Унадаг дугуйн хамгийн шилдэг замтай дэлхийн хотуудыг танилцуулж байна

Унадаг дугуй нь бидний эрүүл мэнд болоод эдийн засагт хамгийн тустай тээврийн хэрэгсэл. Учир нь мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлдэг.

АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Дани зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд унадаг дугуйн хэрэглээг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. Энэ улс орнуудад дугуйнд зориулсан зам, тэмдэг, тэмдэглэгээ, зогсоол талбай гээд олон зүйл хийсэн байдаг.

Хөгжингүй орнууд зах замбараагүй өсөн нэмэгдэж буй шигүү хотжилт, төвлөрлийн толгойн өвчин болсон замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үзэн унадаг дугуйн хэрэглээг хот төлөвлөлтийн салшгүй нэг хүчин зүйл болгон анхаардаг аж.

Манай улсад ч тулгамдаад байгаа энэ асуудлыг ядахдаа зуны улиралд цэгцлэх нэг арга бол дугуй юм. Харин одоохондоо хөгжлөө олоогүй байгаа энэ туршлагыг бусад оронд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх жишээ болгон дэлхийн хамгийн шилдэг унадаг дугуйн замтай хотуудыг танилцуулж байна.

Дани улс, Копенгаген. Данийн хүн амын 35 хувийг дугуйчид эзэлдэг аж. Тэгвэл эрх баригчид энэ оны сүүл гэхэд хүн нийт хүн амын 50 хувийг унадаг дугуйны хэрэглээнд шилжүүлэх томоохон зорилго тавин ажиллаж байна. Данид ихэнх хүмүүс унадаг дугуйтай бөгөөд жуулчдад зориулан унадаг дугуй түрээсэлдэг 2000 төв үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нийслэл Копенгаген хотод гэхэд л унадаг дугуйн 400 км зам бий.

Япон улс, Токио. Эрүүл мэнддээ асар их анхаарал хандуулдаг Япончуудын хамгийн ихээр зорчдог тээврийн хэрэгсэл унадаг дугуй яах аргагүй мөн. Токио хотод унадаг дугуйн хэрэгцээг хаа сайгүй олж харах боломжтой. Хүмүүс ажил, сургууль, дэлгүүр явахдаа дугуйгаар зорчих нь элбэг. Харин хол зайд буюу галт тэргээр зорчдог хүмүүс өглөө гэрээсээ гарахдаа галт тэрэгний зогсоол хүртэл дугуйгаар яваад тэндээ дугуйн зогсоолд дугуйгаа үлдээгээд орой нь ажил тарах замдаа аваад буцна. Газар багатай Токио хотод зогсоолын орон зай асуудалтай байдаг аж. Ялангуяа хүн ам ихээр төвлөрдөг төвийн хэсгүүдээр унадаг дугуйны зогсоолыг албан ёсны болгож, тэнд үлдээгээгүй дугуйг торгох, хурааж авах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Испани улс, Барселона. Дугуй унах хөдөлгөөн 2007 оноос хойш Барселонад эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Өнөөдөр 30 мянга гаруй Барселончууд дугуйчид. Хотод унадаг дугуй түрээсэлдэг 100 орчим төв байдаг бөгөөд хотын оршин суугч, жуулчин гээд хүссэн хүн унадаг дугуй түрээслэх боломжтой. Эрх баригчид унадаг дугуйн зогсоолыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа аж. Барселонад дугуй түрээслэхэд эхний 30 минут нь үнэгүй. Харин дараагийн хоёр цаг тутамд 0.74 евро. Жилийн төлбөр нь 47.16 еврогийн үнэтэй.

