажил, үйлчилгээ нэвтрүүлэх.

Хоёр.Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт

  1. Айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх хуваарь, маршрутыг батлуулан мөрдөх;
  2. Хог тээврийн хуваарийг айл өрх бүрт тарааж өгөх ба хуваарийн дагуу цуглуулалт, тээвэрлэлтийг хийх;
  3. Ил задгай хогийн цэгүүдийг дахин үүсгүүлэхгүй байх арга хэмжээг авч, устгасан байх;
  4. Хог тээврийн автомашиныг тогтмол угааж цэвэрлэж хэвших;
  5. Ачигч, жолоочийг ажлын жигд цэвэр хувцсаар хангаж, тогтмол өмсгөж хэвшүүлэх;
  6. Ажил эхлэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, тэмдэглэл хөтлүүлж хэвших;
  7. Хариуцсан бүсийн хороод, СӨХ-тэй хамтран ажиллах, менежментийн шинэлэг арга хэлбэр хэрэгжүүлэх;
  8. Хог хаягдлыг ачих үйлдлийг хялбаршуулах, автоматжуулах, хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн байх

БОЛЗЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ДҮГНЭХ:

1. Дээр заагдсан болзлыг дүгнэх ажлын дэд хэсгүүдийг аймгууд болон нийслэлд Засаг даргын захирамжаар байгуулна.

2. Аймаг, нийслэлийн ажлын дэд хэсэг нь болзолт уралдаанд шалгаруулахаар нэр дэвшүүлж буй сум, дүүрэг, хорооны холбогдох материалыг хүлээн авч судлана.

3. Аймаг, нийслэлийн ажлын дэд хэсэг нь уралдааны болзлын хэрэгжилт, явц байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж, үүрэг чиглэлийг өгч ажиллах бөгөөд холбогдох нэр дэвшигчийн материалд үнэлгээ дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж танилцан нотлох баримт материал, зураг, иргэдийн мэдээлэл, саналыг авч тэдгээрт тулгуурлан шалгаруулна.

4. Ажлын дэд хэсэг нь “Цэвэрч Сум”, “Цэвэрч Хороо” тус бүр 5, “Цэвэрч Дүүрэг” 1-ийг шалгаруулж, тухайн сум, дүүрэг, хорооны холбогдох материалыг 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор БОНХАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлнэ. Үүнд:

4.1. Аймаг, нийслэлийн Засаг даргын албан бичиг;

4.2. Ажлын дэд хэсгийн хурлын тэмдэглэл;

4.3. Ажлын дэд хэсгийн дүгнэлт, үндэслэл;

4.4. Нэр дэвшигчийн үндсэн материал, үйл ажиллагааны талаар фото зураг, бичлэгээр баримтжуулсан тайлан.

5. Төрийн захиргааны удирдлагын газар нь аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг ажлын 3 хоногт багтаан “Цэвэр орчин аян”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана.

6. Ажлын хэсэг тус аяныг орон нутагт үр дүнтэй зохион байгуулсан байдлыг харгалзан “Цэвэрч аймаг” 1-ийг шалгаруулж 5 дугаарт дурьдсан Ажлын хэсгийн дүгнэлтийн хамт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад танилцуулж, тушаал гаргуулна.

7. Шагнал урамшуулал гардуулах үйл ажиллагааг ажлын хэсгээс зохион байгуулна.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

  1. Цэвэрч сум-5 /тус бүр 4 сая төгрөг/
  2. Цэвэрч хороо-5 /тус бүр 4 сая төгрөг/
  3. Цэвэрч дүүрэг-1 /5 сая төгрөг/
  4. Цэвэрч аймаг-1 /5 сая төгрөг/

Жич: “Цэвэр орчин” аян болон уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын 266426, Төрийн захиргааны удирдлагын газрын 310449 тоот утсаар авч болно.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам