Ирвэс хамгаалагчийн учир битүүлэг үхэл ба байгаль хамгаалагчийн эрхийн хамгаалалт

 

Өнөөдөр “Ирвэс хамгаалах төв”, “Аргаль судлал” ТББ, “Мэргэжлийн анчдын холбоо” ТББ, Монголын байгаль орчин иргэний зөвлөлөөс хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хурлаар байгаль хамгаалагч залууг бусдын гарт амиа алдсан асуудлыг шалгаж, даруй гэмт этгээдийг олох, мөн байгаль хамгаалагчийн эрхийн хамгаалалт муу байдгийг төр засгаас анхаарч анхааралдаа авахыг хүсэв. Түүнчлэн талийгаач Л-ийн хэргийг улстөржүүлж, илрүүлэхгүй хав дарж, сонгуулийн шоу болгоод өнгөрөөхгүй байхыг ч мөн хүссэн юм.

МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн “Бид байгаль хамгаалагч нэгнийхээ үхлээр шоу хийгээгүй. Энэ хэргийг олон нийтийн өмнө дэлгэж үнэн зөв мэдээллийг өгч хэргийг илрүүлэхийг хүсч, байгаль хамгаалах болон бусад хууль журмуудад яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатайг хууль санаачилах эрх бүхий субьектүүд олон нийтэд мэдээлэх зорилготой хурал хийж байна. Халдлага болсон даруйд цагдаа, тагнуулын байгууллагад удаа дараа хандаад байхад асуудлыг шалгадаггүй цалгардуулдаг тэдний уршгаар өнөөдөр байгаль хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан асуудлыг төр ажлаа хийхгүй байна гэж үзэх үндэслэлийн нэг гэж хэлж болно.

Хөдөө орон нутагт хууль бус ан агнуур, байгалийн нөөцийн зүй бус ашиглалт, ашигт малтмал эрж хайх, олборлох, ойн болон хээрийн түймэр.... гэх мэтээр төрөл бүрийн зөрчил дутагдал гардаг. Тэр бүхэнтэй нүүр тулдаг, тухайн үед нь таслан зогсоодог, илрүүлдэг, баримтжуулдаг хүн бол байгаль хамгаалагчид л байдаг. Орчин үеийн хууль зөрчигчид цахимжсан, техникжсэн, тодорхой бүлэглэлүүд гэдгийг хуулийнхан мэдэж байгаа. Монгол Улсын нүд чих болсон газрууд ажлаа хийж чадахгүй байна. Тэд сайн ажиллаж байсан бол өнөөдөр тэр хүүхэд амиа алдахгүй байсан.Тиймээс хуулийн байгууллагын удирдлагууд нь хэргийг даруй татаж шалгахыг хүсч байгаа шүү. С.Зоригийн хэрэг шиг илрүүлэхгүй замхруулах вий гэхээс болгоомжилж байна” гэв.

"Ирвэс хамгаалах сан"-гийн тэргүүн А.Баяржаргал “Өмнө хоёр удаа халдлагад өртөж байсан гэдгийг бид мэднэ. Тэр тухайн үед цагдаагийн байгууллагад албан тоотоор хүсэлтээ гаргаж байлаа. Одоо бол цагдаагийн байгууллага яагаад учир битүүлгээр амиа алдсан асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоож олох байх. Харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст удаа дараа хүсэлт гаргаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж хэргийг хааж байсан" гэв.

Талийгаачийг өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотод “Залуучууд” зочид буудлын ойролцоо явж байхад үл таних залуус дайрч хоолойг нь боомилж хутгалжээ. Дараа нь энэ оны нэгдүгээр сард тавдугаар сургуулийн ойролцоо явж байхад жийптэй хүмүүс хүчээр суулгаж авч яваад эзэнгүй газар аваачиж заналхийлжээ. Мөн дараа нь Өмнөговь аймагт мотоциклтойгоо явж байхад нь багтай залуус замыг нь амдаж толгой руу цохиж гурван удаа хутгалжээ. Ийнхүү гурван удаа халдлагад өртсөн залуу дөрөв дэхь удаагаа дахин халдлагад өртөж амиа алдсанд дээрх ТББ-ын тэргүүнүүд харамсаж байна.

Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон гэх дүгнэлт гаргасан ч үнэнд нийцэхгүй. Хэзээ ч амиа хорлох хүүхэд биш. Халдлагад буюу бусдын гарт амиа алдсан болохыг нэн даруй тогтоож, гэмт этгээдүүдийг олж хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Тиймээс тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор нарт хандаж өргөх бичиг барихаа мэдэгдсэн.

Сайн дурын байгаль хамгаалагчид, иргэний нийгмийнхэн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хээрийн пост ажиллуулж, сум орон нутгийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч зөрчил буурахгүй байна, магадгүй байгаль хамгаалагчийн амьд явах эрхэнд халдах, заналхийлэх асуудал давтагдах вий.

Байгаль орчны хууль журмыг сахиулагчийн эсрэг гарч буй аливаа халдлага заналхийллийг эдийн засгаа аврах нэрийн дор ямар ч хараа хяналтгүйгээр нөөц баялгийг “лиценз” хэмээх тусгай зөвшөөрөлтэй “хулгайч” нарт зүгээр өгөх, монгол хүнийг эрүүл аюулгүй амьдрах орчингүй болгож байгаа одоогийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэх зорилготой.

Нөгөө талаар Монголын газар нутгийг зөвхөн байгалийн нөөц баялгийг нь цөлмөж дуусталаа хяналтандаа байлгах зорилго бүхий хар хүчин “улс төрч” хэмээх төрийн тусгай хамгаалалт бүхий бизнесийн бүлэглэлүүдээр  дамжуулан ичгүүр сонжуургүйгээр орон нутгийн оршин суугчид, байгаль хамгаалагчидыг айлган сүрдүүлж, Монголчуудыг мэдлэггүй, мэдээлэлгүй, дуугүй байлгаж байгаад үйл ажиллагаагаа явуулах зорилготой гэж үзэж бид байна.

Төсвийг бүрдүүлэх өөр олон боломж Монголд, Монголчуудад бий.  

Байгаль хамгаалагчдийн амьд явах эрхээ хангах, айх аюулгүй ажлаа хийх хуулийн орчин хангалтгүй байна.ТХГН-т 300 гаруй байгаль хамгаалагч, аймгуудын БОГ-т 500 гаруй байгаль хамгаалагч, улсын хэмжээгээр идэвхитэн сайн дурын байгаль хамгаалагч 1000 гаруй ажиллаж байна.

Байгаль хамгааллын урьдын ойлголт өөрчлөгдөж, хүн байгалийн харилцан шүтэлцээнд олон талт хамтын ажиллагааны үр дүнд байгалийг хамгаалж чаддагийг дэлхийн туршлага бас Монголын сайн дурын байгаль хамгаалагчид, иргэний нийгмийнхэний туршлага хангалттай харуулж байгаа. Хүн бүр экологич байдаг туршлага дэлхийнх.

Байгаль орчны тухай хуулиудад “Экологийн цагдаа” гэсэн нэр томъёог даруйхан оруулж бусад хуулинд хамаарах бүхий л өөрчлөлтийг нэн даруй хийх цаг нь болсон.

Хууль санаачилагчид, хууль сахиулагчид, олон нийтийг байгаль орчны хууль журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн орчны тулгамдсан асуудлуудад анхааралаа хандуулахыг хүсье гэж мэдэгдлээ.

 

МБОИЗ-ийн ажлын алба

2015-11-27