С.Дамдинсүрэн: Байгальд халтай, нийгэмд сөрөг үр дагавартай аяллуудыг хориглох хэрэгтэй

Сүүлийн үед дэлхийн улс орнууд эко аяллыг хөгжүүлэхэд анхаарах болжээ. Эко аялал гэдэг бол байгалийн сайхан, нутгийн хүн ардын ахуй соёлтой танилцах, түүнийг танин мэдэх зорилготойгоор аялах, ингэхдээ тухайн улс орны нийгэм эдийн засгийн байдал, байгаль хамгаалах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах аяллыг хэлдэг байна. Харин манай улсад байгальд халтай аялал жуулчлалын төрлүүд цөөнгүй орж ирэх болжээ. Тухайлбал, моторын хүчин чадал өндөр, туулах чадвар сайтай жийп машинуудаар онгон дагшин байгальд аялах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд олон болсон. Гэтэл ийм хүнд даацын машин, техникээр хийдэг аяллаас байгальд үлдэх ул мөр, сөрөг нөлөөлөл маш их байдаг. Энэ талаар БОАЖ-ын сайдын дэргэдэх зөвлөлийн гишүүн, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

-Аялал жуулчлалыг эдийн зас­гийнхаа нэг гол салбар болгоно гэж ярьсаар удаж байна. Гэхдээ жуулчин ирж л байвал сайн гээд хөл алдаад байх нь зөв үү. Аялал жуулчлалын зарим төрлийг дэлхийн улс орнууд хориглодог, татгалздаг тал ч бий?   
-Аялал жуулчлалыг утаагүй аж үйлдвэрлэлийн салбар гэж үзэж аль ч улс оронд маш их дэмжлэг. Манай улсад ч гэсэн хуучин тогтолцооны үед төрийн мэдлийн “Жуулчин” компани байсан. 1990 онд зах зээлд шилжсэнээс хойш аялал жуулчлалын олон компани байгуулагдсан. Нэг үеэ бодвол аялал жуулчлал сайн хөгжиж байгаа. Аялал жуулчлал бол газар нутгийг ухаж төнхдөг уул уурхай биш.  Шууд болон дам утгаараа ихээхэн хөрөнгө оруулалт, соёлыг улс оронд нь үлдээж байдаг. Үүгээрээ их чухал ач холбогдолтой. Тиймээс аялал жуулчлалыг монголчууд алга ташиж хүлээж авсан. 1990 оноос хойшхи 26 жилд ололттой тал их байлаа. Нүүдэлчдийн соёл уламжлал, зан заншил, шинэ тутам хөгжиж бай­гаа улс орныхоо хөгжлийг, онгон даг­шин байгальтай нь хамт дэлхийд сур­талчилж байна. Мөн улс орны эдийн засагт аялал жуулчлал хувь нэмрээ оруулж байгаа. Үүний хажуугаар саар тал ч бий. Аливаа юм хоёр талтай болохоор үүнийг тооцох ёстой. Одоо 26 жилийн өндөрлөгөөс харахад аялал жуулчлалыг зөв хөгжүүлэх чиглэлд шийдвэр гаргах төвшний удирдлагууд, эрх бүхий байгууллагууд анхаарах цаг болжээ гэж судлаач хүний хувьд үзэж байгаа. Яагаад гэвэл аялал жуулчлал сайн ул мөр үлдээхийн зэрэгцээ саар муу ул мөр ч үлдээдэг. Ялангуа хү­рээлэн байгаа орчинд, хүмүүсийн соёл, нийгмийн харилцаанд гэсэн хоёр чиглэлээр сөрөг үр дагавар ул мөр үлдээж байна.
-Яг энэ талаар таныг нэлээд судал­сан гэж сонссон. Тодорхой ба­римтууд байгаа байх даа?  
-Аялал жуулчлалыг ерөнхий болон тусгай сонирхлын аялал жуулчлал гэж хоёр багцалж авч үздэг. Ерөнхий аялал жуулчлал гэдэг нь жуулчдын баг бүрдүүлээд тодорхой маршрутын дагуу аялуулж, үйлчлээд явчихдаг. Тусгай сонирхлын аяллуудын хувьд бол өөр. Үүнд тусгай зориулалтын ан агнуур багтана. Ан амьтдыг барьж зугаагаа гаргаад эргүүлж байгальд нь тавьдаг аяллыг сонирхох хүмүүс байна. Мөн ямар нэг тогтсон чиглэл маршрутгүйгээр сонирхлоороо аялах зэрлэг аялал жуулчлалын төрлүүд ч мөн үүнд багтдаг. Ийм тусгай сонирхлын аяллууд ялангуяа сүүлийн тав, зургаан жилд ихээр орж ирж байна. “Чингис хаан” авто ралли гэдэг авто аяллыг Англи, Франц улсууд зохион байгуулдаг. Мөн Европын бусад улс орнуудаас ч санаачлан зохион бай­гуулдаг. Ийм гурван чиглэлээр зохион байгуулсан авто ралли аяллууд сүүлийн долоон жилд манай улсад ирж байгаа. Ийм аялалд оролцож байгаа авто машинууд нь дандаа хуучин. Тухайн улсынхаа машины хог дээр гарчихсан, хэрэглэхээ больсон машинууд байдаг. Оны хувьд 1990 оноос өмнөх, бүр 1985 онооос өмнөх машинуудыг тодорхой хэмжээгээр засварлаад раллидаа оролцуулдаг. Ийм ралли аяллын жолооч нарыг нь хэвлэл мэдээллээр зарлаж байгаад гудамжнаас олж аваад хоёр хоёроор нь сэлгээ жолооч болгоод явуулдаг юм билээ. Тэдгээр жолооч нарын хувьд ихэвчлэн бараг 80-аад хувь нь ижил хүйстнүүд байдаг. Тэдэнд аяллыг зохион байгуулагчид нь 10 мянган доллар өгдөг. Үүнийг бид судалж үзсэн. Ирээд машинаа Монголд хаячихаад буцахдаа 10 мянган доллараа аваад буцдаг. Энэ бол их адармаатай, төвөгтэй. Нэг талаар өөр ертөнц, өөр соёл орж ирж байна гэсэн үг. Ийм өөр чиг хандлагатай хүмүүс, ижил хүйстнүүд олноороо ирэх нь нийгэм, залуучуудын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ. Тэд энд ирж тодорхой хугацаанд байгаад харилцаа үүсгээд явдаг. 
-Ийм нэг удаагийн авто рал­ли­гаар хэчнээн машин орж ирдэг юм бэ? 
-Нэг цуваагаар 50-80 машин ирдэг. Тэр машинуудаасаа гайгүйг нь 2-5 саяар худалддаг. Бүр ашиглах аргагүй болж эвдэрснийг нь Толгойтод байдаг хоёр хашаанд орхичихдог. Тэндээс нь төмрийн хог болгоод ачдаг юм билээ. Хөгжингүй улс орнууд ийм сонирхлын аялал жуулчлалын хэлбэрээр нэг ёсондоо хогоо гаргаж байна. Нэг машиныг жолоодож ирэх хоёр хүнд нийт 20 мянган доллар өгөөд л цэвэрхэн, далд хэлбэрээр үүнийгээ хийчихэж байна. Нэр нь бол их гоё. “Чингис хаан” авто ралли гээд л. Олон улс орны нутгаар дамжиж Монголд ирдэг. Зам зуур тааралдсан хүмүүс алга ташаад л. Хөөрхий холын замд ядарч яваа биз гээд л хамаг байдгаа өгдөг. Монголчууд ч гэсэн нүүдэлчдийн заншлаараа хил дээрээ угтаад л, дэмжээд алга ташаад, морьтойгоо дагаж давхиад л, нийслэлд ирүүлдэг. Эцсийн эцэст тэд энд ирж хогоо хаячихаад яваад өгдөг. Энэ бол их хор хөнөөлтэй. Эко аялал жуулчлал огт биш. Тиймээс “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөн, Амьтдыг хамгаалах сан зэрэг байгууллага хамтран “Чингис хаан” раллийг эсэргүүцэж тэмцсэн. Үүнийхээ хүчинд зогсоосон. Гэтэл энэ төрлийн аялал дахиад сэргэчихсэн Монголд орж ирж байна. 
-Гуравхан жилийн өмнө хориг­лосон юм бол яагаад дахиад оруулж ирээд байгаа юм бол?
-Үүнийг оруулж ирдэг ЗЦГ, гааль, хилийн хяналтын алба зэргийн бүлэглэл байдаг юм билээ. Бид судалж үзсэн. Тэд авто раллийн бүх юмыг нь жин тан болгоод өгчихдөг. Зарим сайн машинуудыг нь Хилийн цэргийн удирдах газарт авсан ч гэдэг билүү. Мал эмнэлэгт өгсөн ч гэдэг. Английн Хүүхдийг ивээх санд мөн өгчихдөг  гэсэн. Цувааны машинууд дундаа цэргийн эмнэлгийн зориулалттай но­гоон машин оруулчихаж байгаа юм. Тэрийгээ хандиваар цуглуулж авчир­сан гээд энд авчраад хүүхдийн санд өгчихдөг. Энэ мэтээр Монголд үлдэцгүй, байгаль орчинд халтай ийм аялал жуулчлалыг  хориглох хяз­гаарлах хэрэгтэй. Тэр олон машины утаа, тоос, тос масло байгаль орчинд ямар хөнөөлтэй нь ойлгомжтой. Хөрсний эвдрэлд ч асар их нөлөөлнө. 
-Хөрсний эвдрэл гэснээс олон тооны жийп машинаар аялдаг, түүнийгээ их сурталчилдаг болжээ. Энэ бол байгальд халтай аялал биз? 
-Ийм жийп аяллыг сүүлийн үеийн дотоодод ч хийж байна. Гадаадын улс орнууд, хувь, хүн байгууллагууд хил дамнасан жийп аяллуудыг хийх болсон. Туулах чадвар сайтай олон машинаар хил дамнасан аяллууд зохион байгуулах сонирхол  нэмэгдэж байна. Тэр жийпнүүд нь дандаа арзгар дугуйтай учир газар нутгийг их талхалж байна. Тэд аль болох онгон дагшин байгальтай, бартаатай газраар аялдаг. Ингэхдээ машин техникийнхээ хүчин чадал, ид хавыг үзэж, таашаал авахаас биш байгальд ямар ул мөр, хор нөлөө үзүүлж байгаагаа боддоггүй. Жийп аялал бол байгальд арилашгүй ул мөр үлдээдэг. Нэг жийп авто машины урж явсан газрын хөрс 3-5 жилдээ эдгэхгүй байна. Газрын хөрсийг ураад ураад хаячихдаг. Энэ бол хүрээлэн байгаа орчин эмзэг, онгон дагшин байгальтай улс оронд бол хүсээд байх аялал биш. Гадаадын жийп аяллуудыг дууриагаад манай улсын дистрибьютр компаниуд “Ниссан”, “Тоёото” зэрэг машинаар жил болгон аялал хийдэг болсон. Сүүлийн таван жил баруун тийшээ эсвэл Алтан овооны чиглэлд гээд зарлаж байгаад жийптэй аялал хийж байгаа. “Ниссан” жийп гол усыг ингэж гаталж байна гээд харуулаад телевизээр бичлэг хийдэг. Голын эрэг, хөрс, ширгийг хүү хүү татаад л. Тэр олон машин голоор гатлахад ямар нэг хэмжээгээр бензин, тос нь үлдэж л байгаа. Голын амьтад, загас жараахайн амгалан тайван байдлаас эхлээд байгальд үзүүлэх нөлөөлөл бол олон. Ер нь дэмжих аялал биш. Өөрсдийнхөө хэдхэн хоногийн зугаа цэнгэлийг хангаж, сэтгэлийн хөөрлөө дардаг ийм аялал Монголд хэрэггүй. Тийм улсын хэрэгцээг хангагч нь бид биш. Байгаль орчин маань тэдний хохирогч нь биш. 
