Нью-Мексикод зорчсон тэмдэглэл /Үргэлжлэл/

МБОИЗ-ийн ногоон парламентийн гишүүн, Цөмийн ажлын хэсгийн дэд дарга Ч.Мөнхбаярын Нью-Мексикод зорчсон тэмдэглэлийн төгсгөлийн хэсгийг та бүхэнд хүргэж байна.

Улаан Ус, Улаанбадрах хоёр жаргал зовлон нэгтэй


Индианы геноцид гэж хүн төрөлхтний томоохон эмгэнэлүүдийн нэг буй. Индиан хүнээр нохой тэжээх нь энгийн үзэгдэл болсон, 800 хүүхдийг нэгэн дор алсан гээд л өдгөө мартагдсан испаний конкистадоруудын аймшигт явдлууд байдаг. Эрдэмтэн Рассел Торнтон Хойд Америкад цагаан арьстнууд ирэхээс өмнө 15 сая индиан байсан гэсэн бол, ХХ зууны эхэнд 200 мянга болсон байсан, одоо АНУ-д 2,5 сая, Канадад 1,4 сая. Төсөөлшгүй их соёлууд устсан.

Индианы зовлон гамшиг дуусаагүй байтал өчнөөн асуудал бэрхшээл дээр уран гэх шинэ мангас гарч иржээ.

 

Цөмийн хөнөөлийн эсрэг навахо нарын жагсаал

ЕРА Навахо Нэйшн аймагт ураны уурхайн 521 хаягдсан, тэмдэглэгдээгүй, хашигдаагүй ам буй гэж тооцоолжээ. Тэдгээрийн 77 хувийнх нь орчимд гамма цацраг ЗДХ-нээс 2 дахин их. Хаягдалтай 1000 гаруй газар энд байгаагийн ойр хүмүүс амьдардаг, жуулчлал явагддаг. АНУ-ын баруун 13 штатад хамгийн их ураны уурхай бий, ХУУ 4000 гаруй, бусад уурхайн хаягдсан ам 161 000 гаруй байдаг, хамгийн их уугуул оршин суугчид ч энэ штатуудад байдаг.

Навахо аймгийн Моньюмент Вэлли гэх АНУ-ын нэгэн бэлгэдэл болсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар хүртэл ураны уул уурхайжсан. Сүүлийн үед ISL буюу уусган баяжуулах арга аюул хоргүй тул навахо нутгийг ахин ураны уул уурхайжуулж, ард олных нь аж амьдралыг сайжруулах хэрэгтэй гэж компаниуд лоббидон дайрах болсон. Уусган баяжуулах аргаар уран олборлохыг навахочууд шийдвэртэй эсэргүүцэж байгаа.

CERCLA, RECA болон, Экологийн гамшгийн бүсүүдэд хохирлыг арилгах хуулиудын дагуу арга хэмжээ авсаар.

CERCLA-д уугуул америк омгуудын байдлыг онцгойлон тусгасан байдаг. RECA хуулийн дагуу Невадагийн полигоны салхин дор ажиллаж амьдарч хордсон бол 50 000$, цөмийн зэвсгийн агаар дахь туршилтын ажилд оролцсон бол 75 000$, ураны олборлол, үйлдвэрлэл, тээвэрлэлд оролцсон бол 100 000$ нөхөн олгоно гэхчлэн заасан байдаг.

Гэвч амьдрал дээр тэр бүрий хэрэгждэггүй. Уугуул америкчуудын амьдрал онцлогтой тул хууль-эрхзүйн бэрхшээл учирдаг.

Жишээ нь, уугуулуудын гэрлэлтийн ёс америкийг хуулийн орчинд нийцдэггүй, тиймээс хохирсон талийгаачийн ар гэр нөхөн олговор авахад үл ойлголцол үүсдэг. Резервацийн хүн штатын, федерацийн хууль-эрхзүйн орчинд ороход таарч тохирохгүй зүйл багагүй гарна.

1990.10.5-нд Том Жорж Бушийн үед гарсан RECA хуулийн дагуу 2013 оны мэдээгээр, 43 068 нөхөн олговор авах өргөдөл ирснээс, 11 600-г шаардлага хангахгүй гэж үзэж, 30 701 хүнд 2 тэрбум гаруй $ олгоод байв.
АНУ-ын 3 мужид 250 мянга орчим навахо амьдардаг бөгөөд, тэдэнд 554 сая $-ын нөхөн олговор өгчээ. Сүүлийн 4 жилд 80 индиан омогт 2,61 тэрбум $-ын нөхөн олговор олгох талаар АНУ-ын ЗГ болон уугуулуудын ӨЗ удирдлагууд тохироонд хүрсэн байна.

Нью-Мексико, Аризона, Юта муж улсуудын дунд орших Навахо аймаг буюу резерваци нь 67 мянган ам км нутагтай, 70 сая тонн ураны нөөцөөс нь 4 саяыг олборлосон бөгөөд, нутгаа цэвэрлэхэд нь зориулж 100 сая $-ыг бас ӨЗ удирдлагад өгсөн байдаг. 2005 онд Навахо Нэйшний ӨЗУ болох Омгийн зөвлөл газар нутагтаа уран олборлохыг хориглосон шийдвэрийг 63:19-ийн харьцаатай саналаар гаргаж, 40-өөд оноос хойш 40 жил үргэлжилсэн ураны уул уурхайн нээлттэй асуудалд цэг тавьжээ.

Навахо нарын ураны хоригийг дэмжсэн жагсаал

Индианчуудын энэ мэт тэмцэл амжилт олсоор.

Канадын индианчууд, байгаль орчин бохирдуулан загас олноор үхэхэд хүргэсэн үйл ажиллагааны эсрэг энэ нь бидний шүтлэгтэй харшилдан зөрчилдөж байна гэж заргалдан үр дүнд хүрсэн байдаг. Саяхан Канадын индианууд нутгаар нь байгалийн хий дамжуулах хоолой өнгөрүүлбэл уугуул хүн нэг бүрд 267 000 $ төл гэж шаардан, уг төслийг тасалдуулжээ.

Идэвхтэн Тедди Нэз нөхдийн хамт ураны үйл ажиллагааны үр дагавар Навахогийн Үндсэн хуулийг зөрчсөн гэж заргалдаж байгаа.


Бид бүхэн Улаан усны цөөрмийн замын омгийнхон дээр буюу Берта Незийн гэрт явж очлоо. Энэ омгийнхны зүүн хойно Куивира Макжи/Чёрчрокийн уурхай, баруун урд Зүүн-Хойд Чёрчрокийн уурхай, зүүн урд баяжуулах үйлдвэр гэхчлэн олон цөмийн объект байрлаж, цөмийн цагариг дунд байх аж. Олон улсын мундаг хүмүүс ирлээ гэж хүндэтгэн хонь гаргав.

Дүрэлзсэн ил гал дээр хонины мах шарах нь монголчуудынхаар бол хорхог боодог бололтой. Эрт үед салбарлан салсан тул, тэр цагаас уламжлагдан үлдсэн юм болов уу гэмээр, бидний зан заншилтай төстэй зүйл цөөнгүй ажиглагдав.

Хонины мах, гэдэс дотрыг янзлах нь их л танил дасал болсон дүр зураг байсан. Банхар нохой угтан сүүлээ шарвагануулах агаад, индианчуудад угаас байсан уугуул үүлдэр гэнэ. Нохой сонирхдог Алексей маань буриадын хотошо байна гэж танимхайрав.

Ташрамд, навахо нарын дунд матернализмын буюу эхийн эрхт ёсны үлдэгдэл багагүй нөлөөтэй байдаг гэх бөгөөд, үнэхээр ч ажихад тийм бололтой юм. Нутаг ус нь ч манайхтай их төстэй.