Колумб улс, Богота. Колумбын нийслэл Богота нь Латин Америкийн дугуйн хот гэгддэг. Унадаг дугуйн 300 орчим км замын өргөн сүлжээг нэвтрүүлсэн. Хотын экологийн байдлыг сайжруулах зорилгоор дугуйчдыг дэмжин, хотын ногоон болгоход анхаарал тавихаар  унадаг дугуйн хөдөлгөөнийг анх хотын захирагч Энрике Пеньялос санаачилжэ. Богота долоо хоног болгоны ням гарагт машингүй өдрийг зохион байгуулдаг.

АНУ, Портлэнд. АНУ-ын Орегон муж улсын хамгийн том хот болох Портлэнд нь Америкийн хамгийн ногоон, хамгийн их унадаг дугуйтай хотуудын нэг. 600 мянга гаруй хүн амьдардаг тус хотын хүн амын 9 хувь өдөр тутмын амьдралдаа унадаг дугуй ашигладаг байна. Портлэнд хотод 400 км-ийн хэмжээтэй унадаг дугуйн зам бий.

Франц улс, Парис. Парис хотод агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Тиймээс хотын иргэд хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, унадаг дугуйн хэрэглээнд шилжжээ. 2011 онд Парисын нийт оршин суугчдын 40 хувь нь хувийн машингүй байсан бол 2014 он тус үзүүлэлт 60 хувь болж нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар Парис хотод унадаг дугуйн 1500 гаруй үнэгүй зогсоол, метроны болон автобусны буудал орчимд байрладаг дугуй түрээсийн 100 гаруй станц бий.

Канад улс, МонреальУнадаг дугуйн зам, зогсоол хамгийн сайн тохижсон нь Канадын Монреаль хот. Тус хотын унадаг дугуйн хөдөлгөөн 1980 оноос эхлэлтэй. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид замын дэд бүтцийг дугуйчдад тохиромжтой болгохын тулд хотын дэд бүтцэд 134 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тэгвэл одоо Монреальд 600 км-ийн хэмжээтэй дугуйн зам, хэдэн зуун зогсоол, түрээсийн станц бий. Энэхүү тээврийн хэрэгсэл Монреаль хотын оршин суугчдын өдөр тутмын салшгүй хэрэгцээний нэг хэсэг болжээ.

Герман улс, Берлин. Дугуй унах “моод” Берлинд 2000 оны эхээр хурдацтай хөгжиж эхэлжээ. Иймээс эрх баригчид унадаг дугуйн зам, зогсоол, түрээсийг хөгжүүлэх Төрийн хөтөлбөр нэвтрүүлсэн байна. Хамгийн сүүлд гэхэд Берлинд “Ногоон давалгаа” гэх шинэ журам нэвтрүүлсэн юм. Одоо дугуйчид улаан гэрлэн дохион дээр зогсох шаардлагагүй болсон гэсэн үг юм. Берлиний нийт хүн амын 20 хувь нь дугуй унадаг аж.

БНХАУ, Бээжин. Унадаг дугуй нь Бээжинд гол унаа болж байна. Эдийн засгийн хурдтай хөгжлийн хажуугаар Бээжинд машин олширч, үүний улмаас агаарын бохирдол аюулын түвшинг зарлахад хүртэл тулах үе бий. Тус улсын журам ёсоор машинтай адил дугуйгаа бүртгүүлэх шаардлагатай бөгөөд албан ёсны тоогоор Бээжин хотод 11 сая гаруй хүн дугуй унадаг юм байна.

Нидерланд улс, АмстердамАмстердам бол Европын дугуйн нийслэл. Хотын замын хөдөлгөөний 40 хувийн дугуйн тээврийн хэрэгсэлд тохируулагдсан байдаг. Зам, тусгай тэмдэг болон гэрлэн дохио бүхий 400 км-ийн дугуй зам Амстердамд бий. Түүнчлэн дугуйн зогсоол болон унадаг дугуйн түрээсийн станц маш их байдаг аж. Сонирхуулахад энд хоёр хүний дугуй, хүүхдийн дугуй хүртэл түрээсэлдэг байна.