МБОИЗ-2015 оны онцлох үйл явдал

МБОИЗ-ийн хамт олны 2015 оны амжилт бүтээлийн товчоо

1. Тооноос чанарт шилжсэн он байлаа.

МБОИЗ-ийн нийт гишүүн байгууллагуудын шинэчилсэн бүртгэлийг МБОИЗ-ийн сайн дурын ажилтнууд, гишүүн байгууллагууд, ажлын албаны ажилтнуудын төлөөллийн хамт хийлээ. Одоо МБОИЗ-д 198 байгууллага албан ёсны гишүүнчлэлтэй байна. Эдгээр байгууллагуудаас 100 гаруй байгууллага албан ёсоор Ёс зүйн кодод эвлэлдэн нэгдэж, 70 байгууллага 2015 оны гишүүнчлэлийн татвараа төлсөн байна.

2. МБОИЗ-ийн ажлын алба, Эрдэмтэн судлаачидын зөвлөлөөс санаачилан "Биологийн олон янз байдал төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах олон улсын стандарт, зарчим, туршлага сургамж" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ТНС, Азийн сан, ЕСБХБанк, Уул уурхайн ассоциацитай хамтран хөрөнгө босгож, амжилттай зохион байгуулав.

3. МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд АНУ-ын Азийн сангаас Монголын орны нутаг дэх хаягдсан болон бичил уул уурхайн ашиглалт бүхий газруудын уугуул иргэд, орон нутгийн шийдвэр гаргагчид, уул уурхайн хариуцагчид, ТББ-уудын дунд сургалт явуулж олон талт зөвлөл байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилгоор хэрэгжүүлсэн төсөлд МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч нийтдээ 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт авчээ.

4. МБОИЗ, АНУ-ын Баруун-Өмнөдийн судалгаа, мэдээллийн төв, ОХУ-ын Дорнод Сибирийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын Иргэний нийгмийн байгууллагууд,  Иргэний боловсролын төв ТББ-уудтай хамтран иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхилах, төлөвшүүлэх, экологийн тогтвортой боловсрол олгох, иргэдийн болон залуусын олон нийтийн байгууллагуудыг дэмжих зорилгоор хамтарсан төсөл хэрэгжүүлж, МБОИЗ-ийн төлөөлөл, Цөмийн ажлын хэсгийн дэд дарга Ч.Мөнхбаяр АНУ-д сургалтанд хамрагдлаа.

5. МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн үүрэг, манлайлал тодорхой болсоноор анх удаа МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүд өөрсдөө хөрөнгө босгох, байгууллагаа чадавхижуулах ажлуудыг зохион байгуулж шинэ жишиг тогтоов. Энэ ажилд  УЗ-ийн гишүүн Д.Сүхгэрэл, Д.Басандорж, Х.Алтанцацралт нар түүчээ болж манлайлан, хөрөнгө босгож, бодит ажил зохион байгуулав.

6. БОНХАЖЯ-тай хамтран МБОИЗ-ийн гишүүн байгууллага, хяналтын зөвлөлийн гишүүдийн хамтарсан баг ойн бүрхүүл бүхий 34 суманд хяналт мониторинг, 2 аймагт ангийн тооллого хийв.

7. МБОИЗ-ийн ажлын албаны урилгаар JCS олон улсын ТББ-ын сайн дурын ажилтан, хог хаягдлын мэргэжилтэн Бен Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн талаар МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудтай хамтран судалгаа хийж, Компостын талаар сургалт зохион байгуулав.

8. "Аргаль" ТББ-ын тэргүүн, доктор С.Амгаланбаатар Их нартын БЦГ-ийг менежментийн хувьчлалаар авч, SPAN төслийн хүрээнд хийсэн ажлын үр дүн туршлагаа хуваалцан үзүүлэх сургууль зохион байгуулав. Эдүгээ энэ байгууллагын туршлага нь Монголын төдийгүй дэлхийд үнэлэгдсэн тэргүүн туршлага болжээ.

9. МБОИЗ-ийн ажлын алба,  сайн дурын ажилтнууд хамтран МБОИЗ-ийн бичиг баримтуудыг архивлан, цэгцлэв.

10. МБОИЗ бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Дэлхийн хүний эрхийг хамгаалах өдрийг олон нийтэд нээлттэй зохион байгуулав.

11. МБОИЗ-ийн шинэ жилийн цэнгүүнээ хийж байгууллагын шилдгийн шилдэг байгууллагаар "Аргаль" ТББ, Хэнтий аймгийн "Загасчидын холбоо" ТББ, ""Монголын мэргэжлийн анчдын холбоо" ТББ шалгарч "Эко элч" цом гардлаа. МБОИЗ-ийн дээд шагнал болох "Ногоон од" одонгоор "Аавын баян хангай" ТББ-ын тэргүүн С.Доржсүрэн, УЗ-ийн гишүүн Х.Алтанцацралт нар болон Байгаль хамгаалагч, биологич асан Т.Лхагвасүмбэрэлийг нэхэн шагнав. "Ногоон од" медалиар Дархан салбар зөвлөлийн дарга М.Амарсанаа, доктор С.Амгаланбаатар нар шагнагджээ.

Мөн энэ үеэр БОНХАЖЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр "Хөвсгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, "Монголын мод хамгаалах төв"ТББ-ын тэргүүн Д.Сарантуяа нар, БОНХАЖЯ-ны хүндэт жуух бичгээр "Гол эх, булаг шанд хамгаалах төв" ТББ-ын гишүүн Г.Төмөрмөнх нар шагнагдлаа.

12. МБОИЗ-ийн УЗ гишүүн, Хөвсгөл далайн эзэд ТББ-ын гишүүн Б.Баярмаа Байгаль орчны талаархи 2012-2014 оны хууль журмуудад үнэлгээ хийж, байгальд хамгийн халтай, хамгийн ээлтэй төрийн түшээдийг олон нийтэд зарлав.

13. МБОИЗ-ийн тэргүүн, Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн, МБОИЗ-тэй хамтран 2015 онд байгаль хамгаалах үйлсэд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан  эрдэмтэн, аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэнийг алдаршуулан өргөмжилөв. Үүнд:

  1. Монголын “Улаан ном”-д орсон нэн ховор амьтан болох аргаль угалзыг хамгаалах, олон улсад сурталчилан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, “Хаан угалз” хүрэл баримлыг бүтээсэн, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, чөлөөт уран бүтээлч Д.Гэрэл "Байгаль, Ан амьтны сэдэвт урлагийн бүтээл"-ийн төрөлд
  2. Нэн ховор амьтан цоохор ирвэс судлаач, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг хохироосон хэргийн илрүүлэлтэд туслах бодитой санаачилга гаргасан “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг "Байгаль хамгаалагчдын эрхийн төлөө шилдэг санаачилга гарган төр засаг, олон нийтийн анхааралд энэ асуудлыг хандуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул “Эко энэрэнгүй шилдэг санаачилгач-2015”
  3. Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудыг хамгаалалтад авахад шинжлэх ухааны судалгаа хийж, үнэт хувь нэмэр оруулсан Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Оюунгэрэлийг “Эко шилдэг эрдэмтэн судлаач-2015”
  4. Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамын байгууламжууд дээр нэн ховор, ховордсон болон бусад шувууд олноор үхэж, хорогдож байгааг бууруулах шинэ технологийн аргачлал зохион бүтээж, амьдралд хэрэгжүүлсэн тул УИХ-ын гишүүн асан, инженер зохион бүтээгч Н.Тогтох, “Дундговь аймгийн цахилгаан түгээх сүлбээ” салбарын хамт олны хамт “Эко технологи-2015”
  5. 2015 онд Байгаль хамгаалал, экологийн сурталчилгааны чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж ногоон хөгжлийн үзэл баримтлалыг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул “ЭКО” телевизийн хамт олон "Эко уран бүтээлч хамт олон-2015” төрөлд  тус тус шалгарсан байна.