-Байгальд халтай ийм аяллын төрлүүдийг хориглох, дэмжихгүй, сурталчлахгүй байх талаар бодлого гаргаж болдоггүй юм уу?
-Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллагууд болон бодлого боловсруулдаг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар энэ талаар анхаарах хэрэгтэй байна. Аялал жуулчлалын холбоо гэж том төрийн бус байгууллага бий. Тал талаасаа нийлж ярилцаж аялал жуулчлалын салбарын хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хөрс, ус, агаар бохирдуулдаг авто  ралли, жийп аяллаас гадна морин аялалд хүртэл байгальд халтай, эко бус төрлүүд бий. Ийм төрлийн аялал ч Монголд орж ирсэн. 
-Гаднын улс орнуудад байгальд халтай аялал жуулчлал, авто ралли, жийп аялал зэргийг бодлогоор хориг­лож зохицуулдаг уу?
-Зохицуулалт бий. Тухайлбал татвар их өндөр. Африкт ийм зохи­цуулалт бий. Мөн АНУ-д ч байдаг. Ийм аялал жуулчлал өндөр татвартай. Авто машины дугуйн хэмжээ, хээ том, жижиг, арзгар эсэх мөн моторын багтаамж, чадлынх нь хэмжээгээр  татвар ногдуулдаг. Том жийп байгальд, хөрс ургамалд сөрөг нөлөөлөл мэдээж их. Гурав дөрвөн жижиг машины дайтай ул мөр үлдээдэг. Тиймээс том жийпээр аялах бол өндөр татвар авдаг жишиг байна. Манайд ч гэсэн тэгэх хэрэгтэй. Тусгай хамгаалалттай газар, байгалийн үзэсгэлэнтэй газруудад жийп аялал хийхэд татвар өндөр байхаас гадна нэг удаа гурван жийп л явж болно, түүнээс биш 20-30 жийп давхиад байж болохгүй гэдгийг дүрэм, журмаар тогтоогоод өгөх хэрэгтэй. 
-Морин аялал яагаад байгальд халтай гэж?
-Морин аяллыг жуулчид их со­нирхдог, мориор их аялдаг. Гэтэл үүний зэрэгцээ сөрөг үр дагавартай, хүнлэг бус ч гэж болохоор аяллууд байна. “Монгол  дерби” гээд олон өд­рийн өртөөт морин уралдаан болдог. Үүнийг болиулах талаар байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан бид хэвлэлийн хурал хийж эсэргүүцэж байж зогсоосон. Ийм дерби аяллынхан нэг удаа 1000 км аялдаг. 70-80 км яваад морио сэлгэж өртөөчлөн явдаг. Үүгээрээ монголчуудын хуучны өртөөг сэргээж харуулж байгаа юм, танай хаадын үед ийм морин өртөө байжээ, тэр уламжлалыг сэргээж байна гээд биднийг онгироогоод морин аялалд дуртай гадаадын баахан аялагчдыг аваад ирчихдэг. Тэднээс бөөн мөнгө аваад энд олон аймаг дамнасан гэрээ хэлцэл хийдэг. Ингээд нэг өртөөн дээр 10 морь бэлэн байж байдаг. Уралдаж давхиж ирээд л шууд хоолоо идээд зарим нь ч хоолоо идэхгүйгээр морио сэлгээд л дараагийн өртөө рүүгээ давхина. Давхиж ирсэн хөлстэй, амьсгаатай морьдоо шууд хаячихаад цааш явдаг. Ингэж арван өдрийн турш давхидаг уралдааны явцад морьд үхдэг, эцэж турдаг. Ер нь амьтан тамалж байгаа л нэг хэлбэр юм, амьт­ны эрх талаас  харвал. Тиймээс гурван жилийн өмнөөс бид эсэргүүцэж бай­гаад зогсоосон. Тэгсэн чинь энэ төр­­лийн аялал өнгөрсөн жилээс сэргэж эхэлсэн. Монголчууд морь малаа тамла­даггүй ард  түмэн. Мориор нэг өдөр ямар зай  туулахыг сайн мэддэг, түүнийгээ ажил амьдралдаа мөрддөг байсан. Өдөрчийн газар гэж ярьдаг ийм учиртай. Тэгж морь малаа гамнаж хайрладаг байсныг бодоход ийм дерби аялал монгол уламжлалд ч нийцэхгүй. Уяж сойж живхрүүлээгүй морь унаад давирч давхиж ирээд гишгүүлэх ч үгүй хаяна. Түүнээс болж морины хөлд цус хурдаг. Ийм хэт бүдүүлэг, харгис чиглэлийн аялал жуулчлал Монголд хөгжих ёсгүй. 
-Ан агнуур сонирхдог жуулчид Монголд цөөнгүй ирдэг. Тэдний сонирх­лын дагуу ан агнуулахад ямар хязгаарлалт хэрэгтэй вэ?
-Ийм тусгай сонирхлын аялал нэлээд байна. Шонхор барих, аргаль, угалз агнах зорилготой жуулчид ирж байгаа нь тусгай сонирхлын аялал. Шонхор нүүдлийн шувуу юм чинь тодорхой тоогоор бариад гаргахад болно. Үүнийхээ хариуд хөгжийн тө­сөл, хөтөлбөрүүддээ хандив тусламж авдаг гэдэг утгаар нь шүү дээ. Гэхдээ шонхорын Монголд үрждэг популяцид нь сөрөг нөлөөгүйгээр, хиймэл үүрүү­дийг нь хийгээд, цахилгааны утсанд цохиулахаас нь сэргийлэх гэх мэтээр тухайн амьтныг хамгаалах ажилд уг олсон орлогоос зарцуулбал болж бай­на. Тэгэхгүй бол бас л амьтан тамласан үйл ажиллагаа болчих гээд байгаа юм.  
Бас зэрлэг аялал жуулчлал гэж байна. Үүргэвч үүрээд л аль болох бага зардлаар аялж, айлуудаар хоноод ч юм уу, тийм аргацаасан байдлаар аялаад явчихдаг. Монголд ийм төрлийн аяллыг хориглочихоор Олон улсын аялал жуулчлалын холбоонд элссэн учир тус байгууллагын хартигаас зөрөх гээд байгаа юм. Мөнгөтэй жуулч­ныг хүлээж аваад мөнгөгүйг нь авч болохгүй гэлтэй биш. Гэтэл тийм жуулчид ч бас сөрөг талтай. Айлуудаар хэсээд л явдаг. Ямар ч хүн явдаг юм. Тагнуулууд жуулчны дүрээр явдаг тал бий. Гадаадын хүн гэхээр манайхан хөл алдаад түүх, соёлын дурсгал, булш бунхнаас эхлээд хамаг байдгаа зааж өгөөд, ариун дагшин газруудаараа явуулдаг. Тиймээс ийм хэрмэл жуулчдад хөдөөгийнхөн болгоомжтой хандах ёстой. Тухай бүрд нь бичиг, баримтыг нь шалгах, аюулгүй байдлыг хангах талаас нь ч бодох хэрэгтэй. Саяхан л гэхэд гадаадын жуулчин ганцаар аялж яваад амиа алдлаа. Тиймээс хэрмэл жуулчдыг ганцаараа явахгүй байх, араатан амьтнаас биеэ хамгаалах, гаднын халдлагад өртөхөөс сэргийлэх, осгож хөлдөх эрсдлийг тооцох талаар анхааруулж байх ёстой. Энэ талаар нэгийг бодох цаг болжээ. Эрсдэлтэй экстрим аялал хийж байгаа гаднын жуулчдад эрүүл мэнд, амь насных нь баталгаа байна уу, ядаж байрлал тогтоогчтой юу гэх мэтийг шалгадаг болох нь чухал. Товчхондоо бол аялал жуулчлалын салбарыг шүүл­түү­рээр оруулах хэрэгтэй болоод байна.
-Аялал жуулчлалын нэрээр таг­нуулын үйл ажиллагаа явуулсан то­хиолдол гарсан гэсэн. Ямар хүмүүс, хаана ийм үйл ажиллагаа явуулсан юм бэ?
-Уржнан жил ийм явдал гарсан. Манай Байгаль орчны иргэний зөв­лөлийн амьтны хорооны гишүүн Т.Гэрэл гэж анчин байдаг юм. Тэр хүн Бурхан Халдун явдаг замд Таван салааны гүүрийн хажууд амьдардаг. Баахан канадууд явж байхаар нь шалгаж хяналт тавьсан юм билээ. Тэднээс Бурхан Халдуны оройны их овооны байгууламжийн их нарийн зураглал олдсон. Тэр нь хаанаас нь яаж гарах, хэрхэн судлах вэ гэх мэт нарийн зураг байсан. Тэднийг манай нэг компанийн захирал дагуулж явсан юм билээ. Бурхан Халдунаас бууж ирэхэд нь барьсан гэсэн. Тагнуулынхан тэр гадаадын хүмүүсийг нь шалгаад хар тамга дараад гаргасан. Энэ бол зөвхөн мэдэгдсэн нь. Мэдэгдэхгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь хэд ч юм билээ. Таван салааны гүүрэн дээр ганц айл л байдаг. Бурхан  Халдунд гарах хүмүүс тэдэнд мянган төгрөг өгөөд л цааш дураараа орчихдог. Ийм газрууддаа уг нь давхар давхар хатуу хамгаалалт тавих хэрэгтэй. Б.Бат-Эрдэнэ сайд бол Хэрлэнгийн Хөдөө арлыг хамгаалж их тэмцсэн хүн. Одоо Батлан хамгаалахын сайд болоод байна. Тиймээс зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарыг хүрээлэн байгаа орчныг хамгаалах үйл ажиллагаанд оролцуулж, энэ талаар анхаарлаа хандуулаасай. Цэргүүдийг зүгээр л тэжээгээд байгаа. Зарим оронд бат­лан хамгаалах салбараа байгаль орч­ныг хамгаалахад ашигладаг ийм жи­шиг бий. Хорьдол сарьдгийн нуруу, Минж, Батширээт, Дорнодын Нөмрөг, Халх гол гээд л байгаль хамгаалагчид нь хүч  хүрдэггүй, бай­галийн онгон зэрлэг тогтоцтой газ­рууд­даа батлан хамгаалахын цэрэг, дайчдын хүчийг ашиглан хамгаалалт хийж болно. Ялан­гуяа Бурхан Халдунд цэрэг­жүүл­сэн хамгаалалт хэрэгтэй. Орхон голд ч гэсэн ялгаагүй. Сая БОАЖ-ын сайд Орхон голд  очоод алт­ны уурхайнуудын үйл ажиллагааг зог­соо­гоод ирсэн. Сайдыг дөнгөж нааш явахад л лацыг нь аваад Орхон голыг дахиад улаанаар эргүүлчихэж байна. Тэнд  цэрэгжүүлсэн  хамгаалалттай  бол ингэхгүй. Батлан хамгаалах салбарын удирдлагаар байгаль орчинд ээлтай сайд томилогдсон тул ийм санал, са­наа­­чилгыг ажил хэрэг болгох болов уу.