“Ганга Нуураа хамгаалъя” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв, “Ганга нуураа хамгаалах сан” ТББ, “Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төв” хамтран "Ганга нуураа хамгаалъя" уран бүтээлийн үзэсгэлэнг Цэнгэг усны  нөөц, Байгаль хамгаалах төв дээр өнөөдөр  зохион байгуулж байна.

Энэ жил Ганга нуурын ойр орчмын Холбоо, Цагаан улаан тойром, Эрдэнэ Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэсэн. Нуурыг тойрон нүүдэллэж амьдардаг, малаа нуураас ундаалдаг малчид, иргэдийн усны зүй зохисгүй ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэргээс Ганга нуур ширгэж байгаа тул нуураа сэргээх арга хэмжээ авах, Ганга нуур орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах шаардлагатай болоод байгаа.

Ганга нууранд Монгол улсын улаан номонд орсон Гангар хун, Цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд болон бусад нүүдлийн шувууд өндөглөн зусдаг ба жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа ирж чуулдаг байгалийн үзэсгэлэнт тогтоц  бүхий газар юм.

Мөн Ганга нуур нь олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай "Рамсарын Конвенц”-д орсон нуур юм. Одоогийн байдлаар Монгол Улсын 11 нуур "Рамсарын Конвенц”-д нэгдсэн байдаг.

Тус нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, ширгэх аюулд хүрч байгаа тул уур амьсгалын өөрчлөлт, нуурыг хамгаалах талаар иргэд олон нийтэд сурталчилан таниулах, цаашид байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцаж зохицож амьдрах болон хайрлан хамгаалах зөв дадал хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаа тул энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.