General Motors: Бүх үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ сэргээгдэх эрчим хүч ашиглана

 

“General Motors” компани 2050 он гэхэд бүх үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглан явуулна гэж мэдэгджээ.

Тус компани 59 улс дахь 350 орчим үйлдвэрийн үйл ажиллагааг салхи, нар болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр явуулахаар болсон байна. Энэ онд л гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 3.8 хувийг байгальд ээлтэй эх үүсвэрээс авахаар төлөвлөж байгааг “General Motors” компаниас мэдээлжээ.

“General Motors” компанийн Гүйцэтгэх захирал Мэри Баррагийн мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан явуулах нь тус компанийн байгальд учруулах хор хөнөөлийг бууруулж, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ гэжээ. Үүнээс гадна “General Motors” компани зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйл ажиллагаа явуулахаар санаа нэгдсэн “RE100” байгууллагад нэгдсэн байна.

Одоогоор энэхүү байгууллагын гишүүнчлэлд нийт 69 компани нэгдээд байгаа ажээ.