ЖАР ДӨХӨЖ ЯВАА Ч ЗАЛУУЧУУДТАЙ УРАЛДАЖ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Олон улсын автомашингүй өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон- 2017” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус тэмцээний 10 км-ийн зайн марафон гүйлтэд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн УЗ-ийн гишүүн Д.Эрдэнэцогт амжилттай оролцож, хоёр дахь удаагаа медаль хүртсэн байна. Тэрээр 2014 оны Улаанбаатар марафоноос Мөнгөн медаль хүртэж байжээ. Монгол Улсыг төлөөлж НҮБ-д “Зэвсгийн шинжээч” -ээр ажиллаж байх үедээ доктор Д.Эрдэнэцогт Нобелийн Энхтайваны төлөөх шагналаар шагнуулж байсан нь манай улсын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байсан билээ.

Тэрээр “Улаанбаатар марафон- 2017” – д оролцсоныхоо дараа өөрийн цахим хуудсандаа “Жар дөхөж байгаа ч залуучуудын (18-аас дээш насны) ангилалд 10 км-т ана мана, ач тач үзэлцлээ..” хэмээн нийтэлжээ.

Гүйлтийн тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйсэн бөгөөд “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдаж, тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнасан аж. Тус арга хэмжээг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан байна.   

МБОИЗ- ийн ажлын алба