Ц.Мөнхбаярын тухай болон,  Монголын байгаль орчны төлөөхи тэмцэл зүтгэлийн талаар ярив

Пол гуай “Мөнхбаяраа футболкоо ил гарга” гээд, намайг амьд үзүүлэн самбар болгон зогсоож, Ц.Мөнхбаярын зургийг зааж, түүний тэмцэл хөдөлгөөн, Урт нэртэй хуулийн ажлыг навахо нарт тайлбарлан таниулж гарав.

Индианчууд ч Урт нэртэй хуулийг шагшиж, Ц.Мөнхбаяраар болон монголын тэмцэгчдээр их бахархаж байлаа.

Тэгснээ Пол гуай намайг “Энэ хүн бол хоёрдахи Мөнхбаяр байгаа юм. Англи, монгол хэлний хоёр орчуулагч дагуулж явдаг лут эр ээ” гэж тоглон хэлж, би ч “Би угаасаа л Мөнхбаяр шүү дээ” хариу наргив. Тэрбээр намайг энэ футболкоо өмссөн үед “хоёр Мөнхбаяр аа” гэж байдаг сан. Нэгэн удаа бид санаандгүй “Усгүй байж алтаар яах юм”, “El AGUA vale mas que el ORO!” гэсэн адил утгатай бичигтэй футболк өмссөн байж билээ. Ай, Ц.Мөнхбаяр Ч. Мөнхбаяр нар Америкад хамт аялсан өдрүүд ээ гэж...

Навахо маягаар шарсан хонины мах лав л миний энд идсэн хамгийн амттай зоог байлаа. Үдийн хоолны дараа бид хэлэлцүүлэг өрнүүлэв.

Берта Нез цацраг идэвхит хаягдлаар байшин байгууламж барьдаг байсан, урантай тоос, шороон шуурга, бороо их, эндээс биднийг нүү гэдэг ч, бид төрөлх эх нутгаасаа нүүхгүй, байгаль дэлхийг минь л цэвэрлэж аль гэж шаардан тэмцэж ирлээ гэв.

Эдит Хүд Бертагийн эгч бөгөөд, би Керр Макжигийн уурхайд 1976-1982 онд ажиллаж байсан, үр дүнд нь цусны хорт хавдартай болсон, нөхөн олговор аваагүй, энэхэн амьдралаа би ураны гай гамшгийн эсрэг зориулах болно гэв.
Тони Хүд Эдит Хүдийн нөхөр бөгөөд, энэ хавьд, бүр хажууханд ч цацрагт хог хаягдлаас бүтсэн толгодууд бий, тэдгээрээс хортой ус, тоос байнга ялгарч байдаг гэв.
Серафина Нез ээж Хелен Незийн хамт ирсэн агаад, “Миний аав ээж, нөхөр Тачигийн уурхайд ажиллаж байсан.

Эцэг эхээс ах дүү 10-уул байснаас 7 нь, мөн аав маань ураны сөрөг нөлөөнөөс болж нас барсан. Хүүхдүүдийн маань 6 хүүхэд эндсэн тул тэд үртэй болохоос их айдаг болсон.

Ер нь навахо эмэгтэйчүүд хүүхэд гаргахаас айдаг, хүүхэд гаргахгүй гэдэг нь ч цөөнгүй. Навахо бид өвчин эмгэгтэй, үр удамгүй болж мөхөх нь үү гэж маш их түгшин санаа зовдог. Навахо синдром гэдэг эмчилгээгүй мэдрэлийн өвчин хүртэл гарсан” гэв.

Петерсон Белл би 1974-1982 онд ураны уурхайд ажиллаж байсан, тал бие минь мэдээгүй болсон, манайхны малын дотор эрхтэн шар болсон гэв.
Жеки Белл-Жефферсон Петерсон Беллийн дүү бөгөөд, манай гэрийн хаалганы урд цацраг илэрсэн, хариуцсан хүмүүс нь хайргаар хуччихаад яваад өгсөн гэв.

Бид нүүхгүй, нутгийг минь цэвэрлэж өг хэмээн шаардаж тэмцсээр ирсэнУлаан усны отгийн индианчуудын хамт

Хөөрхий энэ отгийнхон хөгшин залуугүй цөм аюулт хүнд өвчинд нэрвэгдсэн ажээ.

Мал сүрэг үхээд, мутацид ороод байх тул навахочууд хаа сайгүй мал маллахаа ч больж байгаа аж.

Тэдний ирээдүй тун бүүдгэр байна, тэмцлийн дөл нь хурц тод байна. Энэ эгэл жирийн хүмүүсийн эгшин мөч бүр тэмцэл болой.

Нүүгээгүй өдөр бүр нь амжилт болой. Нугарч шантарч хүн чанараа гээгээгүй нь ялалт болой.
Эдгээр гүндүүгүй малчин ардууд Дорноговийн Улаанбадрахынхныг ихэд санагдуулж байв. Тэнд ийм л малчид зовлон бэрхшээлээ тоочиж, хохирч хэлмэгдэж, ингэж л нэгдэж нягтран тэмцэж байдаг.

Улаан Ус, Улаанбадрах дэлхийн хоёр бөөрөнд оршивч жаргал зовлон нэгтэй. Тэд нэгэн газар дэлхийн л хүүхдүүд.

Монгол орон минь ирээдүйд ийм болох вий гэсэн аймшиг түгшүүр эзэмдэж байв.

Хамаг ашигт малтмалаа ухуулж, байгаль дэлхийгээ сүйтгүүлж, газар нутгаа булаалгаж, амьдрахад бэрхтэй газар резерваци хэмээн хашигдаж, ажил орлогогүй болж, өвчин эмгэгт баригдаж, үр удам тасран сүйрэх вий гэж шаналав. Өнөөгийн янзаараа байвал аргагүй л тийм болно.

Буриад зоныхтой ч адил төстэй нөхцөл байдал байна гэж зарим нэгэнтэй хэлэлцэв.

Атом цөмийн бохирдол их, хүн ард нь ойролцоо тооны, уугуул нутагтаа цөөнхи болж энд тэнд анклавжсан, хэл соёл нь буурсан, олон удаа хэлмэгдэл харгислалд өртөж байсан гээд л...

Ташрамд, Монгол улс нь цөмийн цагариг бүслэлтэд орчихоод байгааг онцлууштай.

Буриад Монгол, Зүүнгар Монгол буюу Шинжаан, Өвөр Монголд тэдгээр нь буй. Дурдваас, хойд хөршид

-Ангарскийн ОУ уран баяжуулах төв

-АО “МЦУО”, ОУ цөмийн түлшний банк, уран баяжуулж, ураны гексафторид үйлдвэрлэдэг Ангарскийн электролиз-химийн комбинат

-АЭХК, цөмийн түлшний үйлдвэр, цөмийн реактор, ПЗРО буюу цацраг идэвхит хаягдлын газар, Хиагдын олборлол-үйлдвэрлэлийн төв,

-Краснокаменскийн Аргуны уулын химийн үйлдвэрлэлийн нэгдэл

-ППГХО, Оловское-гийн ураны уурхай,

 

өмнөд хөршид

-Лоб нуурын атомын зэвсэг туршилтын талбай,

-Өрөмчийн цөмийн реактор, цацраг идэвхит хаягдал хадгалах талбай,

-Шихонтаны газар дор уусган баяжуулж олборлох уурхай,

-Байшений цөмийн реактор, цөмийн туршилтын цооног, цөмийн хаягдал хадгалах агуулах,

-Юмэ Жиужиуны уран хөрвүүлэх үйлдвэр, түлш хадгалах газар, ашигласан түлш боловсруулах фабрик, судалгааны реактор, цөмийн судлалын лаборатори, плутоний үйлдвэр, атомын зэвсгийн үйлдвэр, цөмийн хаягдлын газар,

-Вэйшений өндөр идэвхит цацрагийн хаягдал хадгалах газар,

-Бугатын цөмийн түлшний үйлдвэрүүд, уран хөрвүүлэх фабрик, АЦС,

-Баян-Овоогийн уран олборлох баяжуулах цогцолбор, цөмийн түлшний үйлдвэр,

-Доншэний уурхай, цөмийн туршилтын газар,

-Эрээний ураны уурхай, газар дорхи цөмийн туршилтын төв,

-Цэцхарын цөмийн эрчим хүчний хэрэглэхүүний үйлдвэр гээд мэдэгдэх нь энэ хэд, мэдэгдэхгүй өчнөөн ч юм.

 

ОХУ-ын уран олборлол үйлдвэрлэл бараг бүхэлдээ, цөмийн потенциалын томоохон хэсэг манайд ойр байгаа бол, БНХАУ-ын хувьд ч бараг иймэрхүү.

 Баян-Овоо, Эрээний объектууд Монголын хил дээр шахуу. Монголчууд ч, индианчууд ч цөмийн бүслэлт дунд байна.

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхнөө гэдэг. Энд амьдрал үргэлжилж байна, хаа сайгүй амьдрал үргэлжилж байна.

Нэгэн жаахан навахо хөвүүн тэврүүлэх гэж гараа өргөн сарвайсаар айсуй. Би ч тэвэрч, түүнтэй ярилцлаа, гагцхүү да да хэмээн хариулах аж.

Төрлөө мэдэв гэж хүмүүс хүүг найрсгаар өхөөрдөн инээлднэ.
Индианчууд монголчуудад үнэхээр элэгтэй болой. Монгол гэхээр л илүү найрсаг болж, яг манай уугуул хүн шиг харагдлаа гэж заавал хэлнэ.

Ташрамд тэд өөрсдийгөө энэтхэг буюу индиан ч биш, америк ч биш гээд овог аймгийнхаа нэрээр нэрлэнэ, мөн уугуул буюу натив, индиген гэх нь их. Миний футболкны ард буй нар сар галын дүрсийг их л сонирхон асууж, тайлбарласны дараа манайхныхтай адил бэлгэдэл байна гэж байсан.

Монголчуудтай төрөл садан гээд биднээр их бахаддаг юм билээ.

“Салхитай яригсад” гээд навахо нарын тухай кино үзэж байсан. Дэлхийн 2-р дайны үйл явдал гарна. Өнөөдөр тэд салхитай бус, гурван улсын байгаль орчин хамгаалагч нөхөдтэйгээ үнэн сэтгэлийн үгсийг хуваалцан сууна.

Хариуцах эзэнгүй хаягдсан уурхайн аймшгийг харуулсан плакат

Эднийг маань хүйтэн дайны баатрууд гэж хөөргөх гэдэг байна. Буруутан нь баатар тодруулагч буянтан болж хувирах гэж байгаа байхгүй юу.

Ураны салбар уналтын байдалтай байснаа сүүлийн үед харин Дэлхийн II хүйтэн дайны өрнөлтөөс болж идэвхжиж байгаа ажээ. Тиймээс навахо нарыг ураны олборлолыг хориглосноо цуцал, уусган олборлох нь гэмгүй, бараг уул уурхай биш, эрсдэлтэй материалыг зайлуулан байгаль орчныг хамгаалан хайрлах явц ухааны юм ярьж, ухуулга сурталчилгаа, лобби их хийдэг байна.

Яагаад хүйтэн дайн гардаг вэ гэвэл том гүрнүүд материаллаг байдлаа бууруулахгүй, нэмэгдүүлэх гэснээс гол нь үүдэж байна.

Өнөөдөр эх дэлхий гэртээ бусад хүмүүн ахан дүүстэйгээ эвтэй найртай аж төрж чадах улс гүрэн л хөгжилтэй, баян.

Хуучирсан, ганцаар авах идэх эрмэлзэл нь хүмүүн ухаан бус, амьтны инстинкт болой. Үүнийг эс ойлгосон нь сөнөж мөхөх тавилантай.

Хар хүчээр барьсан далий мурий цайз - импери бүхэн мөхөж байсан байдаг.

Монголд ч хүйтэн дайн явагдаж байна. Хүйтэн дайны хүйтэн уур амьсгалыг Нью-Мексикод байсан сүүлийн бороотой хүйтэн өдрүүдэд мэдэрч байсан билээ.

Монголд дэлхийн ураны нэг хувь буюу 55 700 тонн уран буй. Гэтэл зөвхөн хайгуул хийхэд л асар өргөн хүрээтэй олборлол хийчихсэн юм шиг их сөрөг нөлөө үүсчихээд байгаа.

Цаашдаа ер нь яана даа гэж бодохоос санаанд багтамгүй.

Нөхөн сэргээлт гэдэг том шинжлэх ухаан, их бүтээн байгуулалт, олон тохиолдолд биелшгүй даалгавар, Mission Impossible болохыг харлаа.

Гэтэл манайд нөхөн сэргээлтийн стандарт маш муу.

Үндсэндээ, эвдсэн газрыг түрж тэгшил, мод ургамал суулга л гэж ойлгогдохоор цөөхөн хуудастай хуурамбаа юм байгаа.

Мод тарина гэдэг бол ургаж байсан газраас нь авчирч хатааж үхүүлэхийг хэлнэ гээд хуулиар тогтоочихсон юм шиг байдгийг ч хэлэх үү.

Нөхөн сэргээсэн газар нь ганц борооны дараа хагарч эвдэрдэг нь энгийн үзэгдэл.

Өнөөгийн Монголын долоон гайхамшгийн нэг гэгдэх нь халаг байдаг Бороогийн нөхөн сэргээлт гэхэд л газраа хэлбэршүүлсэн, өвс тарьсан л байгаа.

Бусад улсуудад хийгддэг зохих үйл ажиллагааны бол өчүүхэн хэсэг нь л аж.
1992-2013 онд Монголд 540 ААН-УУК 19 292 га газар олборлолт явуулж дууссаны 49,5% буюу 9 541 га-д нөхөн сэргээлт хийгдсэн гэнэм.

Үлдсэн газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг хэрэгжүүлэхэд нэн хүндрэлтэй. Нөхөн сэргээлтээс янз бүрийн байдлаар зайлсхийдэг.

Ашигт малмалыг сорчилж, өрөмчилж аваад болох болохгүй компани юм уу, ХАМО нарт өгөөд бултчихдаг, хэн яаж нөхөн сэргээлт хийх нь тодорхойгүй болчихдог. ХАМО нар нөхөн сэргээлт хийхгүй нь ойлгомжтой.

 

Хамтран ажиллая гэж уриалж байна!

Акома уугуулын тэмцэгч Петуучи Жилбертийн хамт

Сургалт семинарын явцад Пол гуай шүүлэг маягийн юм авдаг сан.

Тэгэхдээ гэнэт хэн нэгний нэрийг цохон, тэр асуудлаар гурван хамгийн гол санаагаа хэлнэ үү гэнэ. Бид Костко хэмээх дэлгүүрт ороход би гурван зүйл авсан юм. Орос нөхдөд хандан “Пол гуай энэ дэлгүүрт чухал санагдсан гурван зүйлээ хэлнэ үү гэхэд хариулт маань бэлэн, 1-рт энэ, 2-рт энэ, З-рт энэ гэнэ” гэж кассны хажууд тавьсан гурван зүйлээ заан баясгаж байж билээ.

Алсын гийчид буцахын өмнөх өдөр Пол гуай таалагдсан, шүүмжлэх, хамтран ажиллах талаар санал болгох зүйлүүдээ бичиж өгөхийг биднээс хүссэн. Наталья оюутны кафед намайг тэдгээрийг бичээд сууж бай гэж түр орхиод ажил хөөцөлдөн явсан сан. Бас л оюутан насны оломгүй намар санаанд орж сэтгэл дулаацуулан, томоогүй сэргэлэн залуусын бужигнаан үймүүлээнд бүүвэйлэгдэн, орос хэлээр тайлан бичин өгч билээ.

Тэдгээр санал дээр эндээ ирээд төрсөн санаануудыг нэмэрлэн, МБОИЗ, ФБ-ийн болон иргэний хөдөлгөөд, МНН-ын болон, үзэл бодол, үйлс зүтгэл нэгт бүх нөхөддөө эдгээр чиглэлээр юм хийе, хамтран ажиллая гэж уриалж байна:

  1. Нөхөн сэргээлтэд шаардагдах мөнгөн хэрэглүүрийг урьдчилан авч байж, уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөрлийг олгох хууль-эрхзүйн орчинтой болох. энэ асуудлыг лоббидон хүчтэй дэвшүүлэх,
  2.  Нөхөн сэргээлтийн тодорхой, хүлээн зөвшөөрөгдөх төлөвлөгөөгүйгээр уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлдэггүй болгох,
  3. Ард олон, орон нутгийн уугуул иргэд, БО-ны идэвхтэнүүдийн дунд нөхөн сэргээлтийн мэдлэг мэдээллийг гарын авлага, товхимлын тусламжтайгаар сайтар түгээн, тодорхой нэгдмэл ойлголт, шаардахуунтай болгон төлөвшүүлэх,
  4. Мөнхийн асуудал бэрхшээл үүсгэхгүйн тулд эхнээс нь хариуцлагатай уул уурхайг эрхлүүлэн хяналтыг сайн тавьдаг болох,
  5. Ус хөрсийг цэвэрлэх тэргүүний арга технологиудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх,
  6. Нөхөн сэргээгдээгүй газруудыг нөхөн сэргээлтийн урсгалд цаг алдалгүй, судлан, бүртгэн хамруулах,
  7. Байгалийн төдийгүй хүний эрүүл мэндийн, хүний нөхөн сэргээлтэд анхааран ажилладаг болох,
  8. Ураны уул уурхай (УУУ), цацраг идэвхит хаягдлын (ЦИХ) Монгол дахи сөрөг нөлөө, Монголд УУУ, АЦС, ЦИХ-ын үйл ажиллагаа нэвтрэн өргөжихийг бусад улсын үзэл санаа нэгтнүүдтэй хамтран эсэргүүцэх,
  9. Цацраг идэвхиэс үүдсэн хохирлыг барагдуулах хууль-эрхзүйн орчинтой болж, амьдралд хэрэгжүүлэх,
  10. Цацрагийн түгшүүр, хэтрэлийг онц байдлын байгууллага онцгой анхааран, хор хөнөөлийг нь арилгах талаар мэргэшил сайтайгаар ажиллах,
  11. Уугуул иргэд УУУ, АЦС, ЦИХ-ын үйл ажиллагааг орон нутагтаа хориглож болох хууль-эрхзүйн орчинтой үүсгэх, амьдралд хэрэгжүүлэх,
  12. Монголын ураны хайгуул, олборлол бүхий нутгуудын нөхцөл байдлыг олон улсын судалгааны орон зайд хамруулах, үүний тул шаардлага хангах баримт нотолгоо, дээж цуглуулах,
  13. УУУ-н бүх сөрөг хүчин зүйлүүд, хүний эрүүл мэнд, ураг удамд үзүүлэх нөлөөлөл зэрэг бага судлагдсан буюу огт судлагдаагүй сэдвүүдэд эрдмийн хүрээллийн анхаарлыг хандуулан, тодорхой үр дүнд хүргэх,
  14. Гадаад дотоод дахи цөмийн үйл ажиллагааны ОУ-ын чанартай харилцан нөлөөллийг гадаадын үзэл бодол нэгтнүүд, эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран судлах, сөрөх,
  15. Байгаль нуурын экосистемийг хамтран хамгаалах, холбогдсон хүчин зүйлүүд, нөхцөл байдлуудыг цогцоор нь уялдуулан авч үзэх,
  16. Байгаль орчны бүх талын хохирол, нөхөн төлбөр, хариуцлагын тухай, экологийн гамшгийн бүсүүдэд хохирлыг арилгах тухай хууль тогтоомжийг сайжруулах, шаардлагатай нөхцөлд тусгай хууль гаргах,
  17. Уул уурхайд ажиллагсдын шударга тэмцлийг дэмжих,
  18. Уул уурхай зэрэг үйл ажиллагаанаас үүдэлтэй экологийн алдагдлаас болж хохирсон хүн ардад туслах өргөн хэмжээний хөтөлбөрүүд буй болгох,
  19. Экологид эрсдэлтэй үйл ажиллагаанд хүн ардын шүтэж биширдэг газрууд, шүтэн бишрэх эрхийг өртөгдүүлэн хохироохгүй байх нөхцлийг хууль-эрхзүйн үндэстэйгээр бүрдүүлэх,
  20. Дээрхи зорилтуудыг биелүүлэхийн тулд иргэний оролцоо, уугуул иргэдийн дүрэм журам тогтоох, эвлэлдэн нэгдэх ресурсыг идэвхжүүлэн дайчилж, идэвхтэн иргэд, орон нутгийнхантай өргөн далайцтайгаар хамтран ажиллах чиглэлээр хичээн зүтгэцгээе ээ, сайхан сэтгэлт анд нөхөд, ахан дүүс ээ!

Нью-Мексико цэлмэг хөх тэнгэртэй, цэлгэр уужим талтай, хайрт Монгол орныг минь санагдуулсан зочломтгой сайхан нутаг, АНУ ч ёстой нөгөө манай жуулчны компаниудын амны уншлага болгон Хайнань арлыг нэрлээд байдаг “газрын диваажин” гэх үгийг товч тодорхойлолт болгон хэлмээр гайхам улс аа.

ЗХУ-д сурч байхад Свердловск хотын маань Наутилиус Помпилус гэдэг рок-хамтлагийн Гудбай, Америка хэмээх дуу хаа сайгүй л хангинадаг сан.

Перестройкийн үеийн баруунтан неформал хөдөлгөөнүүд их таалж байсан гэж байгаа. Би өөрөө ч юу гэх гээд байгааг нь сайн ойлгодоггүй байв л, гэхдээ л дурсгалтай.

Сүүлийн өдрүүдэд Алексей бид хоёр байсхийгээд л тэр дууг аялчихна.

“Гудбай Америка о/ Где я был никогда/ Прощай навсегда//

Гудбай Америка o/ Где я буду никогда/ Услышу ли песню/ Которую запомню навсегда” гээд л юун ч гунигтай үгтэй юм.

 

Пол гуайнд Үдэлтийн оройн зоог барихад олон олон тост хэлцгээв. Би дээрх дууны үгийг эшлэж, “Гудбай Америка! Бидний байгаагүй биш, байсан орон баяртай!

Гэхдээ Америк орон үүрд баяртай гэж хэлэхгүй. Америкийн дууг бид үүрд санан дурсаж явах болно, ахин ч сонсоно, дуулна. Америкаас бид нулимстай буцаж байгаа ч, Америкт бид ахин ирнэ. Гудбай Америка, Хэллоу Америка!” гэсэн билээ.

 

Ч.Мөнхбаяр

2015 оны 10, 11-р сар

Альбукерке-Улаанбаатар