АЗИ-ЕВРОПЫН ТҮМНИЙ 11-Р ЧУУЛГАН БОЛНО

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган өнөөдрөөс буюу долдугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо болно.

Ази, Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, бүс нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх зорилго бүхий уг чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх юм.  

“Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Үүнд, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам, уур амьсгалын шударга ёс ба эрчим хүчний тогтолцоог өөрчлөх нь худалдаа ба хөрөнгө оруулалт, оролцооны ардчилал, жендрийн тэгш байдал, нөөцийн болон нийгмийн шударга ёс гэх мэтчилэн 8 том сэдвийн хүрээнд 50 гаруй улсын төлөөллүүд хэлэлцэж санал дэвшүүлэх юм. 

МБОИЗ-оос 21 аймгийн салбар зөвлөлийн дарга, төлөөллүүд оролцохоос гадна илтгэл хэлэлцүүлгийн бэлтгэл ажилд оролцон ажилласан ажлын хэсгийн ТББ-ууд оролцохоор болоод байна.