Цоохор ирвэст Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтанд авах асуудлыг Ерөнхийлөгчийн сонорт хүргэв

МБОИЗ-ийн тэргүүн, БОНХАЖ-ийн Сайдын зөвлөлийн гишүүн, С.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2015-10-29-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгтэй уулзаж нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийн хамгийн тасархайтсан популяцийн идээшил нутаг, экологийн эмзэг, өвөрмөц орчин баян бүрд бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд авах, уул уурхайн нөлөөллөөс хамгаалах асуудлаар Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулах талаар ярилцан танилцуулга хийж Монгол Улсын Төрийн тэргүүнээс энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.

Уулзалтанд МБОИЗ-ийн гишүүн "Ногоон од" шагналт, "Ирвэс хамгаалах сан" ТББ-ын гүйцэтгэх захирал А.Баяржаргал, мэргэжилтэн Г.Энхтүвшин, Б.Эрдэнэчимэг, Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Оюунгэрэл, Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангаамаа, Тост багийн иргэн Л.Сүрэнхүү нар оролцов. Мөн энэ өдөр МБОИЗ болон орон нутгийн төлөөлөл УИХ-ын Өргөдөлийн байнгын хорооны төлөөлөлтэй уулзаж хамтарсан ажлын хэсгийг Гурвантэс суманд ажиллуулж, асуудлыг эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна.