Тост, тосон бумбын нурууны хилийн заагийг тогтоох ажил удааширчээ

Б.ЦЭДЭВСҮРЭН

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоох ажлыг хойшлуулсаар байгаа аж. Энэ асуудлын талаар тус сумын иргэн Ж.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Б.Дэжид, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, “Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллагын тэргүүн С.Ганболд нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тост, Тосонбумбын нурууг 2015 оны арванхоёрдугаар сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргаж, тусгай зөвшөөрлийг нь цэгцлэх зорилгоор гурван жилийн хугацаатай байгалийн нөөц газарт авсан байна. Үүний дараа Улсын их хурлаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 35 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн нөөц газрын ангилалд бүртгэжээ. Ингэхдээ хилийн заагийг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн ч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй аж.

Гурвантэс сумынхан нийт 889 мянган га талбайг хамгаалалтад оруулж, хилийн заагийг тогтоох хүсэлтийг гаргасан байна. Гэвч тус газар нутагт Засгийн газрын зүгээс гаргасан хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл, 10 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд албан бус мэдээллээр 40 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа гэх.

Тиймээс Тост, Тосонбумбын нурууг хамгаалахаар тус сумын иргэн Ж.Батбаяр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ашигт малтмалын газар тус нурууны орчим байгаа хайгуулын 10 тусгай лицензийн зөвшөөрлийн заримыг нь дуусгавар болгох, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйл буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд талбай дээрээ хайгуулын ажил хийгээгүй учраас цуцлах үндэслэлтэй байгаа хүсэлт гаргасан юм. Тэгсэн ч Ашигт малтмалын газраас зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандаж, 2016 оны дөрөвдүгээр сард захиргааны хэрэг үүссэнээс найман сарын хугацаанд шүүх хурал таван удаа хойшилж, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар өдийг хүрсэн байна. Гэхдээ энэ хугацаанд Ашигт малтмалын газраас хугацаа нь дууссан дөрвөн лицензийг цуцалсан. Одоо зургаан компани үлдчихсэн байгаа бөгөөд тэдний төлөөллийг одоо болох шүүх хуралд оролцуулахаар болжээ. Гэвч бас нэгэн асуудал үүсээд буй. Энэ талаар Б.Дэжид ярихдаа “Одоо шүүх хурал дээр эрх ашиг нь хөндөгдөөд байгаа гуравдагч этгээдүүдийг заавал шүүх хуралд оруулна гэсэн байр суурьтай байгаа. Тэр компаниудад нэхэмжлэл хүргүүлсэн боловч хаяг дээрээ байдаггүй. Хамгийн сүүлд Иргэний бүртгэлээс шүүж үзвэл Хятад эзэнтэй компаниуд байна. Нэгнийх нь захирал 2014 оны арваннэгдүгээр сард Монголоос явсан. Нөгөө компанийнх нь захирал 2016 оны дөрөвдүгээр сард Монголоос явсан гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгсэн шүүхээс эдгээр гурван компанийг “түдгэлзүүлье” гэж ярьж байгаа. Хэрэв ийм шийдвэр гаргавал энэ асуудал хойшилж болох нөхцөл үүсч байна” гэв.

Одоогоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт долоон нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт сумын газар нутгийн 20 орчим хувь нь тусгай лицензтэй аж. Гурвантэс сум нь газар нутгаараа Сэлэнгэ аймгийн газар нутгийн 80 хувьтай тэнцэх хэмжээтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн дөрөв, таван сум нутаг дэвсгэргүй болсон гэсэн үг. Гэтэл улс нэг сум гэдэг өнцгөөс харсаар байдгийг ч тэд энэ үеэр онцлон хэлж байлаа.

Харин Г.Дашдэмбэрэл “Лиценз эзэмшдэг компаниудын дөрөв нь 3-4 жил огт үйл ажиллагаа явуулаагүй. Энэ нь сумын байгаль орчны байцаагч, сумын Засаг даргаас 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн албан бичгээр нотлогдож байгаа. Ийм үндэслэлтэй зүйл дээр шүүх хурал хийгдэхгүй удаа дараа хойшлуулж буй шалтгаан нь Захиргааны хэргийн шүүгчээс энэ тусгай зөвшөөрлийг эзэмшигч 10 компанийн эрх ашиг зөрчигдөх учраас гуравдагч этгээдийг шүүх хуралд оруулах зүйтэй гэсэн захирамж гаргасан. Шүүгч нар захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс хууль ёсны шаардлага боловч эдгээр нь үйл ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй, хаяг дээрээ байхгүй байна. Хамгийн сүүлийн шүүх хурал энэ сарын 8-нд боллоо. Энэ үеэр зарим компани нь Монголоос гарсан. Нэг нь удахгүй Монголд ирнэ гэж байна. Эдгээр компани 2011-2015 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулж байсан, хайгуулын ажлаа хийж байсан зардлын тайлангаа явуулж байсан гэдэг. Гэтэл бодит байдал дээр тийм биш байна” хэмээн ярив.

ЭХ СУРВАЛЖ:  ASSA.MN