Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ. 
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оны 8 дугаар сард “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”- ыг “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, бүс нутгийн улс, хотуудын удирдлага Улаанбаатар хотод чуулсан. Форумд оролцогчдын саналаар тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлаар бүс нутгийн хотууд харилцан санал солилцон, хамтран ажиллаж байхаар тогтсон юм. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг  2015 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдөр зохион байгуулж байна. 
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин сүйдэх, хэв маяг нь алдагдаж байгалийн гамшигт үзэгдэл их болсноос Зүүн хойд Азийн хотын дарга нар дэлхий дахины ногоон хөгжилд анхаарал хандуулж,үүний эсрэг дэлхий даяараа бат тогтвортой зогсож, байгаль орчноо хамгаалах, ногоон технологи нутагшуулах зэрэг хөгжлийн чиг баримжааг тодорхойлон уриалга гаргаж байгаа.

Энэхүү уриалгыг дэмжиж Улаанбаатар хот тус хуралдааныг бүс нутагтаа анхлан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаатай хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагад тусгасаны дагуу холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот анх удаа Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болох шийдвэр гаргасан. Үүний дагуу судалгаа, боловсруулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд форумын үеэр бусад хотуудын туршлагаас суралцаж, гарч байгаа саналыг тус төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөж байна.
“Хотын ногоон хөгжил ”форумд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан болон БНХАУ-ын Шэньжен, Карамай, Хөлөнбуйр, Хайнан, ОХУ-ын Улаан-Үд, Элиста, БНСУ-ын Сөүл, Японы Нийгата зэрэг хотуудын дарга, орлогч, экологи, ногоон хөгжил хариуцсан ажилтнууд, Дэлхийн банк, Азийн сан зэрэг ОУ-ын байгууллагын төлөөллүүд, судлаачид оролцож байна.

 БНСУ-ын нийслэл Сөүл хотын Захирагч ноён Пак Вон Сүүн,  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон бусад хотуудын удирдлага, ОУ-ын байгууллагууд, Монголд ногоон хөгжлийн талаар хэрэгжиж буй төслийн зөвлөхүүд, Зүүн хойд Азийн хотуудын болон дэлхийн хотуудын ногоон өсөлтийн хандлага, тулгарч буй асуудлууд болон стратеги, Ногоон дэд бүтэц, Ногоон амьдралын хэв маяг, боловсрол, Хот суурин газрын цэвэр, тогтвортой эрчим хүч сэдвээр үндсэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулж байна. Энэ удаагийн форумаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргах бөгөөд ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлэх юм.

 Хоёр өдөр үргэлжлэх форумыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж үг хэллээ.
 
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө  
 
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
 
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаанд оролцохоор ирсэн хүндэт хотын дарга нар, зочид, төлөөлөгчдөд  чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа Зүүн Хойд Азийн Хотын дарга нарын форумыг зохион байгуулж хотын тогтвортой хөгжлийг хангах, хурдацтай хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдсэн хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөл, хүчин зүйлүүдийг оновчтой шийдвэрлэж иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, ногоон эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцон хамтын ажиллагааг өргөжүүлсэн, өндөр үр дүнтэй  хуралдаан болсон билээ.

Харин энэ удаад Зүүн Хойд Азийн хотууд “Ногоон хотын хөгжил” сэдвээр хэлэлцэж, ярилцахаар Улаанбаатар хотод чуулж байна. Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг сонсоно гэдэгт итгэж байна.

Дэлхий дахинаа, түүний дотор Ази тивийн хотууд хот суурин газрын хөгжлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд илүү анхаарал тавих болж, хот суурин газрын ногоон хөгжлийн бодлогоо гаргах болсон боловч бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт зэрэг сорилт хот суурин газар бүрт нүүрлэж байна. Эдгээр сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд аж үйлдвэр, тээвэр, орон сууц, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт ногоон технологи нэвтрүүлж, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, амьдрах орчныг сайжруулахад анхаарал хандуулан ажилладаг болжээ.  Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, хотод ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үүднээс бид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Үндэсний ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги”-ийн төлөвлөгөөний төслийг боловсруулж байна.

Энэхүү хуралдаан нь 12 дугаар сард Франц улсын Парис хотноо болох “Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-ыг угтан бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Бид энэхүү хуралдаанаас гарсан уриалгыг дээрх хуралдаанд өргөн барьж, танилцуулан ажиллахаар бэлдэж байна. Эрхэм хүндэт хуралдааны төлөөлөгчид та бүхнийг ч үүнтэй санал нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа та бүхнийг манай хотод тавтай морилно уу гэж урихын ялдамд хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсье.